Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа. Тус хуулиар органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих, урамшуулах асуудлыг өргөн хүрээнд зохицуулахаар тусгасан.
Тухайлбал:
• Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжийн орлогод ногдох албан татварыг орлого олж эхэлсэн эхний таван жилд 100 хувиар, дараагийн таван жилд 50 хувиар хөнгөлөх,
• Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд органик бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжид хэрэглэх,
• Уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ Монгол Улсад үйлдвэрлэсэн органик бордоо хэрэглэх,
• Шилжилтийн үеийн баталгаажуулалтын зардал, дотоодод үйлдвэрлэсэн, баталгаажсан, мэдээллийн санд бүртгэлтэй органик бордоог тариалангийн талбай, хүлэмждээ ашигласан тохиолдолд органик үйлдвэрлэл эрхлэгчийн бордоо худалдан авсан эхний гурван жилийн зардлыг төрөөс санхүүжүүлэх,
• Сургуулийн өмнөх болон бүх шатны боловсролын байгууллагын дэргэд органик туслах аж ахуйг хөгжүүлэхэд төрөөс дэмжих,
• Органик бүтээгдэхүүнийг экспортолвол хөрөнгө оруулалтад зориулан арилжааны банкнаас авсан зээлийн 50-аас доошгүй хувьд төрөөс хүүгийн дэмжлэг үзүүлэх,
• Дэвшилтэт арга, технологи нэвтрүүлж, нийтийн хэрэгцээнд бүтээгдэхүүн нийлүүлснээ хуулийн дагуу нотолбол судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хүртэлх хувьтай тэнцэх дэмжлэгийг нэг удаа улсын төсвөөс олгох;
• Органик бүтээгдэхүүнтэй холбогдох мэдээлэл, сургалт, сурталчилгааг улсын төсвөөс санхүүжүүлэхээр хуульчилсан гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.