logo
"Career expo-2023" залуучуудын хөдөлмөрийн өдөрлөг зохион байгуулагдлаа

"Career expo-2023" залуучуудын хөдөлмөрийн өдөрлөг зохион байгуулагдлаа

2023/10/30
Эх орондоо болон гадаадад, сурч, амьдарч буй залуучуудын хөгжил, хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн харилцааны хүрээн дэх хууль тогтоомж, бодлого, үйл ажиллагааг сурталчлан таниулах, байнгын болон цагийн ажилд зуучлах зорилготой "Career expo-2023" Залуучуудын хөдөлмөрийн өдөрлөг-ийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл, HR клуб, Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл хамтран Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд зохион байгууллаа.
 
Хэлэлцүүлэг арга хэмжээ, ажлын байранд зуучлах үйл ажиллагаа нь байршил үл харгалзан, Expomongolia.org платформоор шууд явагдаж, иргэд цахимаар ажлын ярилцлагад орж, ажилд зуучлуулах боломж бүрдүүлснээрээ онцлог боллоо. Цахим палтформд гадаадаас болон орон нутгаас бүртгүүлж оролцсон хүний тоо 13:00 цагийн байдлаар 444 байсан нь өдөрлөг өргөн цар хүрээтэй болсныг харуулж байна.
 
Тус өдөрлөгт томоохон 50 аж ахуйн нэгж, 180 орчим салбар компани дахь 5300 ажлын байрыг танилцуулж хүний нөөцийн бүрдүүлэлт хийсэн. Танхимаар 800 гаруй залуучууд оролцож, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой зөвлөгөө мэдээлэл авч, лайв шууд дамжуулалт 10 мянга гаруй хүнд хүрчээ.
Өдөрлөгийн үеэр Ажил олоход хүндрэлтэй иргэнийг урт хугацаанд тогтвортой ажлын байраар хангасан ажил олгогчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой “ажил олгогчийг дэмжих туршилтын төсөл”, Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн шаардлага, хувь хүний хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд хэрэгжиж буй “эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-ийг албан ёсоор зарласан.
 
Мөн хөдөлмөр эрхлэлтийн цахим систем “И-ЖОБ” платформыг танилцуулж, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөлөөс залуучуудад Олон улсын их, дээд сургуульд хэрхэн суралцаж, тэтгэлэг авах, сурч мэдсэн зүйлээ эх орондоо үр бүтээлтэй хэрэгжүүлж, ажлын байраар хангагдах талаар зөвлөмж мэдээлэл өгч, “Ажил, амжилтын түүх”-ээсээ хуваалцан, мэргэжил сонголтын болон сэтгэлзүйн зөвлөгөө өгч, зохистой хөдөлмөрийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр мэдээлэл сурталчилгаа хийсэн юм.
 
Оролцогчдын дунд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, ажил мэргэжлийн ирээдүйн чиг хандлага”, “Залуучуудын эх орондоо хөдөлмөр эрхлэх боломжууд”, “Хайр-Цаг буюу ажил, амьдралын тэнцвэр, залуучуудын соёл, нийгмийн харилцааны асуудлууд" сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж, судалгаа авч, залуучууд дуу хоолойгоо хүргэлээ.
 
Эх сурвалж: ХНХЯ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш