logo
Л.Энхболд: Нам дамжсан, төрийн өндөр албан тушаалтан, хууль хяналтынхан оролцсон том бүлэглэл Монголд байна

Л.Энхболд: Нам дамжсан, төрийн өндөр албан тушаалтан, хууль хяналтынхан оролцсон том бүлэглэл Монголд байна

2024/03/20

-Та сайхан хаваржиж байна уу, танай нутгаар энэ өвөл ямархуу болов. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 80 хувь зуд турхантай байгаа энэ үед говиор хаваржаа ямар байна вэ?

-Говь нутгаар минь сүүлийн гурван жил зун ган гачигтай байсан. Тиймээс өвөлжилт нэлээн хүндэрсэн, гэхдээ хавартаа гайгүй, одоогийн нөхцөл байдал гэвэл цаг агаар нь дулаахан, цас хайлж байна. Зун намартаа тааруу байсан учраас малын идэш тэжээл тиймхэн байгаа. Гэхдээ цаг наашилж байгаа учраас хүмүүсийн ам гайгүй “Сайхан хавар болох нь ээ” гэж хэн хүнгүй ярьцгааж байна. 

-Та Өмнөговиос сонгогдож, төр түшилцэж явсан. УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа нийгэмд дуулиан тарьсан “Нүүрсний хэрэг”-ийн шүглийг анх үлээсэн. Тэр үед одоогийнх шиг  Шүгэл үлээгчийн хууль, хамгаалах заалтууд байгаагүй. Тэгэхээр асар их зориг шаардсан байх. Тэр үед танд ямар гай тотгор, саад бэрхшээл тулгарсан бол?

-Ерөнхийдөө 2018 онд нүүрсний хулгайтай холбоотой хэргийг Монгол Улс даяар зарласан. Энд нэг их эр зориг шаардаагүй юм.

Юу шаардсан бэ гэхээр Монгол Улсын Их Хурлын гишүүний үндсэн үүрэг өөрөө тэрийг шаардсан. Монголын ард түмнийг, тэр тусмаа говьчуудыг төлөөлж байгаа, уул уурхайн бүс нутгийн иргэдийг төлөөлж байгаа учраас энэ уул уурхайн баялаг Монголын ард түмэнд тэгш хуваарилагдах ёстой. Хэн нэгэн, хэсэг бүлэг хүн төлбөрөө ч төлөхгүй хулгай хийгээд явж байж болохгүй гэдэг асуудал гарч ирж, үүнийг олон нийтийн анхаарлын төвд аваачиж, асуудал дэвшүүлсэн. Цаашид мэдээж Монголын төр ажиллах ёстой, олон нийтийн байгууллага ажиллах ёстой. Хууль хяналтын байгууллага анхааралдаа авч ажиллах ёстой. Ингэж байж шийдэх ёстой. Анх асуудлыг гаргаад зарлаж байх үед таны саяын хэлсэнчлэн эрх зүйн хувьд мэдээж хамгаалалт байгаагүй, Шүгэл үлээгчийн хууль тэр үед гараагүй байсан.

Тухайн цаг үед өөрөө шинэ тутам гишүүн байсан, үндсэн үүрэг энэ байх, үүнийг олон түмэнд хүргэх ёстой гэж ойлгож, ухамсарлаж, олон нийтэд зарласан. Ингэхдээ ямар нэгэн эрсдэлийг тооцоогүй. Би тэр үед ганц нүүрсний хулгайн асуудал яриагүй. “Эрдэнэс Тавантолгой”-н  49 хувийг 400-хан сая ам.доллараар зарах гэж байсан, “Эрдэнэт”-ийн 49 хувь гээд олон асуудал байсан.

2016 онд  шинэ тутам УИХ-ын гишүүн болж байхад намрын чуулганаар “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал дээр ажлын хэсэг байгуулагдаж, УИХ-д асуудал оруулах үүрэг хүлээсэн байсан юм. Нэг талаар Монголын хувийн хэвшил гадаадаас хөрөнгө оруулагч олж ирж авч байгаа нь сайн талтай, нөгөө талаас хуулийн хүрээнд зөв явсан уу, үгүй юу гэдэг асуудал байсан учраас гаргаж тавиад, УИХ-аар 100 хувь шийдүүлж, төр авахаар болсон. Эдгээрийг тойрсон олон асуудал бий. Гэхдээ ил тод яриад байх нь хаашаа юм, ер нь бол шахалт дарамтууд, утасдах, ярих, янз бүрийн санал тавих гэх мэт зүйл байсан. Тэрийг би төдийлөн дарамт шахалт байдлаар хүлээж аваагүй л дээ.

-УИХ-ын гишүүн хүн ер нь юу хийх ёстой байдаг юм бэ?

-Би гишүүн болсноос хойш ард түмэнд нэг л зүйлийг хэлдэг байсан, энэ бол Монгол Улсын Их хурлын гишүүний үндсэн үүрэг юм. Яагаад гэвэл би өөрөө байгалийн баялаг ихтэй, нэлээн эдийн засгийн суурьтай сонгууль болдог аймгийг төлөөлж орж ирсэн гишүүн. Юу вэ гэвэл, аливаа сонгууль нь дандаа санхүү дээр төвлөрч явдаг, ийм эвгүй тойрог байхгүй юу. Тиймээс Их Хурлын гишүүний үндсэн үүргийг ард түмэнд сайн таниулах ёстой юм байна гэж бодсон. Ингээд гишүүн болсноос хойш байнга ярьсан зүйл бол ард түмний өмнө тулгамдаж байгаа асуудлыг судалж, түүнийг эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулж өгөх, хууль боловсруулах, батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих, ийм л үндсэн үүрэгтэйг дурдаж ирсэн. Нөгөө талаас Монгол Улсын төсөв хэлэлцэж, зөв хуваарилалт хийх, оновчтой газар нь хөрөнгө оруулалтыг шийдэх, хуулиа батлах. Гол үндсэн үүргүүд энэ гэж үзэж байгаа юм.

-Та  тэгж айхтар хэл ам болчихоод горыг нь амссан л байж таарна. Асуухгүй л бол та хэлэхгүй нь ээ. Жишээ нь, ЖДҮ-чин нэртэй болсон, 2020 оны сонгуульд дэвшиж чадахгүйд хүрсэн, тийм биз дээ, миний асуугаад байгаа “гор” энэ биш үү?

– Шууд хэлчихэд, “гор” нь мөн. Намайг шүгэл үлээж байхтай зэрэгцээд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах үйл явц явагдсан. Ингээд ирэхээр нөгөө МАН-ын 65 гишүүн дундуураа хуваагдсан, 1-2 гишүүн нөгөө тийшээ хэлбийхэд Монголын төр хаашаа л бол хаашаа савлаж мэдэх тийм цаг үе ирсэн. Яагаад Ж.Эрдэнэбатын танхимыг огцруулах үйл явц энд давхцаж, миний ярьсан нүүрсний хулгайтай холбогдож горыг нь амссан бэ гэж ярьж байна. Мэдээж тухайн үеийн Засгийн газар толгойлж явахад  тэр асуудал нэлээд яригдсан, мөн 40 гаруй шинэ гишүүн Их Хуралд орж ирсэн байдаг. Түүнээс 10-аад гишүүн нь хоорондоо ярьж байгаад “Авлигын лобби” бүлэг гэгчийг байгуулсан. Зорилго нь өнгөрсөн 30 жилд Монгол Улсын хөгжил олон улстай харьцуулахад хаана нь явж ирж вэ. Өгсөж явж уу, уруудаж ирж үү. Монгол Улсын эдийн засаг ямар түвшинд явж ирэв. Ард түмний амьдрал хэрхэн сайжирсан бэ. Ардчилсан шинэ Үндсэн хууль баталснаас хойш улс оронд юу болов гэх мэт олон асуудлаар бид суурь судалгаа хийж үзэж байсан. Ингээд үзтэл маш олон ээдрээтэй, дуулиантай, эдийн засгийг хохироож, шамшигдуулж байдаг зөрчлүүд илэрсэн. Тиймээс энэ Засгийн газрыг дэмжихгүйгээр цааш  өөр Засгийн газрыг байгуулаад явах нь зүйтэй юм байна гэж үзсэн. Тухайн үед Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх бол нэлээн шударга ёсны зарчмын асуудал ярьсан учраас бид түүнтэй хамтран цааш 33-ын бүлэг гэдэг дээр нэгдээд явсан. Энэ үед улс төрийн маш олон акц, үйл явц явагдсан. Засгаа огцруулахгүй тогтвортой үлдэхийн тулд, эсвэл бүлэглэл өөрөө тухайн үеийн төрийг хамгаалж үлдэхийн төлөө маш олон акц явуулсан. Үүнд манай хууль хяналтынхан бол маш нягт холбоотой улс гэж  би хувьдаа үздэг. Ер нь бол улс төрийн нам дамжсан, томоохон эдийн засгийн буюу нөгөө талаас төрийн өндөр албан тушаалтнууд оролцсон,  нэг талаас нь хууль хяналтынхан оролцсон ийм зохион байгуулалттай бүлэглэл байдаг юм байна гэж би ойлгосон. Тэр бүлэглэлүүд нэлээн бухимдалтай байсан байх. Түрүүн би хэлсэн,  “Эрдэнэт”, Эрдэнэс Тавантолгойн 49 хувь, мөн нүүрсний асуудал байна. Тэгэхээр эдгээр бүлэглэл цаашид У.Хүрэлсүхийн Засгийн газрыг бий болгохгүйн тулд тэмцэл өрнүүлсэн. Энэ өрнөлийн үед  У.Хүрэлсүхийн Засгийн газрыг яаж тогтворгүй байлгах вэ гэдэг үндэслэлээр ЖДҮ-чин гэдэг хэргийг гаргаж ирсэн шиг байгаа юм. Гэхдээ энэ гарч ирснээр маш будилаантай асуудлыг шийдсэн. Засгийн газрын харьяа 25 тусгай сан бий. ЖДҮ-ийг дэмжих  сан бол биднийг УИХ-ын гишүүн болохоос өмнөх цаг үед маш будилаантай байсан. Тиймээс тухайн асуудал үүсэх , ЖДҮХС-нд мөнгө төсөв төвлөрүүлэх,батлахаас өмнөх маргааныг би  хэлэх гэж байна. Тухайн үед бүлэг дээр үүнийг яриад, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар тэр үед Төсвийн байнгын хорооны дарга байсан, 40 тэрбум төгрөг тавих гэж байхад хориглож байсан юм. Бүлэг үүнийг дэмжээгүй. Дараа дахиж хуралдаад бүлэг тэрийг олгохоор шийдэж, цааш төсөв рүү оруулж ирээд явсан. Ингэж яваад 44 тэрбум төгрөг тавьсан байдаг, тэрийг гишүүдийн тойрогт хуваарилчихсан. Нэгэнт тойргоос төлөөлж гарсан гишүүний хувьд тэнд төсөв тавина гэдэг сайн хэрэг биз дээ. Бидний хийх ёстой нэг ажил  950 сая төгрөгийн төсөв тавиад үйлдвэр байгуул гэдэг бол МАН сонгуульд орохдоо 21х100 гэсэн хөтөлбөр дэвшүүлсэн, тэр нь 21 аймагт 100 үйлдвэртэй болно гэсэн зорилт байсан. Тэр зарчмаар ингэж хуваарилах нь зөв юм байна гэж бодож байсан. Тэгээд тухайн үед тойргоос сонгогдсон гишүүн дээр тойргоос  жишээ нь Өмнөговь аймгийн Ханбогд сумд 3.2 тэрбум төгрөгийн өртөгтэй махны үйлдвэр барина, үүнд санхүүжилт хэрэгтэй байгаа учраас гээд тэр төсөл рүү ороод эхний шатандаа  тэнцэж, хоёрдугаар шатандаа орно гэж төсөв  санхүүжилт авах гэж байхдаа жаахан удаашралтай байсан юм байлгүй, надад хандаад  бичиг авсан байгаа юм. Дэмжиж өгөөч гэж. Нэгэнт хүсэлт ирж буй учир УИХ-ын гишүүний хувьд тэрийг нь төрд дамжуулах, уламжлах үүрэгтэй. Тэр хууль журмын дагуу “үүнийг дэмжиж өгнө үү” гэсэн бичиг хийж өгөөд, тэгээд гэмт хэрэгтэн болчихсон. Тэгэхээр  би түрүүнд яагаад өмнөх асуудлыг дурдсан бэ гэвэл, өмнө ажиллаж байсан ЖДҮ-ийн сангийн асуудал  ер нь УИХ-ын гишүүдийг тойглодог асуудал байсан юм биш биз дээ гэж  бодсон. Өмнөх 30 жилийн парламент бол ээдрээтэй асуудлыг дандаа илж явсан байхгүй юу. Тэгэхээр идээ бээр тэр хэрээр боловсорч байна шүү дээ. Үүнийгээ хэзээ ч ил гаргадаггүй. Тэр нь өөрөө янз бүрийн хэлбэрээр гишүүдийг тойглож, барьцаалах гэдэг юм уу, тийм маягаар явж ирсэн учраас өнгөрсөн 30 жилийн гацаа энэ байсан. Тэгээд тухайн цаг үед 32, 33-ийн хоорондох өрсөлдөөнөөр У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагахын тулд ЖДҮХС-ийн хэрэг гэж гаргаж ирээд, нөгөө У.Хүрэлсүхийг дэмжиж буй нөхдүүдийг гэмт хэрэгт холбогдуудах асуудал  явсан. Тэр бол улс төрийн томоохон үйл явдалд оролцож байгаа хүний хувьд байх ёстой шангаа хүртчихсэн л гэсэн үг байхгүй юу. Харин харамсалтай нь юу вэ гэвэл, мэдээж үүнээс болоод  ар гэрийнхний сэтгэл санаа ямар байх вэ, нэр хүндийн асуудал юу болох вэ гээд олон юм яригдана. Жишээ нь, бизнес таг зогссон.

-Бүх юмыг нь татаж авчраад шалгачихдаг байх нь?

-Жишээ нь, 2018 оны намар нэг ажил ярьж байсан чинь давхиж ирээд хамаг юм аваад явчихсан. Нэг санхүүгийн байгууллагатай байсан, гэтэл ирээд бүгдийг нь аваад явсан, санхүүгийн бичиг баримт бүгдийг хураасан. Тэр чинь тусгай зөвшөөрөлтэй, хоёр жил тутам тайлан гаргаж, СЗХ-нд шалгуулж байх ёстой. СЗХ нь түдгэлзүүлдэг, тэгэхээр дөрвөн жилийг  нь аваад явчихаж  байгаа юм. Яах вэ, бизнесийн хувьд тийм юм болдог биз, нэр хүндийн хувьд бүр байхгүй. Бидний тэмцэл, бидний хөөцөлдөж байсан энэ олон ээдрээтэй асуудал бол Монголын ирээдүйн 30 жилийг  сайн сайхан болгочих юмсан. Ирээдүй хойч үеийнхэнд сайн сайхан нийгэм ирээсэй гэдэг л зорилго байгаа шүү дээ. Тиймээс тэрний хажууд бол бидний энэ асуудал маш жижиг юм. Нэр хүндийн асуудал бол  маш жижигхэн асуудалд орно. “Авлигын лобби бүлэг”  байгуулж байх үед бид бас ярьж л байсан. Эрсдэл бол  зөндөө ирнэ гээд. Тэгээд энэ том ээдрээтэй асуудлыг гаргаж тавих нь УИХ-ын гишүүний үндсэн үүрэг байна. Үүнийг ил гаргая гэж зорьсон. Гэхдээ өмнөх нөхдүүд яасан гэхээр дөрвөн жил яаж гишүүн болох вэ гэж, олон нийтэд  таалагдахын тулд явж ирсэн ийм 30 жил байгаад байхгүй юу. Тэгвэл бидний үед, тодруулбал, 2016-2020 оны парламентыг би магтах гээд байна л даа, тухайн үед Монгол Улсын өнөөгийн Засгийн газрын ил гаргаж, тэмцэж байгаа бүх асуудлыг гаргаж ирсэн юм. Тэр юу гэсэн үг вэ гэвэл, өөрсдийн нэр хүнд, тэр эрсдэл дор бүх юмыг золиосолж байж бид дараагийн парламентад сонгогдох, эсэх нь чухал биш, дараагийн 30 жил сайн сайхан нийгэм ирээсэй гэдэг  төсөөллөөр тэр бүхнийг бий болгосон. Ингэж байж тэр “Эрдэнэт”-ийн 49 бүлэглэлтэй тэмцэж байна, “Эрдэнэт”-ийн 51-ийн асуудал  ч мөн байна. Түүнчлэн Эрдэнэс Тавантолгойн 49 хувь,  Хөгжлийн банк, үнэ тогтворжуулахын гээд олон  асуудал байна. Дурдаад  байвал, нүүрсний хэрэг, концесстой холбоотой хэргүүд гээд яриад байвал цувраад зөндөө юм бий. Тиймээс зарим гишүүд амлаж аваад, жишээ нь Х.Нямбаатар сайд гэхэд л прокурор, шүүхийнхнийг гаргаж ирээд зарлаж байсныг та бүхэн мэдлэх байх. Нөгөө хадгаламждаа  нэг сая ам.доллартай гэх мэт зарласан шүү дээ. Л.Оюун-Эрдэнэ бол 60 тэрбумын бүлэглэлтэй  нэлээн  тэмцээд, “Эрдэнэт”-ийн 49 хувийн схемийг хүртэл гаргаж ирж тавьсан, ямар луйвар болж байгааг. Миний хувьд нүүрсний хулгайн асуудлыг гаргаж ирж тавьсан. Эдгээр томоохон ээдрээтэй асуудлуудыг гаргаж тавьж байж, мөн эднийг хэрхэн шийдэхээс дараагийн нийгэм өөрчлөгдөнө. Нөгөө сайн сайхныг хүсээд байгаа нийгэм чинь  ингэж байж тодорхойлогдоно шүү дээ. Тиймээс тухайн цаг үеийн парламентыг сайн ажилласан юм болов уу гэж би боддог юм. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан, 2019 онд. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан бидний хамгийн их хүсэн хүлээж байсан зүйл бол “Стратегийн ордын дийлэнх өгөөжийг Монголын ард түмэнд өгье” гэж 20 гишүүн гарын үсэг зурж тэмцэж байгаад өөрчлүүлсэн. Энэ бол  Үндсэн хуулийн 6.1 дэх байгалийн баялгийг тэгш хуваарилах зарчим. Одоо Баялгийн сангийн хууль гарна. Ер нь бол өнгөрсөн парламентад байхад дээрх том хэргүүдийг гаргаж тавьж, тэмцэж явсны “гор” бол таны хамгийн анх асуусан ЖДҮХС –нд холбуулж, гэмт хэрэгтэн болохыг зорьсон юм байна лээ. Дөрвөн жил шалгасан л даа. 2022 оны хоёрдугаар сарын 14-нд  Нийслэлийн прокуророос  хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гээд хэрэгсэхгүй болгосон тогтоол гарсан. Дөрвөн жилийн хугацаанд миний 14 бизнесийг шалгасан. Тэр үед их, дээд сургуульд хамт суралцаж байсан, найзалж нөхөрлөж байсан, хамтарч бизнес хийж байсан бүх хүнийг шалгасан байдаг юм. тэр байтугай, аймгийн Иргэдийн Хурлын төлөөлөгчийн Хуралд дөрвөн жил суусан, тэднийг хүртэл найз нөхөд, хамаарал бүхий хүмүүсийн дуудаж шалгасан байна лээ. Яах вэ, нэг ингээд цэвэрлэгээ хийлгэчих нь зүгээр л юм. Шалгуулаад, тэгээд олон түмэндээ   буруутай, буруугүйгээ тогтоолгоод, гэм буруутай байсан бол явдаг газартаа яваад, ингээд нэг шалгуулчих ёстой  юм билээ. 

-Нөгөө дуулиантай “Нүүрсний хэрэг” олон жил явсаар байгаад  өнгөрсөн онд нээлттэй сонсгол гээч юм хийж, тэр сонсголыг олон нийт МҮОНРТ-ээр анхаарал хандуулж үзлээ, сонслоо. Ерөнхий сайд, Засгийн газраас эхлэн анх шүгэл үлээсэн хүн нь УИХ-ын гишүүн байсан Л.Энхболд гээд зарлахад танд ямар сэтгэгдэл  төрж байв, энэ олон жилийн дараа?

-Тэр асуудлыг 2018 онд анх гаргаж байхад хамт тэмцэж байсан гишүүд маань дэмжинэ, нөгөө талаас Монголын ард түмэн нээлтэй дэмжинэ, хэвлэл, мэдээллийн салбарынхан дэмжинэ, ингээд явбал нэлээн үр  дүнд хүрнэ гэж  их бодож  байсан л даа. Харамсалтай нь тэрнээс ч хүчтэй юм байдаг юм байна лээ.

Яг тухайн үед зарлаж байхад Монгол Улсын Засгийн газар анхааралдаа аваад, арав гаруй төрийн байгууллага оролцсон ажлын хэсэг байгуулж байсан. Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар гээд. Эдгээр ажлын хэсэг байгуулагдаад, шалгаад ерөнхийдөө бүгдийг тогтоочихсон юм билээ. Анх би 268.3 мянган тонн нүүрсийг хилийн зурвас давуулж алга болгоод, тэр нь санхүү нь хаашаа орсон нь тодорхойгүй байна гэдгийг зарлаж байсан бол Мэргэжлийн хяналтаас шалгасан нь хэмжилт хийгээд 340 мянган тонн нүүрс болсон. 72 тонноор нэмэгдэж байна шүү дээ. Тэгэхээр би тухайн үеийн үйлдлийг бас зарлаагүй юм. Ер нь бол нүүрсний хулгай чинь 2010 оноос эхэлсэн юм байна лээ. 2010-2011 онд ерөөсөө 379 мянган тн нүүрс, тухайн үед Эрдэнэс Тавантолгой  дөнгөж эхэлж байсан юм. Тэгэхээр “Энержи Ресурс”-ийн үйл ажиллагаа дөнгөж жигдэрч байсан үе. Тавантолгойн ай савын орд газраас алга болсон гэдэг нь тодорхой. Хаанаас гэдэг нь Өмнөговийн ард түмний өмч алга болсон байхгүй юу. Өмнөговийн орон нутаг 51 хувийг нь эзэмшдэг 379 мянган тонн нүүрс алга болчихсон. Тэгэхээр Өмнөговийн иргэдийг төлөөлсөн учраас тэрийг гаргаж ярья гээд  асуудал дэвшүүлсэн. Цаг хугацаагаар аваад үзэх юм бол олон үйлдэл гараад ирж байгаа юм. Ингээд Засгийн газар ажиллаж, хууль хяналтынхан шалгаж, 10 гаруй  эрүүгийн  гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байна гээд  хэрэг үүсгээд шалгаад явж байсан үйл явц  байдаг юм. Би өөрөө тухайн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавьж байсан. Нүүрсний хэрэгт холбоотой асуудлыг шалгаж байгаа үйл явц ямар шатандаа байна вэ гэж. Тэгэхэд надад ирсэн мэдээллээр бол 7-8 эрүүгийн хэрэг үүсгэчихсэн шалгаад явж байсан. Ингээд нэг жил болсон, КОВИД-19 цар тахал гарсан, тэгсхийгээд мартагдаж эхэлсэн. Хэрэг явдал явцгүй болсон. Ингээд би нэг ном бичсэн “Нүүрсний 55” гээд. Нүүрсний хулгайгаас эхлээд Монголын ард түмэн, жижгээр харах юм бол Өмнөговийн ард түмэн ямар их боломжоо алдсаныг энэ номоор дүрсэлье. Нүүрсний хулгай гэж ямар үйл явц явагдаж өнгөрсөн бэ, үүнийг жаахан дэлгэрүүлж, бодит амьдралаас сэдэвлэсэн зохиол хэлбэрийн ном гаргах нь зүйтэй гэж бодсон. Бодит зүйл биччихээр хэн нэгнийг шүүхээр эцэслэн шийдээгүй учраас нэр төрд халдсан гэх байх л даа. Тиймээс зохиол хэлбээрэр ном гаргаж байсан. 2022 оноос Засгийн газар нүүрсний хулгайтай нэлээн эрчтэй тэмцлээ. Монголын ард түмэн сэргэлээ. Олон залуус өвлийн хүйтэнд талбайд гарч жагслаа. Сүүлийн үед улстөрчид маш их ярьдаг боллоо. Тэгэхээр би өнөөдөр харахад нэг талаас ямар их эрсдэл үүрч, ямар том бүлэглэлийн эсрэг явсан нь ойлгомжтой. Үүнд гэхдээ нэг их эр зориг гэж яриад яах вэ. Сүүлийн үед Засгийн газар сөхөрч байна. Арга ядаад УИХ-д Хянан шалгах  Түр хороо байгуулаач гэж байна. УИХ Түр хороо байгуулаад  Монгол орон даяар сонсгол хийлээ. Гэхдээ үр дүнд сэтгэл ханамжтай биш байгаа. Хулгайч нар тэгэх л ёстой юм шиг сэтгэл хангалуун байгаад өнгөрч байгаа дүр зураг харагдаад байгаа. Тэгэхээр үр дүн нь ойлгомжгүй болчихож байгаа биз. Би ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын ярилцлагыг харж байсан л даа. Тэгэхэд бид ямар ч байсан МҮОНРТ-ийн архивт үлдээлээ гэдэг нь ирээдүй хойч үеийнхэнд ийм хулгай болж гэдгийг ямартай ч архивлаж үлдээж байх шиг байгаа юм. Нөгөө талаас Монголын ард түмэнд мэдээллээ гэж байгаа юм. Тэгэхээр ХЗДХ-ийн сайд нь хууль хяналтын байгууллагаар эцэслэн шийдвэрлэнэ гэхгүйгээр  ингэж хэлж байгаа нь надад итгэл үнэмшилгүй санагдсан.

-Салбарын сайд нь тэгээд хэлчихээр нөлөөлсөн гэхчлэн янз бүрийн юм болчих болов уу?

-Тэрийг мэдэхгүй, миний  хувьд л ямар ч байсан итгэл үнэмшилгүй санагдсан. Би бол хууль, хяналтынхан эцэслэн шалгаж мэдээлнэ гэх байх гэж бодож байсан. Гэтэл нэг нь мэдээлээд нөгөөх нь архивт аваачаад хийчихлээ шүү дээ. Гэхдээ Монголын ард түмэн нүүрсний хулгай гэж байсныг ойлгодог болсон. Монголын төр ойлгосон. Одоо хууль хяналтын байгууллага эцэслэн шийдэж, үнэхээр гэм буруутай байсан бол хариуцлага тооцож, цаашид Монголын ард түмний баялгийг хэсэг бүлэг хүн биш монгол орон, Монгол Улс даяар, ард түмэн хүртэх ёстой.

-Та ер нь ямар бизнес эрхэлдэг хүн бэ. Хоёрдугаарт танай нутгийнхан буюу Өмнөговийнхон ямар нэгэн сэжмээр яаж ийгээд нүүрстэй холбогдчихоод байдаг юм билээ. Та өөрөө энэ нүүрстэй холбоо сүлбээ байна уу. Байхгүй л гэж хэлэх байх даа. Яадаг юм бол?

-Би Улаанбаатар зочид буудалд ажиллаж байгаад 2002 онд ажлаасаа гараад 2003 оноос санхүүгийн салбарт бизнес эрхэлж эхэлсэн хүн. Санхүүгийн салбарын бизнес маань гайгүй яваа. Телевизийн салбар руу орж ДМД продакшнд ажиллаж байсан. Ресторан, аялал жуулчлалын салбарт бас орсон. Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлж байсан. Иймэрхүү байдлаар 2008 он хүртэл нэлээд гайгүй бизнес хийж явсан юм. Яах вэ, жаахан юм олоод ирэхээрээ хүн чинь бас нийгэм рүүгээ цацаж эхэлдэг юм билээ. Олон нийтийн байгууллага, залуучуудыг дэмжих янз бүрийн арга хэмжээг ивээн тэтгэх маягаар явдаг юм билээ шүү дээ. Ингээд явж байгаад “Монгол говийн хөгжил сан” байгуулсан. Намайг бизнес эрхэлж байхад говийн ард түмнээс ганц, нэгээрээ сургалтын төлбөр, эмчилгээний зардал гээд ирдэг байсан байхгүй юу. Тиймээс ганц, нэг хүнд биш, ер нь нэг сан байгуулаад цогцоор нь дэмжье гээд байгуулсан юм. Цаашилж явсаар Өмнөговь аймагт тулгамдсан 33 асуудлыг гаргаж ирээд, түүнийг шийдэхээр явж байтал хамгийн том асуудал нь юу үүссэн бэ гэвэл том газар нутагт тархай бутархай, нягтрал багатай, нэг нэгийгээ дэмжихдээ тааруухан шинжтэй байсан. Тэгэхлээр нь ерөөсөө ирээдүйн залуучууд нэгэн дээвэр дор нэгдэж, бие биеэ дэмжиж явах ёстой, ингэж байж тэр хүний бизнес байна уу, урлаг, спортын ажил амжилтад хүрнэ гэж ойлгоод залуучуудын нэг байгууллага байгуулахаар санал тавьж, Өмнөговийн залуучуудад зориулаад Залуучуудын хөгжлийн төвийг байгуулсан юм. Нэр хүнд гайгүй байсан юм болов уу даа, Залуучуудын байгууллагаас 2008 онд УИХ-д нэр дэвшээч гэдэг санал тавиад бие даан нэрээ дэвшүүлж үзэж байв. Ер нь улс төрд орно гэдэг чинь “Бизнесээсээ сал” гэдэг үүрэгтэй юм билээ шүү дээ. Ингээд бизнесүүдээ хааж эхэлсэн. Дараа нь 2010 онд Өмнөговь аймгийн МАН-ын хорооны даргаар очсон юм. Нөгөө талд нь ерөнхийдөө ганцхан бизнестэй үлдсэн дээ. Санхүүгийн байгууллагатай л үлдсэн хүн. Тиймээс бизнес эрхлэхдээ уул уурхайн ямар нэгэн салбар руу ороогүй гэсэн үг. Нүүрстэй ямар нэгэн холбоогүй. Анх 2008 онд улс төрд орж ирэхдээ зарчмын гурван асуудал тавьж байсан юм.

-Ямар гурван зарчмыг баримталж байв. Одоо эргэн сануулж болох уу?

-Хэрэв улс төр, төр, нийгмийн өндөр албан тушаалтан төрийн өндөр албан тушаал хашиж байх юм бол тухайн бүс нутагтаа ямар нэгэн бизнес хийхгүй зарчмыг барья гэж. Хоёрдугаарт, тухайн бүс нутагт ямар нэгэн тендер зарлагдвал түүнээ хол байх юм. Гуравдугаарт, нэг хүрз шороо ч хөдөлгөхгүй гэж шийдсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл би уул уурхайн бизнест оролцохгүй гэсэн үг. Тиймээс би нэгэнт 2008 онд өрсөлдсөн, намын дарга болоод улс төрийн албан тушаал хашаад явж байгаа учраас Өмнөговь аймагт нэг ч төгрөгийн бизнес хийгээгүй. Эргээд харахад санхүүгийн бизнесийг 2018 он хүртэл хийсэн юм байна. Тэгээд төрийнхөн маань оролцож байгаад дампууруулсан юм байна. Одоо бол нүүрстэй ч холбоогүй. Хувь эзэмшин эрхэлдэг ямар нэг бизнес байхгүй.

-Та чинь Өмнөговь аймгийн аль сумын хүн билээ?

-Би Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын хүн шүү дээ. Монголын говиос “Улаан ном”-д орсон Улаан нуурын хөвөөнд буюу Онги голын эрэгт төрж өссөн.

-Хүүхэд насаа яаж өнгөрөөв?

-Малчин, ажилчин гаралтай. Нэгдлийн мал маллаж байгаад сүүлдээ суурин болсон айл. Аав маань сургууль, Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байлаа. Ээж маань Мандал-Овоо сумын анхны цаг уурч. Цаг уурын анхны суурийг тавилцаж байсан хүн. Нийгмийн идэвх сайтай байжээ. Эмэгтэйчүүдийн холбооны анхны тэргүүн нь байсан. Бусдын жишгээр л хүүхэд насаа өнгөрөөсөн дөө. Манай нутагт улаан гоёо гэж нэг сайхан жимс бий. Түүнийг л түүж идэж өссөн хүүхдийн нэг дээ.

-Аав нь бөх байсан гэл үү?

-Аав маань цолоо авч чадсан бол Цэргийн арслан байх байсан юм билээ. Хөөрхөн барилддаг. Шатар нүүнэ. Гарын дүйтэй хүн байсан. Хүнд тусархуу, олонтой хүн байсан даа. Нутгийнхан аавыг маань “Мундаг” Лувсан гэдэг. Биднийг “Мундаг” Лувсангийн хүүхдүүд гээд байхаар нь би их ичдэг байж билээ.

-Та ямар мэргэжилтэй хүн бэ?

-Нэлээд хэдэн юм хэлэх байх шүү.

-За.

-Залуучуудад бол гайхуулж хэлж чаддаггүй юм. Яагаад гэвэл, хүн арван жилээ төгсөхдөө мэргэжлээ зөв сонгоогүйгээс болоод маш олон сургууль төгсөх шаардлага гардаг юм билээ. Би ОХУ-д цахилгааны инженер болсон хүн. Анхны эзэмшсэн мэргэжил маань. Тэгээд тэндээ эдийн засгийн чиглэлээр сурч байгаад Монгол Улсдаа ирээд нягтлан бодогч-эдийн засагч  болсон юм. Мэдээж, бизнес эрхлэхээр хууль, эрх зүйн мэдлэг шаардлагатай болсон. Тийм учраас 2007 онд эрх зүйч болсон доо. Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх сургуулийг төгссөн. Удирдлагын академийг 2004 онд бизнесийн удирдлагын магистраар төгссөн гээд ярих юм бол ер нь 37 нас хүртлээ сурчихсан хүн. Тийм учраас би үүнийгээ хүүхэд залуучуудад бахархаж ярьдаггүй юм.

-Та ямар мэргэжилтэй болохыг хүсдэг байсан юм бэ?

-Багш болно гэж мөрөөддөг байсан. Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид сурч байлаа. Алгебрийн багш маань их мундаг хүн байлаа. “Би энэ хүн шиг багш болно” гэж дуурайж байхгүй юу. Намайг 10 дугаар анги төгсөх үед биднийг конкурст оруулаагүй юм. Тухайн үедээ говийн хэдэн аймагт туршилтаар оноогоор жагсаагаад их, дээд сургуульд явуулчихсан. Ерөөсөө дөрөвдүгээр ангиас хойшхи дүнг нь жагсааж байгаад дундаж оноогоор нь хуваарилсан юм даг.

-Улс хөгжихийн тулд хамгийн эхлээд авилгач гэдэг нөхдөөсөө салах ёстой юм шиг байгаа юм. Гэхдээ энэ нь тийм ч амар шийдэх асуудал биш бололтой?

-Би Монгол Улсын Засгийн газрыг өнөөдөр зоригтой ажиллаж байна гэж хардаг. Яагаад гэвэл, хөгжлийн ганц саад бол ерөөсөө авилга, шударга бус байдал. Монголын хөгжлийг нэгдүгээрт, уул уурхай тойрсон эдийн засгийн том бүлэглэл, хоёрдугаарт, төрийн өмчийн компаниудыг менежмент нэрээр үнэгүйдүүлж авдаг, гуравдугаарт, санхүүгийн салбар дээр гайгүй ажиллаж байгаа банкуудыг дампууруулж авдаг зохион байгуулалттай бүлэг байна гэдгийг шууд хэлдэг. Үнэндээ энэ том бүлэглэлийг устгахгүй бол болохоо байчихсан юм. Үүнийг л хэлье дээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш