Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ орон нутгийн мах бэлтгэн нийлүүлэлтийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. "Өв эко мийт", "Дээжийн өргөө" компаниуд халал аргаар орон нутгаас мах бэлтгэн Иран улс руу экспортолж байна. 120 гаруй хүнийг ажлын байраар хангаж байгаа "Өв эко мийт" үйлдвэр нь бог, бод малын тусгай шугамаар махаа бэлтгэдэг.
Цаашид богийн арьс хуулагч тоног төхөөрөмж үйлдвэртээ суурилуулж, арьсны эсгэлтийг багасгахаар зорьж ажиллаж байгаа аж. Салбарын сайд арьс шир, ноос, махны кластер үйлдвэрүүдийг бодлогын дэмжлэг, хөдөө аж ахуйн хөнгөлөлттэй зээлээр дэмжихээ илэрхийллээ.
Мөн “Дээжийн өргөө” ХХК нь жилд 35 мянган бог малын мах, дайвар бүтээгдэхүүн бэлтгэх хүчин чадалтай малын толгой, шийр зумлагч төхөөрөмж суурилуулж хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа төдийгүй малын өөх тосыг боловсруулан техникийн тосоор экспортолж байна.
Харин тус аймгийн “Дэлхийн хүнс” ХХК өдөрт 10 тонн мах бэлтгэж байгаа бөгөөд Киргиз улс руу мөн экспорт хийхээр ажиллаж байна. Өвөрхангай аймгийн мах бэлтгэх үйлдвэрүүд болон арьс ширний үйлдвэр нь кластераар ажиллах боломжтой юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.