Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс /ИБУИНХУ/-ын Бизнес, худалдааны яамны Аж үйлдвэр, эдийн засгийн аюулгүй байдлыг хариуцсан төрийн сайд бөгөөд ЗГХЭГ-ын Хөрөнгө оруулалтын аюулгүй байдлыг хариуцсан төрийн сайд Нусрат Гани тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлууд, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
Хотын дарга Х.Нямбаатар “500-600 мянган хүн оршин суухаар төлөвлөж байсан Улаанбаатар хотод өдгөө 1.7 сая орчим хүн амьдарч байна. Үүнээс үүдэн агаарын бохирдол, түгжрэл гэх мэт олон асуудал хотод тулгамдаж байгаа. Тиймээс энэ асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, Засгийн газарт танилцуулсан. Хууль батлагдсанаар гэр хорооллыг дахин төлөвлөх замаар агаарын бохирдол, түгжрэл гэх мэт тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх боломж бүрдэнэ. Энэ хүрээнд ч цаашид хэрэгжүүлэх ажлуудаа төлөвлөж байна” хэмээлээ.
ИБУИНХУ-ын Бизнес, худалдааны яамны Аж үйлдвэр, эдийн засгийн аюулгүй байдлыг хариуцсан төрийн сайд бөгөөд ЗГХЭГ-ын Хөрөнгө оруулалтын аюулгүй байдлыг хариуцсан төрийн сайд Нусрат Гани “Хотын даргаар томилогдсон явдалд тань баяр хүргэе. Их Британи нь нийтийн тээврийн чиглэлээр хуримтлуулсан туршлага сайтай, судалгаа, ТЭЗҮ олон бий. Иймд энэ салбарт болон агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг дахин төлөвлөх гэсэн чиглэлээр хамтран ажиллах, санхүүжилтийн нэмэлт эх үүсвэр санал болгох бүрэн боломжтой” гэв.
Цаашид хийж, хэрэгжүүлэх ажил, хамтын ажиллагааны боломжийн талаар ийнхүү санал солилцоход таатай байх болно гэдгээ талууд уулзалтын төгсгөлд уламжиллаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС