logo
БНХАУ-ын ӨМӨЗО-нд монгол залуусыг суралцуулах хэлэлцээрт гарын үсэг зурав

БНХАУ-ын ӨМӨЗО-нд монгол залуусыг суралцуулах хэлэлцээрт гарын үсэг зурав

2023/10/05

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөн 2023 оны 10 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.

Хэлэлцээний үеэр Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Оронтой хөгжүүлж буй хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, эрчим хүч, аялал жуулчлал, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарт цаашид өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар хоёр тал дэлгэрэнгүй ярилцав.

Айлчлалын үеэр хоёр талын хамтын ажиллагааны зарим баримт бичиг байгуулсны дотор “Монгол Улсын оюутнуудыг БНХАУ-ын ӨМӨЗО-д суралцуулах тухай Монгол Улсын БШУЯ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газар хоорондын хэлэлцээр”-т БШУЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Ш.Нарантуяа, ӨМӨЗО-ны Боловсролын танхимын дэд дарга Жан Жүньши нар гарын үсэг зурлаа.

Энэхүү хэлэлцээр 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хүчин төгөлдөр болж БНХАУ-ын ӨМӨЗО-ны их дээд сургуулиудад бакалаврт 200, магистр 40, докторт 20 монгол залуус суралцах боломж нээгдэж байгаа юм.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочен айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар болон Засгийн газрын зарим гишүүдтэй уулзана гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш