logo
Японы цагдаа нар дотоожтойгоо оргосон эрийг барилаа

Японы цагдаа нар дотоожтойгоо оргосон эрийг барилаа

2012/01/16
Өнгөрөгч лхагва гаригт Японы Хирошима хотын шоронд аллага үйлдэхээр завдсан хэргээр 23 жилийн ял эдэлж байсан хоригдол бараг нүцгэн шахуу оргожээ. Тэрээр оргох үедээ зөвхөн цагаан дотуур өмдтэйгөө  байсан байна.
Ли Гуолин шоронгийн хашаанд дасгал хийж байхдаа ялтны хувцсаа тайлж, шоронгийн дотор талын ханыг давж чаджээ. Тэрээр дараа нь таван метр өндөртэй гаднах хашлагыг давахын тулд барилгачдын ашиглаж байсан шатаар дамжсан байна. Гаднах хашлагыг засварлаж байсан учраас дохиоллыг нь унтраасан байсан гэж Киодо мэдээллийн агентлаг уламжилжээ. Түүнийг оргох үед агаарын хэм 4 градус байсан байна.
Харин цагдаа нар баасан гаригт Хятад ялтныг баривчилжээ. Цагдаа нар Ли Гуолиныг бага сургуулийн ойролцоо байхад нь олсон байна. Түүнийг барих ажилд 800 орчим цагдаа дайчлагдсан гэнэ.
Цагдаа нар түүнийг баривчлан хорьж байгааг NHK телевиз шуурхай мэдээлжээ. NHK -н мэдээлснээр Лиг баривчлах үед тэрээр хутгатай байсан байна.
Ли Гуолиныг лхагва гаригт оргосныхоо дараа хувцас хулгайлахын тулд айл руу хулгайгаар орсон гэж сэжиглэж байгаа юм. Түүнчлэн Японы телевизээр Ли айлд хулгайгаар нэвтрэх үедээ пиво хулгайлсан гэж мэдээлжээ.
Хирошима хотын цагдаа нар Хятад ялтныг баривчилсныг баталсан ч нэмэлт мэдээлэл өгөөгүй байна. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар Японд 1989 оноос хойш анх удаа шоронгоос хоригдол оргосон нь энэ юм байна.  
Засгийн газрын төлөөлөгч Осаму Фужимура хоригдол оргосон явдалд уучлалт гуйж, хоригдлуудыг оргохоос сэргийлэхийн тулд хатуу арга хэмжээ авахаа амлажээ.
40 настай Ли Гуолиныг бүлэг дээрэмчдийг удирддаг байсан гэж үздэг байна. Түүнийг 2005 онд цагдаа руу буудаж, цагдаагийн машиныг хулгайлсан хэрэгт буруутгажээ. Түүнийг 2008 онд Хирошимагийн шорон руу шилжүүлсэн аж.
Наран улсад шоронгууд өндөр хамгаалалттай байдаг бөгөөд хоригдол оргох нь тун ховор байдаг байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш