Эрүүгийн цагдаагийн албанаас иргэн “З” нь хууль бус археологийн хайгуул, малтлагаар олж авсан 84 ширхэг түүх, соёлын дурсгалт зүйлийг “А” нарын гурван иргэнээс худалдан авч, Монгол Улсад байнга оршин суух гадаадын иргэнд худалдсан үйлдлийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Монгол Улсын иргэн “А” болон гадаад улсын иргэний эзэмшлийн обьектоос металл хайгч болон археологийн олдвор болох 254 ширхэгийг эд мөрийн баримтаар хураан аваад байна.
Энэ талаар хуулийн зохицуулалтаас:
Эрүүгийн хуулийн 25.4 дүгээр зүйл. Хууль бусаар археологи, палентологийн хайгуул, малтлага хийх
1.Хууль бусаар археологи, палентологийн хайгуул, малтлага, судалгаа хийсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Хууль бус археологи, палентологийн хайгуул, малтлага, судалгааг санхүүжүүлсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг арван мянган нэгжээс наян мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
25.5 дугаар зүйл. Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах
1.Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зуучилсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.