logo
Химийн гаралтай мансууруулах бодисуудыг хууль бусаар нэвтрүүлэх нь нэмэгджээ

Химийн гаралтай мансууруулах бодисуудыг хууль бусаар нэвтрүүлэх нь нэмэгджээ

2023/10/04

Долоо хоног бүр зохион байгуулдаг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн энэ мягмар гарагт боллоо. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, Цагдаагийн хурандаа Б.Оюутболд:

-Улсын хэмжээнд цахим залилан, хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, халаасны хулгай зонхилж байгаа. Монгол Улсын хэмжээнд сүүлийн зургаан жилийн хугацаанд мансуурсан гэх үндэслэлээр нийт 898 зөрчилд 1173 хүн холбогдсон. Улаанбаатар хотын хэмжээнд хяналтад байгаа 145 иргэн байна. Сүүлийн үед гадаад улсаас синтетик буюу химийн гаралтай мансууруулах бодисуудыг олон улсын шуудан илгээмж ашиглан хүүхдийн тоглоом, гэр ахуйн бараа, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг олон төрлийн эд зүйлсэд нуун далдалж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх нь нэмэгдсэн. Мөн гадаад улсуудад зорчсон иргэд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдох, бусдын дайвар ачаа авах зэрэг эрсдэлүүд үүсэж байна гэлээ.

Үүнтэй холбоотойгоор хяналтыг сайжруулж, урьдчилан сэргийлэх талаар  холбогдох төрийн захиргааны болон аж ахуй нэгж байгууллагыг нэгдсэн удирдлагаар хангаж, холбогдох арга хэмжээг авахыг үүрэг болголоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш