logo
Дэлхийд тархсан монгол өв номын нээлт боллоо

Дэлхийд тархсан монгол өв номын нээлт боллоо

2024/01/02

Монгол Улсын Соёлын яамнаас дэмжиж Чингис хаан Үндэсний музей, Олон улсын Монгол судлалын холбоо санаачлан хэрэгжүүлж буй “Дэлхийд тархсан Монгол өв” 20 боть төслийн эхний 11 ботийг цогцоор нь хэвлэж, олон түмний хүртээл болгоход бэлэн боллоо.

“Дэлхийд тархсан монгол өв” 11 боть бүтээл нь өнөөгийн ОХУ, БНХАУ, Украйн, Унгар, Болгар, Беларусь, Сири, Афганистан, Пакистан, Иран Ирак, Израйль, Палестин, Солонгос, Хятад, Энэтхэг, Турк, Киргизстан, Казакстан зэрэг дэлхийн 30 орчим улсын газар нутагт үлдэж хоцорсон монгол түмний оюуны охь, түүх, соёлын үнэт олдворуудыг нэгтгэн эмхэтгэн, шинжлэн судалж, судалгааны эргэлтэд оруулан олны хүртээл болж буйгаараа онцлог юм. Энэхүү бүтээл нь ОХУ-ын Эрмитаж Улсын музейн сан хөмрөг, Унгар улсын номын сан, музей, Япон улсын музей номын сан, архив, Тайванийн хааны ордон музейн архив, Норвегийн Осло Их сургуулийн Соёлын түүхийн музей, Эрхүүгийн орон нутаг судлах музей, Данийн Копенхагений хааны ордон музей зэрэг газруудад хадгалагдаж буй Монголтой холбоотой эд өлгийн зүйлсийг судалгааны эргэлтэд оруулж анх удаа Монгол улсад нийтэлж байгаа болно.

Номын нээлтэд УИХ-ын БСШУС-ын байнгын хорооны дарга Б.Баярсайхан, Соёлын сайд Ч.Номин, Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун болон эрдэмтэн судлаачид оролцлоо.

“Дэлхийд тархсан монгол өв” номын нээлтийн үеэр Соёлын сайд Ч.Номин: 

“Соёлын яам хилийн чанад дахь соёлын өвийг хамгаалах зорилттой уялдуулан Соёлын яам Олон Улсын Монгол Судлалын Холбооноос санаачлан хэрэгжүүлж байгаа “Дэлхийд тархсан Монгол өв” төслийн зорилго хилийн чанад дахь соёлын өвийг сурталчлан таниулахад чухал ач холбогдолтойг харгалзаж, төслийн хүрээнд өмнө нь цөөн тоогоор хэвлэгдсэн цуврал бүтээлийг олон нийтэд хүртээмжтэй хүргэх зорилгоор анх удаа 11 ботиор багцлан дахин хэвлүүлж байна. Төслийн хүрээнд хилийн чанад дахь соёлын өвийг сурвалжлан олох, тодорхойлох, судлах, ном бүтээл болгон хэвлүүлэхээр хэлэлцээ хийх чиглэлээр олон жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулсан “Чингис хаан” Үндэсний музейн захирал, академич С.Чулуун болон энэ ажилд хүчин зүтгэсэн дотоод гадаадын эрдэмтэн судлаачдад талархал илэрхийлье. Энэхүү бүтээлээр дамжуулан Монголын ард түмний түүх, соёлын талаарх арвин мэдлэг дэлхий дахинаа түгэн дэлгэрч, та бидэнд эх түүх, өв уламжлал, ёс заншлаараа бахархах нэгэн эх сурвалж, гадаадын иргэдэд монголчуудыг хүндэтгэн үзэх нэгэн шалтгаан болно гэдэгт итгэж байна. Номын цагаан буян өнө мөнх дэлгэрэх болтугай” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Дэлхий дахин ба монгол өв" арга хэмжээний хүрээнд дэлхий дахинд хадгалагдаж буй Монголтой холбоотой соёлын өвийг бүртгэх, хамтран судлах, ном бүтээл болгох, хуулбарлах зэрэг цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш