logo
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдод шагнал гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдод шагнал гардууллаа

2012/01/14
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан Үндсэн хуулийн 20 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, Үндсэн хууль эх барилцсан зарим хүмүүсийг төрийн дээд цол, одонгоор өнөөдөр шагнаж баяр хүргэлээ. УИХ-ын гишүүн Нямжавын Батбаяр, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны тэргүүн Баярхүүгийн Мижид, Го-Орд ХХК-ийн захирал Жамбын Гомбожав нарт Монгол улсын гавьяат эдийн засагч цол, Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга Нанзадын Ганбаярт Монгол Улсын гавьяат хуульч цол, Мэдээлэл холбоо сүлжээ ХК-ийн хэлтсийн дарга Доржийн Моондойд Монгол Улсын гавьяат холбоочин цол, Байгаль орчин менежментийн дээд сургуулийн захирал Цохиогийн Адъяасүрэнд Монгол Улсын байгаль орчны гавьяат ажилтан цол, УИХ-ын гишүүн Данзангийн Лүндээжанцан, АИХ-ын депутат асан Ажханы Болат, Ойдовын Долгорсүрэн нарт Сүхбаатарын одон, АИХ-ын депутат асан Батжаргалын Гүнджалам, Зундуйн Дашцэдэн, Жапарханы Сейтмурат, УИХ-ын даргын зөвлөх Жамбалсүрэнгийн Нарантуяа нарт Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, АИХ-ын депутат асан Гомбын Дэндэв, Цэрэндоржийн Дамцагдорж нарт Цэргийн гавьяаны улаан тугийн одон, АИХ-ын депутат асан Цэдэндоржийн Ганбаяр, Магсарбямбын Гантөмөр, Бадарчийн Дэмбэрэл, Дамдинсайханы Лхагвасүрэн, Цэгмидийн Ням, Нэмэхийн Пүрэвдорж, Самдангийн Рэнцэнбал, Халтарын Түмэндэмбэрэл, Лувсангийн Хээшиг, Ванчинцэрэнгийн Цамба, Доржсүрэнгийн Цогтбаяр, Цэрэндоогийн Энхбат нарт Алтан гадас одон хүртэв.









Е
рөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнал хүртэгсдэд хандан хэлэхдээ “Эрхэм хүндэт Ардын Их Хурлын депутатууд, энд хүрэлцэн ирсэн иргэдийнхээ энэ өдрийн амар амгаланг айлтгая. Өнөөдөр Монгол Улсад нэгэн түүхт ой тохиож байна. Энэ бол Монгол Улсын шинэ ардчилсан Үндсэн хуулийг баталсны 20 жилийн ой юм. Аливаа нийгмийн үнэтэй, хүндтэй бүхэн он улирах тусам өнгө орж, улам үнэт зүйл болж хувирдаг. Энэ утгаар ардчилсан Үндсэн хууль маань манай ард түмний хамгийн үнэт зүйлийн нэг болж хувирч байгаа. Ийм учраас жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр бүх шатны сургуульд эхний цагийг Үндсэн хуулиар хичээл заана гэсэн зарлиг би өчигдөр гаргалаа. Манай ард түмэн, төрийн зүгээс Үндсэн хууль бол аугаа үнэт зүйл юм, үүнийг бүтээгчид аугаа гавьяатай хүмүүс хэмээн хүлээн авч байгаа. АИХ-ын депутатууд, тэнд ажиллаж байсан удирдлагын хүмүүс үе үед өөрийн хөдөлмөр зүтгэлийг төрөөрөө үнэлүүлж ирсэн. Өнөөдөр та бүхэн төр, ард түмнийхээ итгэлийг хүлээж, хөдөлмөрөө үнэлүүллээ. Та бүхний хамгийн ойр дотны хүмүүс, хамт олон, дэмжиж ажилладаг бүх хүнд, мөн өнөөдөр төрийн хүндэтгэл хүлээсэн та бүхэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, өндөр амжилт хүсэн ерөөе” гэлээ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш