“Бүлэглэж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж виртуал хөрөнгийн үнэ цэнэд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон” гэх гэмт хэрэгт холбогдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татагдсан О.Мөнхжин, Б.Гантиг нарын өмгөөлөгчдөөс “...Уг хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан Ихбит ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга асан Б.Эрхэмбаяр нь 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зуурдаар нас барсан тул О.Мөнжин, Б.Гантиг нар талийгаачийн оршуулга, буяны ажилд зайлшгүй оролцох шаардлагатай байна. Иймд тэднийг уулзахыг хориглосон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү...” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагч О.Мөнхжин, Б.Гантиг нарын өмгөөлөгчдөөс гаргасан хүсэлтийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанд яллагдагч нарын өмгөөлөгчдөөс бичгээр ирүүлсэн хүсэлт, оролцогч нарын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд зэрэгтэй танилцахад хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон, прокурорын зүгээс өмгөөлөгчдийн гаргасан саналыг дэмжсэн зэргийг харгалзан тэдэнд урьд авсан О.Мөнхжин, Б.Гантиг нарыг уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, харин Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР