logo
“Хууртахгүй бол АЛДАХГҮЙ” аян эхэллээ

“Хууртахгүй бол АЛДАХГҮЙ” аян эхэллээ

2023/11/14
Баянгол дүүргийн Прокурорын газар болон Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Хууртахгүй бол АЛДАХГҮЙ” нөлөөллийн аяныг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эхлүүллээ.

Аяны нээлтэд Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн байгууллагын удирдлага, төлөөллүүд, Баянгол дүүргийн Прокурор, Цагдаагийн газрын албан хаагч, зарим олны танил хүмүүс дэмжиж оролцов. Баянгол дүүргийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа аяныг нээж хэлсэн үгэндээ “Энэ оны эхний 10 сарын байдлаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт гарсан гэмт хэргийн 48.9 хувь нь залилан мэхлэх гэмт хэрэг байна. Иймээс иргэдийг залилуулж хохирсны дараа биш хохирохоос нь өмнө урьдчилан сэргийлэх зорилгоор “Хууртахгүй бол АЛДАХГҮЙ” аяныг зохион байгуулж байна.

Ард иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид та бүхэн энэ аяныг дэмжиж, олон нийтэд түгээж өгөөрэй гэж чин сэтгэлээсээ хүсье. Залилан мэхлэх гэмт хэрэгт та бидний таньдаг, ойр дотны хүн ер нь хэн ч байсан өртөхөөс урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухал шүү” хэмээн онцолсон юм. Мөн дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Мөнх-Од “ Сошиал орчинд түгээгдэж буй шүүлтүүргүй, нягтлаагүй мэдээлэлд зарим иргэд автаж, цаашлаад эд хөрөнгө, бие махбодь, сэтгэл санааны хохирол хүлээх эрсдлийг дагуулсаар байна. Иймд иргэдийн цахим орчноос мэдээлэл авч буй хялбар аргад тулгуурлан эрх бүхий байгууллагуудаас бүгдэд хүртээмжтэй хэлбэрээр таны мэддэг, миний таньдаг хэн бүхнийг гэмт хэргийн хохирогч, холбогдогч болж алдахаас нь өмнө тодорхой хугацаанд тогтмол арга хэмжээ авах нь нөлөөллийн хувьд үр дүнд хүргэнэ гэсэн зорилттойгоор аянаа эхлүүлж байна” гэлээ.

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд энэ он гарсаар нийт 8000 орчим гэмт хэрэгт Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 50 хувь нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байна. Тэр дундаа “залилах” гэмт хэрэг 70 орчим хувийг эзэлж байна. Хууль хяналтын байгууллага хэн нэгэн гэмт хэрэгт өртөж хохирогч болсон хойно эрх ашгийг нь хамгаалахаас илүүтэйгээр хохирогч болохоос нь өмнө хамгаалах нь нэн чухал гэж үзэж буй. Ийм ч учраас энэ аяныг эхлүүлж байна. Яг одоо таны таньдаг, миний мэддэг хүн залилагч этгээдийн зальжин санаанд хууртаж хохирогч болж байхыг үгүйсгэхгүй тул та амжиж аяныг цааш нь түгээгээрэй.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш