Б.Төртогтох нийслэлийн Аддиктлогийн төв эмнэлэгт сэтгэл засалч, донтох эмгэг судлаачаар ажилладаг. Сэтгэл засалчаар ажиллах сонирхолдоо хөтлөгдөж ажиллаж яваа мэргэжилтнүүдийн нэг.
Тэрбээр архинд донтох эмгэгийн тухай дараах мэдээллийг өгч байна.
Донтох эмгэг тэр дундаа архинд донтох эмгэг нь манай улсад тулгамдаж байгаа асуудал болсонд сэтгэл эмзэглэж явдаг. Өмнө нь архинд донтсон хүмүүс гэхээр гудамжинд гарсан хүмүүсийг л ойлгож байв. Яг үнэндээ ах дүү нарын дунд ажил хамт олны дунд ч заавал нэг архины хамааралтай, хүмүүсийн хэлдгээр архичин хүмүүс байна шүү дээ.
Гол нь тэр хүн өөрөө ч архины асуудалтай гэдгээ мэддэггүй, бусад нь яахав хааяа л уудаг юм гэж хаацайлдаг, нуудаг байдалтай явж ирсэн. Тохируулаад уучихна, өөрөө уухаа больчихно гэж ярьж байгаа ч ингэж ярьж байгаа нь энэ нь үгүйсгэх л арга юм.
Ямар хүмүүс архинаас гардаг гээч: Энэ бол тухайн хувь хүний сэтгэл санаа, ухамсартай холбоотой зүйл. Ажиглалтаас үзэхэд, архинд донтсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн, эмчилгээнд хамрагдаад гарч чадна гэсэн итгэл үнэмшилтэй хүмүүс л архинаас гарч чаддаг. Нөгөө талаас үүнд хамт олон, нийгмийн оролцоо маш чухал. Ганцхан эмч нар л ид шидээр шийдчихдэг зүйл биш.
Ярилцаад үзэхээр ихэнх архины хамааралтай хүмүүсийн ард сэтгэл зүйн суурь асуудал байдаг. Нээлттэй ярилцалгүй хав дарж түүнийгээ архиар тайлсаар сүүлдээ дадал зуршил болоод хувирчихдаг. Яваандаа архины хамааралтай болж байна.
Архитай холбоотой хэд хэдэн ташаа ойлголт байгааг залруулж хэлье: Хүмүүс монгол архи донтуулагчтай, гадаад архи гайгүй гэж ярьж байхыг сонссон. Энэ бол маш буруу ойлголт шүү. Ямар ч төрлийн архинд ордог этилийн спирт нь өөрөө донтуулагч гэдгийг ойлгох нь чухал байна.
Уудаг хүмүүс архинаас гэнэт гарчихвал үхчихнэ гэж гэж ярьдаг. Үүн шиг худлаа зүйл үгүй. Энэ бол архины хамааралтай хүмүүсийн үгүйсгэл буюу өвчний шинж тэмдэг байдаг. Тэр тусмаа л мэргэжлийн байгууллагад хандах ёстой.
Би яадгаа алдсан архичин биш, хааяа л уудаг гэдэг юм. Баярыг далимдуулж уудаг, уухдаа үргэлжлүүлж уудаг, шараа тайлдаг, заримдаа ганцаараа уудаг бол архины хамааралтай болсны шинж тэмдгүүд юм. ДЭМБ-аас F10 кодтой өвчин буюу архины шалтгаант зан үйлийн эмгэг хэмээн албан ёсоор бүртгэсэн байдаг.
Сайн тал нь архинд донтсон гэдгээ хүлээн зөвшөөрөөд манай төвд ханддаг хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Энэ нь хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байгаагийн илрэл юм. Зарим нь чин сэтгэлээсээ архинаасаа гарна гээд ухамсарлаж шийдээд ирдэг. Ар гэр, найз нөхдийн шахалтаар ирдэг нь ч бий.
Дээрх шинж тэмдгүүд танд байнга болон ойр ойрхон давтамжтай илэрч байвал сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарч мэргэжлийн байгууллагад хандаарай.
Эх сурвалж: Аддиктологийн төв