Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Хавдрын хяналтын олон улсын холбооны төлөөлөл Монгол Улсад ажиллах хугацаандаа бага, дундаас доош орлоготой улс орнуудад хорт хавдрын зайлшгүй шаардлагатай эм, оношилгооны хүртээмжийг сайжруулах, эдгээр эмийг үр дүнтэй ашиглах чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор 2022 онд байгуулсан АТОМ хөтөлбөрийн талаар танилцуулах хүсэлтээ илэрхийлсний дагуу хүлээж авч уулзлаа.
Уулзалтад ЭМЯ-ны холбогдох газар, хэлтсийнхнээс гадна АТОМ хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Данни Милнер болон зөвлөх Сумитра Кришнамурти, Хавдрын үндэсний зөвлөл, Хавдар судлалын үндэсний төвийн төлөөлөл оролцов.
Хавдрын хяналтын олон улсын холбоо нь 1933 онд байгуулагдсан 90 жилийн түүхтэй, 172 улс орны 1150 гаруй байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн, хорт хавдрын эсрэг үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хэмжээний томоохон байгууллага бөгөөд манай улсаас Хавдар судлалын үндэсний төв, Хавдрын үндэсний зөвлөл, Хавдар судлалын сувилахуйн нийгэмлэг гишүүнээр элссэн байдаг юм.
Данни Милнерийн танилцуулснаар Хавдрын хяналтын олон улсын холбооны санаачилга АТОМ хөтөлбөр нь ДЭМБ-аас гаргасан зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт болон бага болон дундаас доош орлоготой орнуудын нас баралт өндөртэй хавдрын өвчлөл тэр дундаа эхний ээлжинд хөхний хорт хавдрын эмчилгээнд нэн тэргүүнд анхаарч буй юм байна. Тэд хэд хэдэн тодорхой шалгуураар гишүүн орнуудаас 46 улсыг сонгон авсныхаа 10-т нь чадавх бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, оношилгооны чадавхи, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт болон тухайн улсад хэрэгжиж буй бусад хөтөлбөр зэргийг харгалзсан сонгосон эдгээр улсаас эхний ээлжинд Монгол, Эль Сальвадор, Замби гэсэн гурван оронд үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр болсныг Данни Милнер танилцуулсан.
Тэрбээр мөн дэлхий нийтэд хавдрын эсрэг 100 гаруй эм гарснаас Монголд 30 гаруйг л хэрэглэж байгаа учраас уг хөтөлбөр хэрэгжсэнээр хорт хавдрын эмийг боломжийн үнээр худалдан авах, хүртээмжийг нэмэгдүүлэх, оношлогооны технологи, эмнэл зүйн арга нэвтрүүлэх боломж нэмэгдэнэ гэдгийг хэлж байлаа.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Монгол Улсад хавдрын өвчлөл их, хавдрын улмаас нас баралтаар дэлхийд тэргүүлдэг харамсалтай статистик байгааг дурдаад хавдрын өвчлөлийг бууруулахын тулд эрт илрүүлгийг эрчимжүүлэх, цаашид иргэдээ жил бүр тогтмол хамруулдаг байхад анхаарч арга хэмжээ авч буй бөгөөд хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, эмнэл зүй, технологийг нэвтрүүлэх, эмийн хангамжийг нэмэгдүүлэх шаардлага байгааг хэлээд АТОМ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэгийг үзүүлж хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.