Хүнс, хөдөө аж ахуйн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Монголын махны холбоо, Аргалант сумын Засаг даргын Тамгын газрын дэмжлэгээр “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр амьд малын төвлөрсөн арилжааг зохион байгуулна.
Эмээлт төвөөс 10 км-т байрлах “Ложистикийн төв”-д зохион байгуулагдах тус арилжаанд таван хошуу мал арилжих боломжтой юм.
Дундын зуучлалгүйгээр малчин, үйлдвэрийг холбосон дээрх арилжаанд оролцсоноор үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд гарал үүсэл тодорхой, эрүүл ахуйн стандартыг хангасан малыг худалдан авах, цуглуулалтын болон тээврийн зардал хэмнэх давуу тал бий болно. Харин малчинд чанарт суурилсан зах зээлийн бодит үнээр малаа арилжих, төлбөр тооцоог эрсдэлгүй түргэн шуурхай гүйцэтгэн, нийлүүлэх, аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллах боломж нээгдэх юм.
Түүнчлэн оролцогч талуудад тогтвортой харилцаа бий болгож, урт хугацааны хамтран ажиллах боломж үүсгэдэг малчин, хоршоо, үйлдвэр хоорондын биржийн худалдах, худалдан авах форвард гэрээг байгуулах боломжтой юм.
Арилжаанд оролцох малчид орон нутгаас мал эмнэлгийн гарал үүслийн бичигтэй ирэх ба малд мал эмнэлгийн хяналт хийгдсэнээр арилжаанд оролцуулна.
Мөн Хөдөө аж ахуйн бирж малчид, хоршоодын арилжаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх үүднээс тээврийн зардлын тодорхой хөнгөлөлтийг олгох юм. Малчид багийнхаа Засаг даргын тодорхойлолтоор тус хөнгөлөлтийг авна.
Өнөөдрийн байдлаар гурван аймгийн долоон сумаас 700 гаруй тоо толгой малын бүртгэл хийгдэж, 10 гаруй үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллага арилжаанд оролцохоо мэдэгдээд байна.
Биржийн төвлөрсөн арилжаанд оролцох малчин, үйлдвэр, аж ахуйн нэгж, малын тоо хэмжээний бүртгэл явагдаж байна.
Энэ баасан гарагт зохион байгуулагдах амьд малын төвлөрсөн арилжааны үеэр малчдын хүсэлтээр малын тэжээлийн худалдаа зохион байгуулагдах гэж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.