logo
Н.Батнасан: МУИС-д гаалийн байгууллагатай хамтран ажиллах өргөн боломж байна

Н.Батнасан: МУИС-д гаалийн байгууллагатай хамтран ажиллах өргөн боломж байна

2024/03/27

Гаалийн байгууллага МУИС-ийн Бизнесийн сургуультай “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулсан тухай тус сургуулийн захирал, доктор профессор Н.Батнасантай ярилцлаа.

 Санамж бичгийн ач холбогдлыг та хэрхэн харж байгаа вэ?

Монгол Улсын Их Сургууль нь судалгаа шинжилгээний олон салбарын шилдэг эрдэмтэдтэй,  төрөл бүрийн чиглэлээр  судалгаа шинжилгээ хийдэг, Монгол Улсын эрдэм оюуны гол төвүүдийн нэг юм.

Манай улсын хөгжлийн олон асуудлууд өнөөг хүртэл шийдэгдээгүй байна. МУИС-ийн хувьд улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах нь бидний үйл ажиллагааны хамгийн чухал хэсэг,  тэр хэрээрээ чухал ач холбогдол өгдөг зүйлсийн нэг.  Гаалийн байгууллагын өмнө ч ийм асуудлууд тулгарч байна. Гаалийн өмнө тулгамдаад буй эдгээр асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор бид ГЕГ-тай хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан.

Түүх ярих юм бол ”Гааль, Эдийн засгийн коллеж” нэртэй ГЕГ-ын дэргэд байсан сургалтын байгууллагыг 2010 онд ЗГ-ын тогтоолоор МУИС-д нэгтгэсэн. Тэр цагаас хойш МУИС нь гаалийн боловсон хүчнийг бэлтгэдэг гол төв болсон гэж үзэж болох юм. Одоо гаалийн байгууллагын системд 2000 гаруй хүн ажиллаж байна. Бид 2010 оноос хойш гадаад худалдаа, гаалийн чиглэлээр 200 гаруй бакалаврын мэргэжилтэн, 30 орчим магистр, 1 докторыг гаалийн чиглэлээр бэлтгэж гаргасан бөгөөд тэд маань гаалийн байгууллагад үр бүтээлтэй ажиллаж байна.

Бидний цаашдын зорилго бол зөвхөн боловсон хүчнийг нь бэлтгэхэд төдийгүй гаалийн байгууллагын өмнө тавигдаж байгаа зорилтуудыг нь шийдвэрлэхэд хамтарч оролцох,  гааль судлалын чиглэл дээр хамтрах явдал гэж харж байна. Энэ бол бидний гаальтай хамтран ажиллах чиглэлд баримтлах гол стратеги.

Одоо манай гаалийн үйл ажиллагааны бүтээмжийн болон техник технологийн түвшин дэлхийн тэргүүлэх түвшний орнуудтай харьцуулахад нэлээд доогуур түвшинд байна. Тэргүүлэх хөгжилтэй орнуудын түвшинд дөхөж очихын тулд маш их ажиллах шаардлагатай. Тэгэхлээр энд бидэнд хамтран ажиллах асар том орон зай байна аа гэсэн үг.

Үүнийг МУИС-ийн судлаачдын зүгээс улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулах, бас гаалийн байгууллагынхаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх бодитой боломж гэж харж байна.

Нөгөө талаас МУИС-д мэргэжилтнийг сургаж бэлтгэх, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах асуудлуудаас гадна төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх замаар санхүүгийн чадавхаа бэхжүүлэх хэрэгцээ шаардлага бий.

Хамтын ажиллагаа талуудын аль алиных нь ашиг сонирхолд нийцэж байгаа учраас бид хамтран ажиллах гэрээ байгуулсан. Бид гаалийн байгууллагын судалгаа хөгжүүлэлтэд оролцсоноороо сургаж байгаа оюутнуудаа юунд, хэрхэн сургахаа тодорхойлох боломжтой болох юм. Тийм учраас энэ хамтын ажиллагаа бидэнд олон талаар ач холбогдол бүхий хамтын ажиллагаа гэж харж байна.

Санамж бичгийн хүрээнд сургалт болон судалгааны чиглэлээр ямар ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байна вэ?

Гаалийн өмнө эн түрүүнд тулгамдаж буй асуудал бол худалдааг хөнгөвчлөх асуудал юм. Олон улсын хэмжээнд хийгдэж байгаа судалгаануудаас үзэхэд Монгол Улсын бизнесийн орчны үзүүлэлтүүдээс гадаад худалдааны орчны үзүүлэлтүүд нэлээд тааруухан байдалтай байгаа. Тэгэхээр гадаад худалдааг хөнгөвчлөхийн тулд юуны өмнө цаг хугацаа, зардал шаардсан хил гаалийн дэглэм журмаа өөрчлөх тал дээр ажиллах шаардлагатай. Монгол Улс НӨАТ-ын системийг нэвтрүүлснээр дотоод дах санхүү эдийн засгийн янз бүрийн бэрхшээлтэй асуудлуудыг үндсэнд нь цэгцэлсэн. Цэгцлэгдээгүй асуудлууд нь эдийн засгийн гадаад харилцаа талдаа байна.

Хил гаалийн дэглэм журмыг өөрчлөх хүрээнд эн түрүүнд хэрэгжүүлэх асуудал бол  эрсдэлд суурилсан гаалийн удирдлагыг нэвтрүүлэх. Энэ нь нэг талаас худалдааг хөнгөвчлөх, нөгөө талаасаа хууль сахиулах гэсэн хоёр асуудлыг хамтатган шийдэх шийдэл юм. Гаальд эрсдэлд суурилсан гаалийн удирдлагыг нэвтрүүлж, одоо байгаа энэ гаалийн хяналтын тогтолцоог илүү ухаалаг байдлаар зохион байгуулна гэсэн үг.

Ер нь худалдааг хөнгөвчлөх ажил нь үйл ажиллагааг уялдуулах, стандартчилах, хялбаршуулах зарчмуудад тулгуурлах ёстой. Үүнийг хэрхэн ямар арга замаар хийх вэ гэдэг дээр бидний өөрсдийн хийсэн судалгаа, олон улсын хэмжээнд нийтлүүлсэн бүтээлүүд бий. Нөгөө талаас үүнийг хэрэгжүүлэхүйц хүн хүчний болон техник технологийн ч боломжууд байна. МУИС-д мэдээллийн технологийн чиглэлээр гадаад дотоодод докторын зэрэг хамгаалсан 40, 50 залуу ажиллаж байна. Энэ залуучуудын хүчийг ашиглаад гаалийн эрсдэлд суурилсан удирдлагыг хийх боломж бий. 

Өнөөг хүртэл гаалийн байгууллагууд 3 өөр мэдээллийн систем ашиглаж ирсэн боловч эдгээр нь өөр хоорондоо мэдээллээ солилцох боломжгүй байна. Өмнө нь гаалийн техник технологи, мэдээллийн системийг шинэчлэх ажлыг ихэвчлэн гадаадын  байгууллагуудаар хийлгэж ирсэн. Тодорхой хугацааны дараа техник технологи хоцрогдож, хөгжүүлэлтээ цааш нь үргэлжлүүлье гэхэд өмнө нь шинэчлэлийг гардан хэрэгжүүлсэн байгууллагатай байгуулсан гэрээний хугацаа дуусаж, үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй нөхцөл байдал үүсчихсэн байдаг. Тиймээс нэг ажлаа дахин дахин давтан хийхэд хүрч байгаа юм.

Олон улсын туршлагаас үзэхэд, жишээ нь Солонгос Улсад Сөүлийн үндэсний их сургууль нь гаалийн байгууллагынхаа судалгаа хөгжүүлэлтийн асуудлыг хариуцдаг. Их сургууль бол аль нэг компани шиг дампуурдаг, өөрчлөгддөг бүтэц биш. МУИС ийм хөгжүүлэлтийг хийснээр үндэсний аюулгүй байдалтай холбоотой нууцлалын асуудлууд ч давхар шийдэгдэнэ.

Япон Хятадын хоорондын худалдаанаас үзэхэд бараа ачигдангуут бүх бичиг баримтыг цахим хэлбэрээр солилцож байна. Бараа замд явж байх хугацаанд барааг гаалийн хилээр шалгаж оруулах эсэхийг шийддэг эрсдэлийн төлөвийг нь урьдчилж тодорхойлдог. Улаан төлөвөөр орж ирж буй барааг заавал хилийн гааль дээр ч биш гүний гааль дээр шалгачихдаг. Манайд жишээн дээр үзэх юм бол Японоос бараа ачуулсан нөхцөлд бараа Замын Үүд дээр ирсэн үед барааг тээврийн хэрэгсэлтэй нь зогсоож байгаад бүх бичиг баримтыг нь мэдээллийн системд шивж оруулдаг. Мэдээллийг системд оруулсны дараа хяналтын төлөвийг нь тодорхойлж, барааны 80-90 хувийг нь нэг бүрчлэн шалгаж байна. Хилээр нэвтэрч буй барааны дийлэнх хэсгийг нь улаан төлөвөөр оруулж буй шалтгаан нь эрсдэлийн төлөвийг тодорхойлоход нэн чухал ач холбогдолтой мэдээллийн нэгдсэн сан үүсээгүйтэй холбоотой. Энэхүү практик нөхцөл байдал бидэнд хүн хүчний болон цаг хугацааны ихээхэн алдагдлыг үүсгэж байгаа юм.

Гаалийн хяналтын процессын дийлэнх хэсэг нь импортын хувьд бараа хилийн гадна байх үед, багахан хэсэг нь орж ирснийх нь дараа хийдэг болчихвол цаг хугацаа, зардлыг хэмнэнэ. Хилээр гарах барааны хувьд бараа ачигдахаас өмнө хяналт шалгалтын процесс нь эхэлдэг,.бараа хил дээр очих үед багахан хэсэг нь хийгддэг ийм тогтолцоо руу шилжүүлбэл худалдааг хөнгөвчилнө. Ийм тогтолцоог бүрдүүлж байж хилээр гарч буй ачаа бараа, тээврийн хэрэгсэл бүрийг биш харин хамгийн эрсдэлтэй бараа ачилтуудыг шалгадаг олон улсын жишиг рүү шилжинэ. Ийм өөрчлөлтийг хийхэд Засгийн газрын ч, олон улсын донор  байгууллагуудын ч оролцоо, хамтын хүчин чармайлт чухал.

Цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын үр дүнг яаж тооцож байна вэ?

Монгол Улсад хамгийн хурдтай өсөж буй эдийн засгийн салбаруудын нэг нь гадаад худалдаа. 1995 оны эхэн үед манай улсын экспорт, импорт нийлээд 500 сая доллар байсан. Гадаад худалдааны эргэлт одоо 50 тэрбум ам.долларт хүрч, даруй 50 дахин өссөн. Тэгэхээр барааны ийм том хэмжээний эргэлтийг гаалийн байгууллага хуучин хүчин чадлаараа, арга барилаараа хянах боломж бараг байхгүй. Тиймээс юуны өмнө, дээр дурдсан өөрчлөлтийг хийхээс өөр арга байхгүй. Хоёрт, Монгол Улсад ажиллах хүчний зах зээл дээр нийлүүлэлтийн хомсдол үүсэж, салбар бүрд ажиллах хүчний дутагдал үүсэж эхэллээ. Энэ нөхцөлд мэдээллийн технологид суурилж үйл ажиллагаагаа явуулдаг өндөр бүтээмжтэй гаалийн байгууллагын бүтцийг үүсгэж хөгжүүлэхгүй бол худалдааны эргэлтэд бүрэн хяналт тавих боломж цаг хугацаа өнгөрөх тусам бага багаар алдагдах эрсдэл үүсэж байна. Гуравт, одоо гаальд ажиллаж байгаа хүмүүсийн ажиллах амьдрах орчин нөхцөлтэй холбоотой асуудлуудыг шийдэх ёстой. Хэрвээ гаалийг дээр дурдсан байдлаар өөрчилж чадвал одоо байгаа төсвийг нь тэлэхгүйгээр, ажилтны бүтээмжийг нь нэмэгдүүлэх замаар нийгмийн асуудлыг нь шийдэх боломжтой. Магадгүй одоо 2000 гаруй орон тоотой ажиллаж байгаа гаалийн байгууллага мэдээллийн технологи дээр суурилсан дэвшилтэт хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулбал 600-700 хүний хүчээр ажиллах боломжтой. Ийм нөхцөлд хэмнэсэн төсвөөр цалинг нь нэмэх, ажиллах орчин нөхцөлийг дээшлүүлэх асуудлыг шийдвэрлэж, гаальд илүү чадварлаг хүмүүс орж ажилладаг нөхцөлийг үүсгэж чадна.

 Эх сурвалж: ГЕГ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш