logo
Ашигт малтмал олборлосны улмаас байгаль орчинд учирсан хохирлыг арилгуулахаар мэдэгдэл хүргүүллээ

Ашигт малтмал олборлосны улмаас байгаль орчинд учирсан хохирлыг арилгуулахаар мэдэгдэл хүргүүллээ

2023/10/13

Прокурорын байгууллага 2023 оны 10 дугаар сарын 02-ноос 06-ны өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 9 байгууллага, албан тушаалтанд  мэдэгдэл хүргүүллээ.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас дүүргийн ерөнхий боловсролын дугаар сургуулийн сурагчид сургууль дотор хоорондоо маргалдан, харилцан биедээ халдаж эрүүл мэндийн хохирол учруулсан гэмт хэрэг гарсантай холбоотойгоор сурагчдад хууль тогтоомжийн талаар мэдээ, мэдээлэл өгч, эерэг нөлөөллийн ажил, арга хэмжээ зохион байгуулах талаар тус сургуулийн захиргаанд;

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангуулж, тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжүүдэд хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох нөхцөл бүрдүүлэхгүй байх, ашигт малтмал олборлосны улмаас байгаль орчинд учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, эвдэгдсэн талбайг нөхөн сэргээх зэрэг арга хэмжээ авхуулахаар тус аймгийн Шаамар, Ерөө сумдын Засаг дарга нарт;

Баянхонгор аймгийн прокурорын газраас Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг хамгийн их үйлдэгдсэн тус аймгийн Баянхонгор сумын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах талаар тус тус прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлжээ.

Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш