logo
Бага ангийн сурах бичгийг дижитал хэлбэрт хөрвүүлэх ажил 77 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Бага ангийн сурах бичгийг дижитал хэлбэрт хөрвүүлэх ажил 77 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

2023/12/22

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Польшийн Learnetic компанийн ерөнхийлөгч Артур Дирог хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар бага ангийн сурах бичгийг дижитал хувилбартай болгох ажлын явцын талаар мэдээлэл солилцов.

Польшийн Learnetic компанийн техникийн дэмжлэгтэйгээр Боловсролын Судалгааны Үндэсний Хүрээлэнгээс бага ангийн сурах бичгийг дижитал хэлбэрт хөрвүүлэх ажил хийгдэж байгаа юм. Энэ хамтын ажиллагааны хүрээнд 9 төрлийн 33 сурах бичгийг цахим, интерактив хувилбартай болгоно.

Ингэснээр сурагчид цаасан болон цахим сурах бичигтэй болох юм. Бага насны хүүхдүүд хүнд ном цүнхэлж явах шаардлагагүй болох бөгөөд сурах бичгийн дасгал, даалгаврууд илүү сонирхолтой, ойлгомжтой хэлбэрт шилжинэ.

Дижитал сурах бичгийг 2 дугаар сард хүлээн авч түшиц сургуулиудад туршилтаар хэрэглэж эхэлнэ. Улмаар туршилтад хийсэн судалгааны үр дүнгээр нэмэлт тохируулга хийснээр хэрэглээнд бүрэн нэвтрүүлэх юм.

Дижитал сурах бичгийг дата шаардахгүй ашиглах боломжтой. Мөн дасгал, даалгавруудын гүйцэтгэлийг хянах боломжтой бөгөөд ингэснээр багш арга зүйгээ өөрчлөх, тохируулахад шаардлагатай явцын үнэлгээний мэдээллийн сан бүрдэх юм.

Эх сурвалж: БШУЯ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш