logo
Авто замын даац хэтрүүлсэн, задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг 30 хоногийн хугацаанд зогсооно

Авто замын даац хэтрүүлсэн, задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг 30 хоногийн хугацаанд зогсооно

2024/03/15

Урин дулааны улирал эхэлж, цаг агаар дулаарч газрын хөрс, замын далангийн өнгөн хэсэг гэсэж буйтай холбоотойгоор авто замд ус чийг ихээр хуримтлагдаж, түүний ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом буурдаг.

Тиймээс 2024 оны гуравдугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны дөрөвдүгээр 20-ны өдөр хүртэл автотээврийн хэрэгслийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2020 стандартад заасан автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг зогсоож байна.

Дээрх хугацаанд стандарт шаардлага зөрчсөнөөс үүдэн тээвэрлэлт саатсан хариуцлагыг тухайн аж ахуйн нэгж өөрсдөө хариуцах бөгөөд авто зам, замын байгууламжид үүссэн хохирлыг холбогдох хуулийн дагуу буруутай этгээд барагдуулна гэдгийг Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлого, зохицуулалтын газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Ц.Эрдэнэ-Очир өнөөдөр хийсэн мэдээлэлдээ хэллээ.

Монгол Улсын Засгийн газраас олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламж ашиглан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэх тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээг тогтоосон байдаг.

Иймд дээрх хугацаанд стандартын хэрэгжилтийг хангуулах, зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэн тээвэрлэлт хийж буй эсэхийг шалган тогтоох, зөрчлийг арилгуулах, авто зам, замын байгууламжийг хамгаалах зорилгоор нийт улсын чанартай авто замын дагуу төлөвлөгөөт хяналт шалгалтыг Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, Тээврийн цагдаагийн алба хамтран зохион байгуулна.

Эх сурвалж: ЗТХЯ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш