logo
Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад оролцлоо

Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад оролцлоо

2023/09/21

НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО) болон “Делойт” компани хамтран НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн Талуудын 28 дугаар Бага хурлыг АНУ-ын Нью Йорк хотноо 09 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

“Хүнсний талаар бодоцгооё, Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хурдасгаж, хүнсний хангамжийг шинэлэг аргаар нэмэгдүүлэхэд хамтран ажиллая” уриан доор зохион байгуулсан уг хуралд дэлхийн төр засгийн болон хувийн хэвшлийн өндөр дээд түвшний төлөөллүүд оролцсон бөгөөд Монгол Улсаас УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг оролцож Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж,  монгол малчдын  өвлийг өнтэй давдаг арга туршлагаас хуваалцлаа.

Уулзалтаар дэлхийн хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх арга замын талаар санал солилцов.

Түүнчлэн НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын Инновацийн лаборатори, “Делойт” компанийн Хүнсний ирээдүйн санал санаачлагад үндэслэн хүнсний тогтвортой системийг хөгжүүлэх бодит шийдлүүдийг хэлэлцлээ.

Энэхүү уулзалт нь Давос хотноо жил бүр болдог Дэлхийн эдийн засгийн форум болон 2024 оны 09 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассемблейн хурлын үеэр зохион байгуулах “Ирээдүйн дээд хэмжээний уулзалт” зэрэг томоохон арга хэмжээнүүдийн бэлтгэл ажил болж байгаагаараа онцлог ач холбогдолтой юм хэмээн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш