Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ээлжит бус XIV дүгээр хуралдаанаар Сэлбэ, Дунд голын хамгаалалтын бүсийн 534 га талбай бүхий газрыг “Байгалийн нөөц” газрын ангиллаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийг баталлаа.
Ингэсэнээр хамгаалалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
Тухайлбал:
-Иргэн, хуулийн этгээдэд шинээр газар эзэмших, ашиглах эрх олгох
-Барилга, байгууламж барих, төлөвлөх
- Гол, мөрний үндсэн гольдирлыг өөрчлөх
-Усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах, дур мэдэн цооног, худаг гаргах
-Стандартын шаардлагад нийцээгүй бүх төрлийн нүхэн жорлон, угаадасны нүх ашиглах
-Холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр гол, голын зурваст хөндлөн гарах инженерийн шугам сүлжээ болон дэд бүтэц, гүүрэн байгууламж хийх
-Ашиглагч байгууллагын зөвшөөрөлгүйгээр болон усны химийн шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторын шинжилгээний дүгнэлтгүй ус шавхалт хийхийг
хориглоно.
Харин дараах үйл ажиллагаа хийхийг зөвшөөрнө.
Үүнд:
-Гол, мөрний урсацыг нөхөн сэргээх, дэмжих, хамгаалах
- Голын тэжээмжийг нэмэгдүүлэх мод, модлог ургамал тариалах
-Голын урсцыг тохируулах усан сан, хөв, цөөрөм байгуулах
-Голын урсцыг нэмэгдүүлж, эргийн дагуу тохижилт хийх
-Голын хамгаалалтын бүс, далан, суваг, шуудууг тогтмол цэвэрлэж, засвар арчилгаа хийх
-Үерийн хамгаалалтын барилга байгууламж барих
-Ус хуримтлуулах усан сан, боомт байгуулах зэргийг заажээ.
Мөн Хамгаалалтын бүсэд газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгжийн газрын төлбөрийн хэмжээг одоо мөрдөгдөж буй Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хоёр дахин өсгөж тооцохоор заажээ.
“Сэлбэ дунд голын хамгаалалтын бүсийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг холбогдох мэргэжлийн 13 байгууллагаас ирүүлсэн 49 санал, зөвлөмж, судалгаан дээр тулгуурлан гаргасан байна.
Сэлбэ, Дунд гол нь Хэнтийн нуруунаас эх авч хойноос урагш чиглэлтэйгээр нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрээр буюу Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл ихтэй зуслан, гэр хороолол болон барилгажсан суурьшлын бүс дундуур урсаж, Туул голд цутгадаг.
Эх сурвалж: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба