“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид,шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж Монгол Улсын хөгжлийн гарц,боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа улс төр судлаач, улс төр судлалын докторант “ LIVE poll PR Agency” -ийн Зөвлөх судлаач Б.Цолмонбаярыг урьж ярилцлаа.
Хөгжлийн тулгуур хариуцлагатай иргэдийн оролцоо
-Судалгааны ач холбогдлыг ойлгож, шийдвэр гаргах түвшинд хэрэглээ болгож буй нийгмийн байгууллагууд тэр дундаа улс төрийн институтүүд олширч байна.
Нийгэм, иргэн хоорондын харилцаа хамаарлыг судалж шинжлэхийг нийгмийн шинжлэх ухааны судалгаа гэдэг. Энэ судалгаа нь өөрийн гэсэн олон аргуудыг ашигладаг онцлогтой. Бүр тодруулбал, хувь хүн болон нийтийн асуудалд ямар тулгамдсан асуудал байна вэ гэдгийг судална гэсэн үг. Тэгэхээр нийтийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үйл явцад иргэдийн саналыг тусгасан судалгаа чухал үүрэгтэй. Манай улсад мэргэжлийн судлаачдыг бэлтгэдэг их дээд сургууль олон. Харин нийтийн эрх ашигтай холбоотой шийдвэр гаргахад иргэдийн саналыг хэрхэн тусгаж судалгаа хийж байна вэ гэвэл учир дутагдалтай. Түүнчлэн судлаачдын хийсэн судалгаа, зөвлөмж, дүгнэлтийг шийдвэр гаргахдаа ашигладаг нь хэр олон байна байна вэ гэвэл бас л тааруухан. 2024 оны УИХ-ын ээлжит сонгууль болох хугацаа ойртсоор байна. Сонгогчид намуудын боловсруулсан мөрийн хөтөлбөр, амлалтын хэрэгжилтэд сэтгэл ханамж хангалтгүй байдаг. Энэ нь сонгогчид мөрийн хөтөлбөртэй танилцаж ач холбогдол өгдөггүйтэй холбоотой. Судалгаагаар 30 орчим хувь нь л санал өгөхийн өмнө мөрийн хөтөлбөртэй танилцсан гэдэг. Судлахаар тухайн нам мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа иргэдийн саналыг тусгадаггүй тунхаглалын шинжтэй ерөнхий бүлэг, зүйл, заалт бүхий хөтөлбөртэй оролцдогт байгаа юм. Өөрөөр хэлбэл, бодит судалгаанд тулгуурлаж боловсруулаагүй хөтөлбөр хэрэгжих үндэслэл муутай учраас улс төрийн намд итгэх итгэл, сонгуульд оролцох иргэдийн хандлага буурч байна.
Улс орны хөгжлийн тулгуур бол хариуцлагатай иргэдийн оролцоо. Эмч өвчтөнөө оношилж эмчилгээ хийснээр өвчнийг хүндрүүлэхгүй амь насыг хамгаалах үүрэгтэйн адил судлаачид нийгэмд гарч болзошгүй үйл явцад таамаглал дэвшүүлж, судалж асуудлыг оношлогч нь болж байдаг.
Блиц:
Төгссөн сургууль:
1997-2001 онд: МУИС, Улс төр судлалын бакалавр
2001-2003 онд: МУИС. Улс төр судлалын магистр
2001-2004 онд: Билиг Дээд сургууль. Эрх зүйн бакалавр
2009-2011 онд: АНУ-ын Бриджпортын их сургууль, Олон улсын харилцаа ба тогтвортой хөгжлийн магистр
2020 оноос: МУИС, Улс төр судлалын докторантур
Мэргэжил:
Улс төр судлаач, нийгмийн багш, эрх зүйч
Судалгааны ажлын туршлага:
2001-2004, 2007-2009, 2011-2013 онд: УИХ-ын Тамгын газар гишүүний зөвлөх, судлаач референт
2004 онд: Монголын “Пи Ар Ассоциаци”-ийн Стратеги төлөвлөлт, судалгааны албаны ахлах
2013 оноос: “Potential research” ХХК-д Зөвлөх судлаач
2023 оноос: “LIVE poll” PR Agency, Зөвлөх судлаач
Стандарт бус мэдээлэл цуглуулалт судалгааг бүхэлдээ буруу болгодог
- Шинжлэх ухааны судалгааны арга зарчмыг ёс суртахуун, стандартын дагуу баримтлах, хараат бусаар мэргэжлийн түвшинд ажиллахыг судлаачдаас шаарддаг. Манай улсад судалгаа хийдэг олон улсын стандартыг нэвтрүүлсэн тогтвортой үйл ажиллагаатай байгууллагуудын тоо нэмэгдэж байгаа ч нийгмийн үйл явц, иргэнийг судлах судалгаанд мэргэжлийн бус мэдээлэл цуглуулагчдыг олон нийтийн сүлжээнд зар тавьж авч ажиллуулж байгаад харамсдаг. Мэдээлэл цуглуулалт буруу бол уг судалгаа бүхэлдээ буруу болдог. Ялангуяа сонгуулийн судалгаа үүнд илүү хамааралтай. Учир нь хувь хүнийг судлах учраас дан ганц тоон судалгааны арга буюу санал асуулга хангалтгүй. Тухайн иргэнтэйгээ ярилцаж сэтгэл зүйг нь мэдрэх, “яагаад” гэдэг асуултад хариулах шалтгаан нөхцөлүүдийг тодруулахын тулд тодорхой стандартын дагуу мэргэжлийн судлаач ярилцдаг. Ярилцлагын үеэр сэтгэл зүйч ажигладаг, өөр нэг судлаач тэмдэглэл хөтлөн, протокол хийдэг. Товчхондоо судлаачдын багийн ажил байдаг. Мэргэжлийн бус хүн судалгааны ажлыг шинжлэх ухааны түвшинд гүйцэтгэх боломжгүй. Иргэдийн өмнө тулгамдаж буй асуудал дэвшүүлж буй шийдлүүдийг судлаачид тодорхойлж, мэргэжлийн түвшинд дүгнэлт хийж зөвлөгөө боловсруулж ажилладаг нарийн шинжлэх ухаан юм.
Нөгөөтэйгүүр, нийгмийн асуудлуудыг судалдаг судлаачдын ажлын орчин нөхцөл, техник, программ хангамж, цалин үнэлгээ хангалттай байснаар тогтвортой хараат бус судалгааны байгууллага, судлаачдыг хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ.
Ардчилал өндөр хөгжсөн оронд сонгогчид саналаа өгөөд гарч ирэх үед нь судалгаа авахыг зөвшөөрдөг
-Би сонгууль, сонгогчдын үйл байдлын талаар дагнан судалдаг. Сонгогчид санал өгөх, өгөхгүй байх шалтгаан, сонголтод нөлөөлөгч хүчин зүйлүүдийг судалдаг улс төрийн шинжлэх ухааны салбар ухааныг псефологи гэдэг. Тал бүрээс нь судалдаг олон онол арга зүйтэй шинжлэх ухаан юм. Тухайлбал, нийгмийн бүтэц талаас нь шинжилж болох тоон дата дээр үндэслэн судлах, нийгэм сэтгэл зүй талаас нь судлах мөн рациональ сонголтын талаас нь гэх мэт олон чиглэлээр судалгааг хийдэг. Монгол Улсад ч мөн ялгаагүй эмэгтэйчүүд, залуучуудын оролцоо, үйл байдал талаас нь эмпирик түвшинд судалж байна. Гэхдээ улс төрийн намууд мэргэжлийн судлаачдын багтай хамтарч уг судалгааг хийдэггүйгээс тэд сонгогчдоо бүрэн судалж, ойлгож, сонсож, мэдэрч чаддаггүй. Тэднийг бүрэн ойлгож, сонсож мэдрээгүйгээс сонгуулийн мөрийн хөтөлбөр, сонгуулийн стратеги нь дутуу, дулимаг болдог. Өөрөөр хэлбэл, аль нэг бүлгийг онцолсон, тэдний эрх ашгийг түлхүү хангасан заалт оруулж ялгаварласан шинж бүхий мөрийн хөтөлбөртэй сонгуульд оролцож алдаа гаргадаг. Тиймээс псефологийн хөгжилд улс төрийн намууд мэргэжлийн судлаачидтай хамтарч ажиллах, тинк танк бүтэц намдаа ажиллуулах, нийгмийн тулгамдсан асуудал, улс төр эдийн засгийн нөхцөл байдлыг тогтмол судалж хэмжиж байх зайлшгүй шаардлагатай.
Олон улсад бодлогод суурилсан намууд дэргэдээ судалгааны төв, тинк танк бүтэцтэй байдаг. Төрийн болон олон улсын судалгааны байгууллага нь энэ чиглэлийн мэргэшсэн төрийн бус байгууллага, хувь судлаачтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж ажилладаг. Бүрэн ардчилалтай олон оронд сонгогчид саналаа өгөөд гараад ирэх үед нь судалгаа авахыг зөвшөөрдөг. Энэ агшин үнэн бодит судалгаа мэдээллийн сан бүрдүүлэх гол баталгаатай цаг мөч болж чаддагийг судалгаанууд харуулсан. ХБНГУ улсад ням гарагийн судалгаа буюу санал хураалтаас хойш долоо хоногийн дараа сонгогчдоос санал авах аргыг олон удаа хэрэглэсэн байдаг.
Тэгвэл манай улсад санал хураах өдөр байтугай сонгуулийн жил эхэлснээс хойш чансаа тогтоох судалгаа хийхийг Зөрчлийн тухай хууль, Сонгуулийн тухай хуулиар хориглосон. Хэдийгээр чансаа тогтоох судалгааг зохион байгуулах, олон нийтийн сүлжээ, хэвлэлд нийтлүүлэхийг хориглосон ч гэсэн улс төрийн намууд, нэр дэвшихээр горилж буй улс төрчид иргэд сонгогчдод ямар асуудал тулгамдаж байна, ямар шийдэл хүсэж байна гэдгийг тандаж судлуулдаг. Сонгуульд улс төрийн намууд стратеги төлөвлөгөөгөө боловсруулахын тулд өөрийн намын болон өрсөлдөгч намуудын чансааг тодорхойлсноор гарааны цэгээ мэдэх шаардлагатай тулгардаг.
Онолын хувьд ч сонгуулийн кампанит ажлын стратегиа тодорхойлохын тулд заавал судалгаа, мониторинг хийсэн байх ёстой. Суурь судалгаан дээр үндэслэн төлөвлөлт хийнэ, хэрэгжүүлнэ, дахиад чансаа өсөж байна уу, буурч байна уу стратегиа засах шаардлагатай эсэхийг тандахын тулд дахиад л чансааг судлах шаардлагатай болдог. Сонгогчдын санаа бодол бүрэлдэх явцад олон хүчин зүйл нөлөөлж байдаг учраас байнга өөрчлөгдөж байдаг. Тиймээс мэргэжлийн судлаачдаар тэдгээр өөрчлөлтүүдийг хэмжихийн тулд судалгааны талбарт мэдээлэл цуглуулах, дүгнэлт, зөвлөмж өгч ажиллах нөхцөл боломжоор хангах хэрэгтэй. Бидэнд сонгогчдын сонголтод нөлөөлж буй хүчин зүйлийг байнга давтамжтай судалсан судалгаа ховор. Сэтгэл зүйн талаас ярилцсан судалгаа илүү чухал. Гэтэл “ямар нам, улс төрчийг сонгох вэ” гэсэн ерөнхий асуулт бүхий тоон санал асуулгуудыг цаасан болон цахим хэлбэрээр зохион байгуулах нь хэвшмэл үр дүн муу арга.
Хөдөөгийн сонгогчид “нутгархах” сонголт хийх төлөвтэй байна
-Иргэд үнийн өсөлт, татварын дарамтад зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Ажлын байр бий болгохын тулд үйлдвэр барих, жижиг дунд үйлдвэрлэлийн хүүгүй зээлийг хүсэж байна. Цалин, тэтгэвэр нэмэгддэг ч бараа, үйлчилгээний үнэ, өртөг дагаад нэмэгддэг. Залуучууд гэр бүл, үр хүүхдийнхээ хоол, хүнс орон байрны зардал, сургалтын төлбөрөө барагдуулахын тулд олон ажлыг зэрэг хийгээд ч хүрэлцдэггүйг судалгаа харуулсаар. Төрийн бодлого үйлчилгээ иргэдэд хүртээмжгүй, ялангуяа хөдөөгийн алслагдсан сумд, багийн иргэд малчид эрүүл мэндийн үйлчилгээг авч чадахгүй байна. Шүдний эмчгүй сумын эмнэлэг олон байна. Мөн шинжилгээ өгөх гэж аймгийн төв орох зэргээр эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ авч чадахгүй байгаад иргэд бухимдалтай байна. Энэ байдлаас болж улс төрийн намуудад итгэх итгэл буурч, хоёр том намаас өөр шинэ гуравдагч хүчнийг дэмжих хандлага өндөр байна. Учир нь жижиг намууд нийслэл суурин газарт идэвхтэй ажилладаг ч хөдөө орон нутагт хүрч ажиллаж буй нь цөөхөн. Тиймээс томсгосон тойрогт нэр дэвшигчдээс өөрийн нутаг орноосоо нэр дэвшиж буй нэр дэвшигчийг сонгох, нутгархах сонголт хийх төлөвтэй. Мөн хувь хүний боловсрол, ёс суртахуун, туршлага, намын харьяаллыг харгалзаж үзнэ гэсэн сонгогчид ч олон. Түүнчлэн эх орон, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд санаа зовсон эх оронч хэн ч байсан дэмжинэ гэсэн шалгуурыг тавьж байна. Тэгэхээр олон мандаттай тойрогт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа гуравдагч хүчний намын нэр дэвшигч боловсрол, туршлага нэр хүндээрээ сонгогчдод таалагдаж шударга, эх оронч шалгуурт нийцэж чадах эсэхээс хамаарч уламжлалт хоёр намын нэр дэвшигчдээс өндөр санал авах боломжтой дүр зураг харагдаж байна.
Холимог систем сонгуулийн ирцэд муугаар нөлөөлдөг
-Сонгуульд оролцож саналаа өгөх нь улс төрийн оролцооны хамгийн сонгодог хэлбэр. Сонгуульд үл оролцох сонгогчдын хувь нэмэгдэх нь иргэний нийгмийн хөгжил, засаглалын легитимт шинж алдагдахад хүргэдэг. 2020 оны УИХ-ын сонгуулийн ирцийг1992 онтой харьцуулахад 21.9 хувиар Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцийг 1993 онтой харьцуулахад 33.3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.Тэгвэл 2012 оны УИХ-ыг сонгох анхны холимог тогтолцоотой сонгуулийн ирц улсын хэмжээнд хамгийн бага 65.3 хувийн ирцтэй байсан. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 59.3 хувь байсан. Эндээс дүгнэхэд сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөн үед сонгогчдын ирц, оролцоо буурах хандлага ажиглагдаж байна.
Сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөнтэй холбогдож саяхан сонгогчдын дунд хийсэн судалгаагаар өмнөх сонгуульд гурван хүний нэр дугуйлах гэж л будилдаг байсан бол энэ удаагийн сонгуульд 20-30 нэр дэвшигчдээс арав хүртэлх мандатын тоог гүйцээж дугуйлах нь хүндрэлтэй байх болов уу гэж дийлэнх нь хариулсан байсан.
Түүнчлэн манай улсын хүн амын 40 гаруй хувийг бүрдүүлдэг залуучуудын сонгуульд саналаа өгөх ирц хангалтгүй байгаад анхаарах ёстой. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 18-35 насны залуучуудын ирц 50.1 хувьтай үүн дотор 20-24 насны бүлгийнхэн хамгийн бага ирцтэй байсан байна. Хоёр залуу тутмын нэг нь л саналаа өгдөг гэсэн үг. Нөгөөтэйгүүр, 2012 оны сонгуулийн санал авах өдөр зургаадугаар сарын 28-ны өдөр баасан гараг таарч байсан бол энэ удаагийн сонгууль мөн ижил зургаадугаар сарын 28-нд Баасан гаригт болохоор товлогдсон. Баасан гариг ажлын сүүлийн өдөр. Энэ утгаар иргэд сонгогчид амралт, аяллаа голчлон төлөвлөж хот суурин газраас гардаг өдөр. Ийм өдөр санал хураах гэж байгаа нь сонгуулийн ирц ялангуяа залуу бүлгийн сонгогчдын ирцэд сөргөөр нөлөөлөх вий гэсэн болгоомжлол байна.
Машинаасаа саналаа өгөх хэлбэр огт санал өгдөггүй хүмүүст таалагдсан
-Сонгогчид сонгуульд саналаа өгөхгүй байгаа нь тогтолцооны, сонгогчийн боловсрол харилцан адилгүй бусад хувийн олон шалтгаантай холбоотой. Оролцохгүй байх шалтгааныг судалснаар арга хэмжээ авах ёстой. Юун түрүүнд иргэд сонгогчдынхоо улс төрийн боловсролыг дээшлүүлэхэд улс төрийн намууд манлайлж ажиллах ёстой. Улс төрийн нам төрд хүний нөөцийг бэлтгэж нийлүүлдэг гол институт. Тиймээс гишүүн дэмжигчид, иргэдэд сонгууль гэж юу болох, яагаад оролцох ёстой юм, оролцохгүй бол ямар үр дагавартай талаар сургалт, зөвлөгөө өгч ажиллах хэрэгтэй. Залуучуудын дунд хийсэн фокус бүлгийн ярилцлагын явцад дийлэнх оролцогчид улс төрийн намын дэргэдэх залуучуудын байгууллага, нам клубээс ийм төрлийн сургалтын зар, мэдээлэл авч байгаагүй гэж хариулж байсан нь өнөөдөр манай улс төрийн хүчнүүдийн үйл ажиллагаа дулимаг байгааг харуулж байна. Холимог тогтолцооны давуу тал нь санал гээгдэхийг багасгадаг. Тиймээс энэ тухай иргэд сонгогчдод эртнээс ойлгуулах зохион байгуулалттай ажлыг төрийн бус байгууллага, Сонгуулийн хороо зохион байгуулах шаардлагатай.
Мөн сонгогчдын бүлгээс ирцийн талаар тогтмол судалгаа авах, сануулах, саналаа өгч иргэний үүргээ биелүүлсэн гэсэн дижитал аян өрнүүлэх зэрэг нөлөөллийн ажлуудыг өргөжүүлэх хэрэгтэй. Цар тахлын үед 33 орон сонгуулиа хийсэн байдаг. Эдгээр улс санал хураах шинэлэг хэлбэрүүдийг нэвтрүүлсэн. Үүнийг бусад орнууд хэрэгжүүлж хэвших арга хэрэгслээ болгосон талаар судалгаануудад дурдсан байдаг. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд 22.6 хувь урьдчилан санал хураалт, 36.15 хувь нь сонгуулийн өдөр биечлэн, 41.23 хувь нь шуудангаар саналаа өгч оролцсон байна. Зарим мужуудад томоохон орон сууцны зогсоолын гарц, үйлчилгээний төвүүдийн хүлээлгийн хэсэгт машинаасаа саналаа өгөх хэлбэр ашигласан бөгөөд энэ хэлбэрээр саналаа өгсөн сонгогчдын дөрөвний нэг нь өмнө нь огт саналаа өгч байгаагүй сонгогчид оролцсон байсан. Мөн гар утаснаасаа шууд саналаа өгөх боломжтой санал авах самбаруудыг олон нийтийн газруудад байрлуулдаг хэлбэр бас бий.Тэгэхээр саналаа өгөхөд аль болох сонгогчдод чирэгдэлгүй, технологи ашигласан хэлбэрээр зохион байгуулж буйг анхаарч манай улс ч ялгаагүй энэ хэлбэрийг нэвтрүүлж яагаад болохгүй гэж.
“LIVEPOLL MN” апп-аар гар утсанаасаа шууд судалгаанд оролцох боломжтой
-Залуучуудын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг намууд мөрийн хөтөлбөртөө тодорхой тусгавал тэдгээр сонгогчдын сонгуулийн оролцоог нэмэгдүүлэх нэг чухал хүчин зүйл нь болно. Мөн намуудын жагсаалтад хэн байх нь саналын ирцэд нөлөөлөх нь. Өөрөөр хэлбэл, улс төрийн намууд гол стратегиа залуучуудын өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, хүсэл мөрөөдлийг нь биелүүлэх тухай мөрийн хөтөлбөртөө бодитойгоор тусгаж залуу төлөөллийн анхаарлыг татсан намын жагсаалтыг санал болгох юм. Манай байгууллага ярилцлагын судалгааны дараа залуучуудын улс төрийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр богино сургалт зохион байгуулдаг. Тэгэхээр залуучуудыг ийм төрлийн сургалт, зөвлөгөө, мэдлэг мэдээллээр хангадаг байвал тэд илүү оролцоотой байх юм билээ. Хэд хэдэн сургалтын дараа тэд биднээс “утсаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авмаар байна”, “...цахимаар холбогдож болох уу” гэх мэтээр улам нарийн судалж мэдэх эрмэлзэлтэй болдог нь ажиглагдсан. Тэдний сурах хүсэл сонирхол хэрэгцээ өндөр байгаа ч нэр төдий төсөл, сургалт, арга хэмжээ зохион байгуулсан болоод өнгөрдөг байдал үр дүнгүй байна. Тиймээс хүртээмжтэй боловсрол олгохын тулд клубээр дамжуулан коммунити соёлыг бүрдүүлэх кампанит ажлуудыг эрчимтэй зохион байгуулах хэрэгтэй. Улс төр судлаачийн хувиар мөн нийгмийн хариуцлагын хүрээнд иргэд, залуучууд төр засаг, орон нутгийн удирдлагын шийдвэр гаргалтад саналаа шуурхай өгөх, үр дүнг шийдвэр гаргагчид бодитоор тусгаж ажилладаг болгох зорилгоор “LIVEPOLL MN” аппликейшнийг бүтээсэн байгаа. Хэрэв энэ апп-ыг сонирхож байвал гар утсандаа татаж авахад болно. Ингэснээр нийгэмд болохгүй байгаа асуудлаарх санал асуулгад оролцохын зэрэгцээ иргэний боловсролд нөлөөлөх контент, мэдээллийг бүрэн авах боломжтой.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1. ДАВАА ГАРАГ. № 63 (7307)