logo
Монгол Улс "Сургуулийн үдийн хоол эвсэл”-д нэгдлээ

Монгол Улс "Сургуулийн үдийн хоол эвсэл”-д нэгдлээ

2023/10/20

Монгол Улсаас БНФУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч У.Нямхүү Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Сургуулийн хоолны эвслийн анхдугаар чуулга уулзалтад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн оролцож байна.

Монгол Улс Сургуулийн хоолны эвсэлд энэ оны 10 дугаар сарын 5-ны өдөр нэгдэх амлалт бичгээ өгч, Монгол Улсын Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гарын үсэг зуран баталгаажуулсныг мэдэгдэж, манай улс энэхүү санаачилгыг дэмжиж нэгдсэн гишүүн улс орнуудтай нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улс 2006 оноос бага ангийн сурагчдад зориулж “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. 2020 оноос түүнийгээ өргөжүүлэн “Үдийн хоол” хөтөлбөр болгон хэрэгжүүлж байна. Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчдыг үе шаттайгаар үдийн хоолны үйлчилгээнд хамруулахаар төлөвлөсөн хэдий ч тогтвортой хүнсний хангамжийн тогтолцоо, хоол үйлдвэрлэлийн орчин нөхцөл, хүний нөөцийн асуудал, мөн дэлхийн нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын эдийн засгийн сөрөг үр дагавар зэргээс шалтгаалан дунд (6-9 анги) болон ахлах (10-12 анги) ангийн сурагчдыг “Үдийн хоол”-ны үйлчилгээнд хамруулах хугацаа тодорхой хугацаанд хойшлоод байгааг мөн мэдээллээ.

Хууль эрх зүйн хүрээнд тодорхой ахиц гаргаж, Ерөнхий боловсролын сургуулийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг 2019 онд баталсан. Энэхүү хууль батлагдсантай холбогдуулан 20 гаруй холбогдох баримт бичгийг гарган хэрэгжүүлж байна. Түүнчлэн, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод сурагчдын хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээрх зорилтууд тусгагдсан. Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхэд сургуулийн гал тогооны орчин нөхцлийг сайжруулах, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, тэдний цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, хүнсний хангамжийн оновчтой хувилбарыг бий болгох зэрэг шийдвэрлэх асуудал байгааг тэмдэглэлээ.

Сургуулийн хоолны эвсэл нь дэлхийн 87 гишүүн улс, Европын холбоо, Африкийн холбоог нэгтгэсэн байгууллага юм. Дэлхий дээр хүнсний аюулгүй байдлын өндөр эрсдэлтэй 349 сая хүн байгаагийн 153 сая нь хүүхэд, залуучууд байна. Сургуулийн хоол нь энэхүү байдлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Сурагчдын үдийн цайнд 1ам.доллар зарцуулахад эрүүл мэндийн салбарт 9 ам.долларын зардлыг хэмнэх тооцооллыг Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс гаргажээ.

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш