Өнгөрсөн баасан гарагийн өглөө Хятадын зүүн бүс нутагт орших орон сууцанд цахилгаан унадаг дугуйнаас гал гарсны улмаас 15 хүн амиа алджээ. Тус орон сууц 34 давхар байсан бөгөөд 44 хүн хүнд бэртсэн гэж CCTV мэдээллээ.
Галд өртсөн бүх хүнийг улсын эмнэлэгт хүргэсэн ба хоёрынх нь биеийн байдал хүнд байна. Урьдчилсан мөрдөн байцаалтын явцад барилгын задгай шатан дээр тавьсан цахилгаан унадаг дугуй шатсан байж болзошгүй гэж тус улсын телевизээс мэдээлжээ. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж. Өглөөний 04:39 цагт дуудлагыг хүлээн авч, ослын газарт 20 гал унтраах машин илгээж, галыг өглөөний 06:00 цагт унтраасан.
Бямба гарагийн өглөө болсон хэвлэлийн бага хурал дээр Нанжин хотын дарга Чен Жичан олон нийтэд эмгэнэл илэрхийлж, амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн болон шархадсан хүмүүст гүнээ харамсаж байгаагаа илэрхийлэв гэж Нанжин хотын засгийн газрын албан ёсны WeChat хаягаар мэдэгдэв.
Сүүлийн жилүүдэд тус улсад цахилгаан унадаг дугуйтай холбоотой гал түймэр хэд хэдэн удаа гарсан. “Глобал таймс” сонины ерөнхий редактор асан Ху Сижин зэрэг зарим тоймчид бямба гарагт улам бүр түгээмэл болж буй энэ төрлийн тээврийн хэрэгсэлд хатуу зохицуулалт хийхийг уриалжээ.
Орчуулсан Б.Гэрэлзаяа