logo
 Лиценз шилжүүлэх асуудлыг хориглох асуудлыг Ерөнхийлөгчийн зүгээс татгалзах зүйл байхгүй гэлээ

Лиценз шилжүүлэх асуудлыг хориглох асуудлыг Ерөнхийлөгчийн зүгээс татгалзах зүйл байхгүй гэлээ

2012/01/13
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2012.01.12/ нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлогыг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Өмнөх хуралдаанаар хууль санаачлагч болоод байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуун, саналаа хэлж дуссан байсан тул санал хураалт явуулан хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар уг төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ. Түүний дараа "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн баталлаа.
Удаах асуудал нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг байв. Уг төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Х.Баделхан гишүүн танилцуулсан. Тус байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан сургалтын төрийн сангийн зардалд нэмэгдэж орж байгаа боловсролын байгууллагын тогтмол зардал, багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын зардал, тэтгэвэрт гарах тэтгэмжийн зардал зэрэг нь сангийн  агуулга, зориулалттай тохирохгүй байгаа тул Засгийн газар дахин хуулийн төсөл өргөн мэдүүлж зөрчилтэй хэсгийг арилгах нь зүйтэй гэсэн санал гаргасныг төсөл санаачлагч хүлээн авч холбогдох хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг авсан аж. Мөн дээрх хуулийн өөрчлөлтийг нэн даруй Улсын Их Хуралд оруулж ирэх талаар Төсвийн байнгын хорооны хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгах нь зүйтэй гэж үзсэн байна.
Энэ хуулийг түргэн хэлэлцэж гаргахгүй бол Сургалтын төрийн сан оюутнуудад тэтгэлэг олгох эрх нь хуулиар нээгдэхгүй байгаа гэж БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр хэлж байсан. Хууль батлагдсаны дараа Засгийн газрын хуралдаанаар тэтгэлэг олгох журмыг баталж, 94 их, дээд сургуулийн  150.000 оюутанд тэтгэлэг олгох асуудлыг шийдэх юм байна. Гишүүд байнгын хороогоор хэлэлцсэн дээрх саналыг хүлээн  авч хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 10-ны өдөр уг асуудлыг хэлэлцээд ашигт малтмалын хайгуулын лиценз шинээр олгохыг хориглох хугацааг Ашигт малтмалын шинэ хууль батлагдан гарах хүртэл хэмээн тусгасныг өөрчлөн 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хэмээн өөрчлөхийг Байнгын хорооны гишүүд дэмжсэн юм. Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг гишүүдэд танилцуулсан юм.
Гишүүд лиценз олгох хугацааг хойшлуулах асуудлаас илүүтэй лиценз гар дамжуулан худалдаалж байгаа үйлдлийг хэрхэн таслан зогсоох талаар хөндөж ярилцсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Ганбямба, лицензийг гар дамжуулан худалдаалахыг хориглох тухай асуудлыг Байнгын хороо ярилцаагүй юм уу. Энэ асуудлыг төсөлд тусгасан тохиолдолд Ерөнхийлөгчийн зүгээс хүлээж авахад бэлэн гэж хэлсэн. Хамгийн гол нь лиценз олгохыг хориглохоос бус, лицензээ худалдаалдагийг хориглох тухай ярилцмаар байна. Хятадууд хамаг лицензийг гар дээрээ бөөгнүүлчихээд сууж байна. Энэ асуудлыг оруулж ирж болоогүй юм уу хэмээн лавласан.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, ашигт малтмалын хуучин авчихсан лицензээ худалдаалах асуудал идэвхжиж байгаа тухай яригдсан. Энэ асуудалд анхаарах хэрэгтэй. Хайгуулын, лицензтэй компани компаниа худалдаалах явдал байгаа. Татвараа авч энэ асуудлыг шийдэх боломжтой тухай ч яригдсан. Гэхдээ лиценз худалдаалах асуудлыг хориглох асуудлаар гишүүд санал гаргаагүй гэж хариулсан.
УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, Хэрвээ ашигт малтмалын тухай хуулийн төслийг баталчихвал хайгуулын лиценз олгох хугацааг заавал ирэх оны сүүл хүртэл мөрдөхгүй биз дээ гэж асууж байслаа. Д.Ганхуяг гишүүний тайлбарласнаар, хугацааг заавал  ирэх оны 12 дугаар сарын 31 гэхгүй. Хуулийн төслийг оруулж ирээд хэлэлцээд баталчихвал заавал тэр хугацаа хүрэхгүй байх бололцоотой юм байна.
УИХ-ын гишүүн Р.Буд, Ашигт малмталын хайгуул, ашиглалтын лицензийг Хөрөнгийн биржээр дамжуулан худалдаалж болохгүй юу. Гар дээрээс дамжаад зарагдаад яваад байдаг. Энэ наймаанд олон сая сая доллараар яригдаж байна. Энэ зүйл заалтыг оруулж болохгүй юу. Тийм санал гаргавал дэмжих үү хэмээлээ.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Лицензийн худалдааг ил, тод байлгавал орлого нь ч ил байх ёстой. Ядаж 10 хувийг Хөрөнгийн биржээр арилжиж байя гэсэн санал Ашигт малтмалын тухай хуулийг анх хэлэлцэхэд яригдаж байсан. Шинэ Ашигт малтмалын хуулийн төслийг батлах болоогүй байна. Түүнээс өмнө энэ саналыг тусгасан хуулийн төслөө өргөн бариад хэлэлцүүлж болох байх. Бид дэмжинэ, хамтарч ажиллахад бэлэн байна. Энэ асуудал Байнгын хорооны хуралдаан дээр тухайлан яригдаагүй гэлээ.
Эдийн Засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт, Хайгуул хийх гэж биш зүгээр лиценз авчихаад худалдах гээд байдаг нэг хэсэг байна. Эсвэл анхан шатны хайгуул хийчихээд цаашдаа асар их хэмжээний хөрөнгө зарсан хайгуул хийх шаардлага үүсвэл том компанид лицензээ шилжүүлэх явдал ч байна. Нэг үеэ бодвол ашиглалтын лиценз эзэмшигчдийн дунд хийж тавьж буй хяналт гайгүй болж байгаа. Тухайн жилийн хайгуулынхаа тайланг 100 хувь өгдөг болж, нэлээдгүй хэсэгт нь газар дээр нь очиж хяналт тавьж байна гэсэн хариултыг нэмж өгсөн юм.
УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Лицензийг эхнээс нь зах замбараагүй олгосон болохоор цэгцлэх их хэцүү байгааг ойлгож байна. Гэхдээ хайгуулын лицензийг хориглоод байх нь хэр зөв байдаг юм бол. Газар доороо ямар баялагтайгаа мэдэж байх нь чухал. Лиценз наймаалахыг зогсоох гэж байгаа бол хориглочихсон заалт оруулчихвал энэ асуудал цэгцрэх биш үү. Ер нь энэ хуулийн төсөлд лиценз шилжүүлэхийг хориглох заалтыг нэмж оруулах боломжгүй юу гэлээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, Шинээр боловсруулж байгаа Ашигт малтмалын тухай хуулиар лиценз шилжинэ гэсэн ойлголт байхгүй болж байгаа. Энэ хуулийн төслийг ойрын үед өргөн барина. Лиценз шилжүүлэх асуудлыг хориглох асуудлыг одоо хэлэлцэж байгаа хуулийн төсөлд Байнгын хорооны гишүүд хажуугийн саналаар оруулж ирээд дэмжигдсэн тохиолдолд Ерөнхийлөгчийн зүгээс татгалзах зүйл байхгүй гэсэн хариултыг өгч байлаа.
Гишүүд ийн хэлэлцээд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлая гэсэн Д.Зоригт гишүүний саналыг дэмжин, хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувийн саналаар баталлаа.
Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 03 дугаар дүгнэлт байлаа.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Мөнхгэрэл танилцуулсан юм. Үндсэн хуулийн цэц дээрх асуудлыг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад "гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;" гэж заасан нь Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.",Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", мөн зүйлийн 2 дахь хэсгийн "Хүнийг... эрхэлсэн ажил,албан тушаал... -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно." гэснийг тус тус зөрчсөн байна хэмээн үзжээ.
Харин Хууль зүйн байнгын хороо уг дүгнэлтийг хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзсэн аж. Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Монгол Улсын Үндсэн хуульд УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаалж, УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэх, УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна гэж УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуульчлан батлаж, улмаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад нарийвчлан тусгасан. Хэрэв Монгол Улсын Их Хурлын тухай хуульд УИХ-ын гишүүний халдашгүй байдлын талаарх зохицуулалт байж болохгүй гэж үзвэл Монгол Улсын Үндсэн хуультай зөрчилдөх төдийгүй Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хэт туйлчилсан хэлбэрт хүргэх үр дагавар үүснэ. Иймд Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн саналыг гаргаж байж.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад "гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;" гэж заасан нь Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их  Хурлын чуулганаар  хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", мөн зүйлийн 2 дахь хэсгийн "Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал... -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно." гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 03 дугаар дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна.
 Төрийн байгуулалтын байнгын хороо ч мөн ийм дүгнэлтийг гаргасан аж.  
Тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлын талаар тодорхой нарийн тусгаж өгөх, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг ямар зарчмаар хэлэлцдэг байх, Улсын Их Хурал, Үндсэн хуулийн цэц хоорондын харьцааг тодорхой болгох, Үндсэн хуулийн цэц дүгнэлтээ ирүүлэхдээ онол, практик, хууль зүйн талын үндэслэлийг тодорхой тусгаж байх зэрэг саналуудыг хэлсэн байна.
Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд дээрх асуудлаар нэлээд нуахцтай ярилцсан бөгөөд хоёр байнгын хорооны дүгнэлтээр санал хураалгахад гишүүдийн олонхи Байнгын хороодын санал, дүгнэлтийг дэмжсэн бөгөөд уг дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн УИХ-ын тогтоолыг баталлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш