logo
Үзэсгэлэнтэй тархитын “Эрхийн балай”-г эмчилье

Үзэсгэлэнтэй тархитын “Эрхийн балай”-г эмчилье

2012/01/13
УИХ-ын 2012 оны сонгууль хаяанд ирж, улс төрчид төрсөн бие, төрөл садан, хөрөнгө зоорио сойх ажлаа эрчимжүүлж байна. Одоогийн парламентын гишүүд ч дөрвөн жил хийсэн ажлаараа тайлан баланс гарган, ном, сонин, товхимол хэлбэрээр сонгосон тойргийнхондоо тараагаад дуусав. Мэдээж дахиад нэг удаа мандат авах сонирхолтой учраас сунгаж татсан сайхан тайлангаа ихэнх нь ном хэлбэрээр бэлдсэн байв. Тэдгээрээс мөнгө, хөрөнгөтэй нэгнийх нь нэжгээд төлөгний үнэтэй, чанартай харагдах бол хэр тааруу нэгнийх нь хоногийн хоолны мөнгө зарлагадсан шинжтэй болж. Номон доторх агуулга нь УИХ-аас баталагдсан хуулиуд бүрэн эхээрээ шахам орсон байх нь уйтгартай хийгээд хайран цаасны гарлага болсон мэт.  Бензин шатахууны үнэ нэмэгдсэн, дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хөөрч, авдаг таван төгрөг нь атга будаандаа зөвдөхгүй болсон өнөө үед өнөөх өртөг шингэсэн номон доторх нуршсан үг үсгийг тоож унших хүн ховор бололтой юм. Харин 2008 оны сунгаагаар “Ард түмний мөнгийг хэмнэе”, “Гэр бүлийн пирамидаа босгоё” гэх уриа дэвшүүлэн, хоёр дахь удаагаа сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “уншигч”-ийнхаа сэтгэлзүй, онцлогийг олж харсан гэж хэлж болохоор “Эрхийн балай”-г эмчилье ном гаргажээ. Томчуулаас авахуулаад жижиг хүүхэд ч сонирхохоор хөөрхөн зураг хуартай, товч тодорхой утга санаатай, өнгө зүстэй болсон нь нүдээ олсон сонголт гэлтэй. Тэгээд ч түүний дэвшүүлсэн санаа, сэдэл нь бусдаас өөр байж чаддагаараа анхаарал татдаг нэгэн. Энэ удаа тэрээр өөрийнхөө өөр сэдлээрээ хийсэн ажлынхаа тайлангаар улс төрч бүрийн заавал гаргадаг номуудын жагсаалтад шинэ өнгө, төрх, имиж бүрдүүлж, хүнд хэрэгтэй тайлан гаргажээ. Тиймээс ч Л.Гантөмөр гишүүнийг цус шингэнтэй, үзэсгэлэнтэй тархитай гээд “өхөөрдөх”-д гэмгүй санагдах болов.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш