Дэлхий даахгүй баячуудын эгнээ хүрээгээ тэлж байгаагийн нэг нь “Өег гурил” ХХК”-ийн захирал А.Батсуурь гэгч болсныг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр зарлав. Тэрбээр “Гурил үйлдвэрлэгч нар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 209 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан байна. Милл хаус гурилын үйлдвэр 48 тэрбум, Улаанбаатар гурилын үйлдвэр 43 тэрбум, Өгөөж гурил 37 тэрбум, Өег гурил 59 тэрбум, Дорнод гурил 10.9 тэрбум гэх мэтчилэн авсан. Өег гурил гэдэг компанийн захирал Батсуурь гэдэг хүн Төв аймагт нэр дэвшинэ гээд явж байна гэсэн. Милл хаус гэдэг компанийг Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулгын компани гэж гардаг” хэмээн мэдэгдэв.
Алтансүхийн Батсуурийг судлаад үзэхэд МАН-ын угшилтай ч одоо Ардчилсан намаас Төвийн бүсэд нэр дэвшихээр горилж байгаа нэгэн. УИХ-ын гишүүн Ц.Тувааны баруун суганд хавчуулагдан Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн сумдын онцгой комисст өвс тэжээл хандивлан сонгуулийн сурталчилгаагаа хэдийнэ эхэлсэн байх юм. Түүний “Өег гурил” ХХК нь энэ жил 25 жил болж байгаа сурталчилгаа цахим орчинд гэнэт үзэгдэх болсон нь далд сурталчилгаа эхэлсэн гэдэг нь түвэггүй уншигдана.
УИХ-ын гишүүн Ц.Туваан Ардчилсан намын Төвийн бүсийг хариуцан УИХ-ын сонгуульд орно. Тиймээс сонгуулийн зардлыг нь хуваалцаад явчих мөнгөтэй хүн хэрэгтэй. Тэр нь татвар төлөгчдийн мөнгөнөөс 59 тэрбумын хөнгөлөлттэй зээл авсан “Өег гурил”-ын Батсуурь болж таарав. Ийнхүү тэд ганзага нийлэн явж байгаа аж. Тиймээс эртний хамтрагч А.Батсуурийг уруу татан улс төрд оруулж байгаа гэдгийг эх сурвалж хэлсэн юм. Сүүлийн дөрвөн жилд улсаас 59 тэрбум төгрөгийн зээл авсан тус компанийн захирал А.Батсуурь гэнэт УИХ-д нэр дэвших болсон нь анхаарал татна. Түүний сонгуулийн зардал нь татвар төлөгчдийн мөнгөнөөс зээлсэн 59 тэрбум төгрөгөөс гарч байгаа юу гэдгийг заавал шалгах ёстой болж байна. Үйлдвэрлэлийнхээ хувьд томоохон үйлдвэрийн тоонд багтдаггүй ч 59 тэрбумын өег зээл авсныг Засгийн газар ил болгож өгөв. Мөнгө мөртэй. Тэр мөрөөр нь заавал орж шалгах шаардлагатай гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны индэр дээрээс мэдэгдсэн. Хэрэв зээлээ зориулалтын бусаар зарцуулсан бол УИХ-д нэр дэвших нь бүү хэл Хөгжлийн банкныхан шиг шүүхийн өмнө зогсох байх ёстой хүн болж таарч байгаа юм. Гурилын салбарын 15 орчим хувьд байр сууриа эзэлсэн “Өег гурил” ХХК ямар шугамаар хэрхэн хамгийн өндөр зээл авсан. Түүний хэлхээ хамаарал, нутаг ус, найз нөхөд гээд хөвөрдөхөд 59 тэрбумын зээлийг олгуулж чадах хүн хэн бэ гэдгийг харах ёстой юм.
А.Батсуурь Дарханых. Сангийн сайд Дарханых. Нөлөөлж чадах хүн нь Дархан зүг рүү түүнийг хөтөлж байна. Нөгөө талдаа Женко Х.Баттулгын итгэлийг авч Ц.Тувааны хамт нэр дэвшихээр горилж буй А.Батсуурь барилгын салбарт орж байгаа гэдгээ “Танайд хоноё” нэвтрүүлгээр ярьж байсан. Ц.Тувааны хувьд Х.Баттулгын ойрын хүн гэгддэг. Тийм ч учраас Х.Баттулгын АН дахь мандатаар ийнхүү нэр дэвшихээр зээлийн мөнгөөр туйлж байх болох уу гэдэг асуултад хариулт авах шаардлага үүсэж байна. Түүний барилгын салбарын бизнесийн хөрөнгө ямар шугамаар боссон бэ гэдгийг ч шалгахад гэмгүй. УИХ-ын гишүүн Ц.Тувааны хамт төвийн бүсийн сумдаар тараасан малын тэжээл хивэг, өвс хэний мөнгөнөөс гарсан бэ гэдэг сурвалжийг олох хэрэгтэй. Өнөөх л 59 тэрбумын зээлээс сайн хүний дүр эсгэн бизнесээ өргөжүүлэхээр улс төрд хөл тавьж байгаа юм биш үү.
Ц.Хангай