logo
Бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

2023/12/15

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2023 оны 12 дугаар сарын 13, 14-ний өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

Энэхүү шийдвэр нь инфляцыг зорилтот түвшин рүү хурдан бууруулж, тогтворжуулах, макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилттой нийцэж байгаа болно.

Жилийн инфляц 2023 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд 8.6 хувь, Улаанбаатар хотод 9.4 хувьтай гарав. Нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлт тогтворжиж, төгрөгийн гадаад валюттай
харьцах ханш жилийн өмнөх түвшнээс чангарч, гадаад үнэ болон тээврийн зардлын өсөлт саарч байгаагаас гадна сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ үр дүнгээ өгснөөр инфляц ийнхүү буурлаа.

Гэвч төсвийн зардлын өсөлт, тэр дундаа цалин, тэтгэврийн өсөлт ирэх онд үргэлжлэхээр байгаа нь эрэлтийн талын нөлөөг нэмэгдүүлж байна. Нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээнд хүрч, эдийн засгийн өсөлт энэ оны эхний 3 улиралд хүлээлтээс өндөр гарлаа. Уул уурхайн салбарын сэргэлтийг дагаад тээвэр, худалдаа, үйлчилгээний салбарын үйлдвэрлэл идэвхжсэнээс гадна бодит орлогын өсөлтийг даган өрхийн хэрэглээ үргэлжлэн сэргэж байна.

Цаашид уул уурхайн үйлдвэрлэл сайжирч, төсвийн зардал тэлэхээр байгаа нь эдийн засгийн өсөлтийн төлөвт эерэгээр нөлөөлнө. Ойрхи-Дорнодод үүссэн хурцадмал байдал нь глобал эдийн засгийн эрсдэл, тодорхой бус байдлыг нэмэгдүүллээ. Дэлхийн болон БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарах, тэр дундаа БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарт үүсээд буй хүндрэл үргэлжлэн эрдэс түүхий эдийн үнэ цаашид буурах, гадаад эрэлт энэ оноос саарах эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчин болон инфляцын төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч бодлогын дараагийн алхмыг авч хэрэгжүүлнэ.

Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО

Сэтгэгдэлүүд

Дээш