logo
Австралийн парламент дахь Австрали-Монголын парламентын найрамдлын бүлгийн гишүүдтэй уулзав

Австралийн парламент дахь Австрали-Монголын парламентын найрамдлын бүлгийн гишүүдтэй уулзав

2023/09/14

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын дэд дарга Шэрон Клэйдон, Австралийн Парламентын гишүүн, Австрали-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Таня Лоуренс болон бүлгийн бусад гишүүдтэй уулзаж, хоёр улсын харилцаа, түүний дотор Парламент хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцав.

Австралийн Парламентын дээд танхим буюу Сенат нь 76 суудалтай, тус улсын 6 муж тус бүрээс 12 сенатор 6 жилээр, Нийслэл болон Хойд Австралийн бүс нутгаас 2 сенатор 3 жилээр тус тус сонгогдон ажилладаг бол Парламентын доод танхим буюу Төлөөлөгчдийн танхим нь 151 суудалтай, 3 жилийн хугацаатай сонгогддог байна.

Австралийн Парламент дахь Австрали-Монголын парламентын найрамдлын бүлэг нь 2022 онд шинээр байгуулагдаж, парламентын 38 гишүүнийг, үүний дотор Сенатын Ерөнхийлөгч, Төлөөлөгчдийн танхимын дарга, дэд дарга, Австралийн Шадар сайд бөгөөд Батлан хамгаалахын сайд, Эрдэс баялгийн сайд, Хөдөлмөрийн асуудал хариуцсан сайд зэрэг Сенатын 13 гишүүн, Төлөөлөгчдийн танхимын 24 гишүүн, Засгийн газрын 4 сайдыг эгнээндээ багтаасан байна.

Тус бүлгийн дарга Таня Лоуренс энэ оны 7 дугаар сард Монгол Улсад айлчилж, Австралийн томоохон бизнес, аж ахуйн нэгжүүдийн 100 гаруй төлөөлөгчдийн хамт Монголын Эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон болно.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш