logo
Их наадмын бэлтгэл

Их наадмын бэлтгэл

2019/05/27

Ердөө хагас сарын дараа гэхэд гахай жилийн төрийн наадамд барилдах бөхчүүд маань тус тусын бэлтгэлдээ гарцгаачихсан байна. Наадмын бэлтгэлийн мөрөөр мөшгивөл нэлээд сонин сайхан түүхүүд тодорно.

Бүтэн жилийн хөдөлмөр, цаашлаад энэ насных нь зорилгын үр шим ганц өдөр л гарах болохоор бэлдэж чармайхаас ч аргагүй. Бөхчүүд бэлтгэл хийх газраа ялаа шумуул багатай, алсхан зайтай горхитой, олны хөлөөс зайдуу, чимээ шуугиан багатай газрыг сонгосон байдаг. Энэ нь ч аргагүй биз. Өдөр бүр шоу цэнгээн болоод байдаг газар бэлтгэл биш болно. Сүүж уул, Бугын сангийн аж ахуй, Өндөр дов, Төр хурахын ам яг л ийм.  Бэлтгэлийн үеэр барих гам, дэглэмийг удирдаж байгаа багш нар голдуу удирдаж мөрдүүлнэ. Хоол унд ч чухал ач холбогдолтой.

Ер нь ч манай үндэсний бөхийн барилдаанд сургалт дасгалжуулалтын онолын үндэстэй зүйл ховор. Бусад их спортын бэлтгэлийн горим, өмнөх үеэс өвлөгдөж ирсэн уламжлал хоёроор гүйцэлдүүлдэг гэхэд болох байх. Тухайн жилийн цаг агаарын байдлаас болж бэлтгэлээ тааруулах чухал. Бороо ихтэй жил халтиргаа гулгаагаа бодож, нар ихтэй жил мөн л таарсан сайхан бэлтгэлийг хийнэ. Өнөө жил хүчитнүүд маань цэнгэлдэхийн шинэ зүлгэн дээр хүч үзэх бололтой. 

Хүн гэгч өөрийгөө танин мэдэж, нээх нь хамгийн чухал гэдэг. Амжилын үндэс ч энд нуугдаж байгаа байх. Түүн лүгээ бөх хүн наадмын бэлтгэлээ хийх өөр өөрийн арга барилтай байдаг. Зарим нь өдөр шөнөгүй уйгагүй их бэлтгэл хийж, сойлгоо тайруулдаг бол нөгөө хэсэг нь амарч, цөөн удаа огцом бэлтгэл хийж формдоо орох нь бий. Бүр Увсын Ө.Тулгаа заан, Л.Цэвээн начин нар наадмын бэлтгэл хийхгүй барилдвал илүү үр дүнтэй байдгаа ярьцгаасан нь бий. Гэхдээ ор хийхгүй гэж үгүй, тааруулж хийх тухай л ярьж байгаа хэрэг. Бэлтгэл их хийсэн бөх цуцаа бага, сэргэлт сайтай ч тэсрэлт мууддаг хэмээн тэд зөвлөнө. Их спортын өндөр ачаалалтай бэлтгэл авч байсан хүчитнүүд бол амарч байгаад улсын наадамд барилдчих нь бий.

Пунцагийн Сүхбат, Долгорсүрэнгийн Сумъяабазар нар чөлөөтийн үндсэн бэлтгэлээр төрийн наадамдаа барилдаж их шөвөгт шалгарч өөрсдийнх нь ид үеийг зарлуулсан заан цолондоо хүрцгээж байлаа. Улсын нэгэн дархан аварга "Бэлтгэл ханаж бяр тэгширсэн үед улсын наадмын шөвгийн бөхчүүд тодорхой байдаг юм. Баталгаатай 1-2 бөх, найдвартай 2, тодорхой 6 бөх л ялгарна даа. Наадам бол үндсэндээ эдний хооронд л болдог хэрэг" гэж дурссан нь учиртай үг болов уу. Хүчитнүүдийн наадмын бэлтгэл дээр алдаж онож явсан түүхийг дороос үзнэ үү. 

Данзандаржаагийн Сэрээтэр (1965 он)

Янз янзын араншин, хав сэрвүү барьцнаас барилддаг бөхчүүд нэг галд гарахад бэлтгэлийг нэн ашигтай болгодог. Адъяа заан өглөө эрт босож адуу малтай ноцолдох туйлаас дуртай. Эр хүн бахадмаар эрэмгий. Сосорбурам арслан ер сандарч тэвдэхгүй, дөлгөөн, хүний үгээр бөх. Эрдэнэ-Очир гуай яснаас бэлтгэл хийж эцэж цуцтал барилдах дургүй. Адъяа бид хоёр хоол цай голдуу бэлтгэнэ. Мөөеө аварга дөрвөөс тав хоног унтана. Хааяа өндийн сууж гуяа хэд алгадаад "Болоогүй байнаа" гээд эргээд хурхирна. Нэлээд уйдах төлөвтэй болоод ирэхэд аварга "За өнөөдрөөс бүгдээрээ бэлтгэлдээ гарна" гээд эхэлнэ дээ. Халуун, хүйтэн, бороо, шуургыг ер тооно гэж байхгүй.

Цаг агаарын ямар ч нөхцөлд таарахаар санасандаа хүрч биеэ бялдаржуулна. Жин үдийн халуунд бид хэдийг цувуулж хаях энүүхэнд. Наадам эхлэхээс яг гурав хоногийн өмнө газрын өөд уруу хар хурдаараа гүйж, үе мөчөө чангаруулна. Хорхог хуушууранд арван хурууны өндөгийг жигнэж халааж идэх маш дуртай. Хий хуйнд сайн, ядаргаа амархан арилгадаг юм гэнэ. Бэлтгэл нь ханаад ирэхийн цагт эрс өөр Мөнхбат болж хувирна. Бие нь зориуд тосолсон мэт хүрэнтээд мөн ч гоё харагдана даа. Тэр нэг удаа намайг удтал эргүүлж тойруулж харж шинжээд Дамдин аваргатай барилдах бол яагаа ч үгүй байна. Гэхдээ начин болчихоор байна шүү гэж билээ... Үнэхээр Д.Сэрээтэр тэр жилийн их баяр наадамд Б.Түвдэндорж аварга, Ж.Чойжилсүрэн арслан нарыг давж улсын начин цол хүртжээ.  

 Мядагийн Мөнгөн арслан (1984 он)

Төрийн наадмын өмнө Сонины амралтад гарчээ. Өглөө босоод уул хадаар гүйж өдөр наранд биеэ шараад усанд орно. Өнжөөд 15-20 барилдаан хийж бэлтгэлээ санасандаа хүртэл сайхан хийжээ. Түүнтэй улсын наадмын эхний өдөр тааралдсан аймгийн хурц арслан Н.Дашжамц “Чамд наадмын үзүүр түрүү байна шүү нүцгэн биеэ хүнд бүү харуул, дээлээ хурдан өмс, элдэв юм идэж гэдсээ өвтгөв. Хар мах гурилтай хоол л идээрэй” гэж хэлээд амжилт хүсэж гэнэ. Их баяр наадмын хоёр дахь өдөр М.Мөнгөн арслан Ч.Өвгөнхүү начин  Д.Баяраа заан  Х.Баянмөнх аварга Д.Хадбаатар аварга гээд луугар өрсөлдөгчдийг орхиж, Д.Цэрэнтогтох аваргатай үлдэж үзүүрлэжээ.

Наадамд үзүүрлэсний маргаашнаас л дараа жилийн наадамд дахин үзүүрлэх эсвэл түрүүлэх санаатай тусгай төлөвлөгөө гаргаад эрчимтэй бэлтгэж. Үзүүрлэсэн жилээ 85 удаа барилдаан хийсэн бол дараагийн жилд нь 120 удаагийн барилдаан хийв. 1985 оны наадмаар нэг давчихаад бөхийн хөлийн цэц Н.Дашжамц гуайн дэргэдүүр биеэ харуулах гэж албаар ойрхон гарсан ч тоосонгүй гэнэ. Тэр жил Б.Хадбаатар аваргад долоогийн даваанд тун амархан унажээ. Наадмаас хойш долоо хоногийн дараа авто тээвэрчдийн 60 жилийн ойн барилдаан дээр Н.Дашжамц М.Мөнгөн арсланд хандаж “За өнөөдөр чамд үзүүр түрүү байна шүү” гээд буцаад алхчихав.

Мань хүн ч дотроо дургүйхэн наадмаар тийм сайхан бэлтгэлтэй байхад юу ч хэлээгүй байж одоо бэлтгэл алдчихсан байхад гүйгээд байхдаа яадаг юм гэсэн шүү юм бодоод өнгөрч. Үнэхээр л өвгөний хэлснээр шөвгийн дөрөвт Х.Баянмөнх аваргыг шуудагдаж гуядаж хаяад Ишгэнд унаж үзүүрлэв. Хашир арслан Н.Дашжамц барилдааны дараа ирж үнсээд “Чи наадмаар хэт харлаад бэлтгэл чинь ихдээд цөмөрчихсөн байсан шүү. Харин чамайг тав давж чадахгүй бол уу гэж бодож байсан. Чи барилдааныхаа туршлага чадавхиар зургаа давчихсан шүү” гээд маг маг инээж байв. Наадмаар санааг чинь зовоочих байх гээд юм хэлээгүй юм. Саяны барилдаанд цөмрөө чинь гарсан харагдлаа хэмээсэн нь бий. Ингэхээр бэлтгэлийг их хийхдээ бус тааруулж хийхдээ чухал бололтой. Засгийн газрын мэдээ сонин

1983 оны улсын наадмаар өсөх идэр начин Ц.Улаанхүүд бас яг ийм зүйл тохиолдсон гэдэг. Улсын наадмын өмнө бүсийн тэмцээнд маш сайн хүч үзэж, өрсөлдөгчид гар хүрэнгүүт л үсрээд байх шиг санагдаж. Хотод ирээд тэмцээнд ортол бараг сүүлийн байранд шалгарчээ. Энэ байдлыг анзаарсан дархан аварга Д.Цэрэнтогтох түүнийг Баян-Уулын амралтад авч очиж, дэргэдээ байлгаж үндэсний бөхийн нэг ч бэлтгэл хийлгэлгүй цөмрөөг нь гартал амрааж барилдуулан улсын цолны өндөр босго алхуулжээ.

Дашдоржийн Цэрэнтогтох (1973 он)

Зарим нь бэлтгэлээ хэтрүүлж байхад, амраад сэргэчихдэг бөхчүүд бас байнаа. Д.Цэрэнтогтох аварга "Би начин болдог жилийнхээ хойтон бэлтгэлд гараад байтал, улсын арслан Ө.Эрдэнэ-Очир (тухайн үед заан цолтой байсан) гуай тээвэрт явж байгаад наадамд тулгуухан ирж, хоол зөөлгөж идээд хэвтээд байлаа. Би залуу юм болохоор арслангийн хоол ундыг зөөдөг байв. Гэтэл нэг өдөр арслан маань " Энэ жил ах нь хүүтэйгээ нэг барилдаж үзмээр санагдаад байна" гэх.  Би ч тоглож байгаа юм бодоод нэг их тоосонгүй. Тэгсэн тэр жилийн улсын наадмын тавын даваанд намайг амлаж аваад бярдсаар байгаад хаячихдаг. Бэлтгэл хийхгүй байсан нь учиртай юм билээ. Тэр үед Эрдэнэ-Очир гуай хот хоорондын тээврийн жолооч байсан болохоороо хэд хоног амарчихвал аяндаа л бяр хүч нь тэгшрээд явчихдаг байсан хэрэг. Ясны бяртай хүн л дээ. Тэр үед би өвгөн арсланг хаячих л юм бодож байлаа..." хэмээн Халхын хар аварга номондоо дурссан нь бий.

Дагвацэрэнгийн Хадбаатар (1974 он)

Миний хувьд онцгой жил байсан юм. Бяр орж байнаа. Бүх юм жижигхэн харагдаад л. Надаас өөр бяртай хүнгүй юм шиг бодогдоод л... Хандгайтын баазад наадмын бэлтгэл хийж байхдаа Мөнхбат багш бид хоёр бөөрөө нийлүүлэн унтдаг байв. Багш маань надад янз бүрийн мэх заана. Би сурсан юмгүй. Өглөө болгон цуг гүйж дасгал хийнэ. Хар модыг үндсээр нь булга татна. Ер миний бяр багтаж ядаад байгаа шинжтэй. Бодохноо нөгөө бяр гэдэг нь ороод байсан бололтой юм билээ. Би тэр үедээ мэдээгүй. 

Мөнхбат багш дандаа бөхийн оноолт хийж харагдана. Би тэр, энэнтэй таарна, би ингэж барилдана гэхчилэнгээр барилдааны тооцоо хийнэ. Нэг өдөр Мөөеө багш хуучнаараа тооцоо хийж үзээд ингэж хэлдэг юм байна. 

- Манай хүн (намайх хэлж байгаа хэрэг) гурвын даваанд уначихгүй бол үзүүр түрүүнд үлдэх нь байна гэлээ. Би Мөөеө багшийн энэ үгийг үнэндээ тоосонгүй... Д.Хадбаатар начин тус наадмын гурвын даваанд Жадамбын Одсүрэнг амлаж дүүгүүрдэх гээд тулгуур хөлөн дээрээ мордуулж унасан гэдэгээ. 

Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ (1996 он)

Тэр жилийн хавар Германы Мюнхэнд Японы шигшээ багийн тамирчинтай барилдаж байтал миний зүүн хөл дээр тохоод баруун хөлийг нугалчихсан. Шагай мултарсан. Шагай мултрахаар шилбэний савх яс хугардаг юм билээ. Хүнд гэмтэл. Гурван сар бэлтгэл хийгээгүй. Биеийн тамирын өндөр ачаалалтай байдаг хүн чинь гэнэт зогсоочихоор хэвтэрийн хатгаа гэдэг юм тусна. Сайн эмч домчоор ч нэлээд явсан. Хоёр давхар ийм айхтар юм туулаад гурван сар гэртээ хэвтээд тэр жилийн их баяр наадамд барилдана гэсэн итгэл сулхан байв. Ц.Дамдин багшаас эхлээд өнөө жил өнжихөөс өөр аргагүй дээ л гэж зөвлөж байсан. Долоон сарын эхээр гавьяат Г.Эрдэнэбат хоёулаа Өмнөдэлгэр давхиж нутаг усныхантай уулзаж, уул хангайдаа гарлаа.

Нутгийнхаа Балдан бэрээвин хийдээр эргэл мөргөл хийчихээд ная гарсан өндөр настай зоч Туваанжав гуай дээр орлоо. Г.Эрдэнэбат маань тэсгэлгүй "Аварга маань өнөө жил хүнд бэртэл авсан, буурай минь нэг үзээд өгөөч. Өнөө жил улсын наадамд барилдвал яах вэ" гэдэг юм. Зээрийн дөрвөн шагай орхиод миний хүү алзахгүй өнөө жил түрүүлнэ... Долдугаар сарын 9-нд Сүүж дээрээ нэг очлоо. Галынхан маань бэлтгэл хийж байна. Зодог шуудгаа өмсөөд захаас нь аваад барилдаад байсан. Гайгүй ч даваад л байна. Тэгсэн манайхан ч аварга дийлдэхийн арга алга гээд л сэтгэлийн дэм урам өгч эхэллээ. 11-ний өглөө Цэнгэлдэхэд хувцсаа аваад очсон. Барилдаад байсан 12-ны орой Д.Мөнх-Эрдэнэтэйгээ үлдсэн дээ... Дархан аварга Б.Бат-Эрдэнэ энэ жилийн төрийн их баяр наадамд түрүүлснээр Ж.Мөнхбат, Д.Дамдин аваргуудын амжилттай зэрэгцэн ирж цааш дахин завсаргүй гурван удаа түрүүлж гайхамшигт амжилт тогтоосон юм.

Долгорсүрэнгийн Сумъяабазар (1996 он)

Тэр жил Атлантагийн олимпод оролцохоор чөлөөтийн өндөр бэлтгэлтэй байсан. Манай үеийнхнэээс 1994 онд Цэрэнпунцаг, Гантогтох, 1995 онд Өсөхбаяр улсын заан болчихсон, Сүхбат бид хоёр начин цолтой, араас нь нэхэж байсан үе. Би тэр наадмыг л алдаж болохгүй гэсэн бодолтой байсан. Тийм болохоор ямар нэгэн байдлаар бэртвэл хариуцлагаа өөрөө хүлээнэ гэж гарын үсэг зураад барилдсан. Бөхчүүд шиг наадмын бэлтгэлд гарч, наранд биеэ ээж, зодгондоо дасч чадаагүй. Олимпийн бэлтгэлээс долдугаар сарын 10-нд гэртээ харьж, маргааш нь зодог шуудгаа толины өмнө нэг өмсч үзчихээд л гарсан (инээв)... Тэр жил Д.Сумъяабазар начин хүчтэй заан Ц.Цэрэнпунцагаар долоо давж улсын заан цолонд хүрчээ. Д.Нанжид "Миний бүх амжилт чөлөөт бөхтэй холбоотой" ярилцлагаас

Агваансамдангийн Сүхбат (2000 он)

Сайхан бэлтгэлтэй байгаа жил байгаль цаг агаар хүртэл өгөөжтэй байх шиг санагддаг гэлцдэг. Дархан аварга А.Сүхбат "2000 онд аварга багш маань УИХ-ын сонгуульд өрсөлдөөд гал ахалж гарах зав гараагүй. Би Баян-Уулын амралтад гал ахалж гарсан юм. Намайг гурван удаа бэлтгэл хийхэд гурван удаа бороо орж, солонго татсан. Би яагаад ч юм наадмын бэлтгэлд гарахдаа шинэ гэр барьсан. Тэр жил байгаль дэлхий, бурхан тэнгэр ивээсэн сайхан наадам болж, би төрийн наадамд анх удаа түрүүлсэн. Бүх л юм цаанаасаа бүтсэн, сайхан бэлгэдэл ихтэй байсан. Д.Сумъяабазар, Г.Өсөхбаяр, Б.Гантогтох гэсэн гурван гол өрсөлдөгчөө давж, үеийнхнээсээ түрүүлж улсын арслан цол хүртсэн сайхан цаг мөч байсан" хэмээн нэгэн гайхалтай наадмаа дурсаж байлаа. Д.Нанжид "Дархан аваргын төлөө зүтгэх л байсан" ярилцлагаас

Шагдарын Зоригт (2001 он)

Тухайн үед би Алдарын тамирчин байсан. Үндэсний бөхөөр тууштай ч бэлтгэл хийж байсангүй л дээ. Шахаад байдаг багш байхгүй болоод ч тэр үү, тогтмол бэлтгэлийг хийдэггүй зөнгөрдүүхэн л байж. 2001 оны жүдо бөхийн улсын аварга шалгаруулах барилдаан нэг сард болох хуваарьтай байсан. Би хорь гаруй хоног бэлтгэл хийгээл орчихдог байлаа. Гэтэл тэр жил хойшиллоо. Тэмцээн гурван сард явагдах болж, формоо алдахгүйн тулд гурван сар бэлтгэл хийхгүй юу. Тэгээд л сайжирчихсан хэрэг (инээв).Тэр жилийн улсын наадмын бэлтгэлийг Харзтайд Балжаа аваргын галд Алдарынхантайгаа хийсэн. Одоогийн аварга Г.Эрхэмбаяр, хойтон жил нь начин болсон С.Даваасамбуу, Увсын Ц.Цэдэндамбаа арслан, Ц.Гэрэлт-Од начин нартай цуг бэлтгэл хийсэн. Хавар нь бэлтгэл сайн хийснийх ч юм уу, нөгөө хэдийгээ гаргаахгүй маягтай болчихсон байсан шүү... Ш.Зоригт тухайн жилийн наадамд тунаж начин цолонд хүрсэн билээ.

Энхтөгсийн Оюунболд (2013 он)

Наадмын бэлтгэл дундуур Сүүж ууланд очвол олон аймгийн гал гаран бужигнаж байж билээ. Аваргын галынхан кросонд гүйж аймгийн харцага Э.Нямаа, начин Б.Тайван, аймгийн арслан Э.Оюунболд нар сүүл мушгиж ирлээ. Томоохон гал ахалж байсан улсын начин Бүдээбазарын Адъяахүү "Энэ жил Э.Оюунболддоо л ихээхэн найдвар тавьж байна даа. Жинг нь хасаад хоолыг нь жаахан сойгоод байгаа. Ч.Бямбадорж заанаас өглөө асуусан чинь заан болохдоо 96 кг байсан гэж дуугарч байна. Их жингээр юу хийх вэ. Хэд хоногоос энэ зүүн уулын өөд уруу алхуулж үеийг нь чангаруулахад тэгээд л болоод явчихна даа... " Үнэхээр л арав гаруй хоногийн ард Энхтөгсийн Оюунболд шууд улсын наадамд зургаа давж хамгийн залуу харцага цолтон болж билээ.  

Морь бөхөд могой сайн гэх бөгөөд Ч.Батзориг заан болдог жилээ, Э.Батбаатар улсын харцага болдог жилээ наадмын бэлтгэл дээр могойтой таарч ихэд билэгшээснээ дурсдаг. 

Ж.Мөнхбат аварга "Намайг яагаад Сонгины амралтад жил бүр наадмын бэлтгэлээ хийдэг вэ гэж хүмүүс асуудаг. Учир ийм юм л даа. Сонгины амралтын агаарын даралт, салхи, темпертур нь төв цэнгэлдэхийнхтэй хачин адилхан шүү дээ. Тийм учраас л би энд байнга гардаг юм..." хэмээн хэлж байлаа. 

Монгол бөхийн дундаршгүй баян сангаас зөвхөн наадмын бэлтгэлийн талаар сонссон дуулсан ярихад л ийм юм. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш