logo
МАН бүлэг: УИХ-ын тухай хуулийг намын бүлгүүдтэй зөвшилцөнө

МАН бүлэг: УИХ-ын тухай хуулийг намын бүлгүүдтэй зөвшилцөнө

2024/04/02

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал 2024 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр болж, УИХ-ын тухай хууль, Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын Их хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хаврын чуулганаар УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж батлах ёстой. УИХ 2019, 2023 онд хэлэлцэж баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу парламентын 126 гишүүнтэй болж, сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэнтэй холбоотойгоор хуулийн төслүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэж батлах үүрэг бүхий ажлын хэсгүүд өнгөрсөн онд байгуулагдан ажиллаж байгаа. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Энхболд ахалж,  өнгөрсөн өвөл, хаврын хугацаанд ажиллан, хуулийн төслийг хэлэлцэхэд бэлэн болгосон. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдтэй холбоотой тодорхой хэдэн асуудлыг зарчмын хүрээнд хэлэлцэж, шийдвэрлэсэн. Ингэснээр УИХ-ын даргад өргөн мэдүүлж, нэгдсэн чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэдэгт УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд санал нэгдлээ” гэв.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн ахлагч  Н.Энхболд дээрх төслүүдийн шинэлэг заалтын талаар товч мэдээлэл өглөө. Тэрбээр “Дараагийн УИХ Үндсэн хуульд нийцсэн хуультайгаар ажлаа эхлүүлнэ. Тухайлбал, УИХ-ын бүрэлдэхүүн, зохион байгуулалт, бүтэц, УИХ-ын дарга, гишүүдийн бүрэн эрхийн, хууль тогтоох үйл ажиллагааны журмын талаар, УИХ-ын Тамгын газрын чиг үүрэг зэрэг долоон бүлэг бүхий өөрчлөлтөөр дээрх хуулийн төслүүдэд нэмэлт өөрчлөлт оруулна.  УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх, гишүүдийн 95 ба түүнээс дээш хувь нь сонгогдсоноор УИХ нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх, сонгуулийн дүнгээр 64 ба түүнээс дээш суудал авсан нам олонх болох талаар албан ёсоор хуульчилсан.

УИХ сонгуулийн дараа үйл ажиллагаагаа эхлэхдээ чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг өөрчилж, шинэчлэх бүрэн эрхтэй. Энэ үүднээс сүүлийн 30 гаруй жилийн туршлагаас үндэслэн хуралдааны цагийг зөв зохион байгуулах, хуулийг шуурхай хэлэлцэх, олонх, цөөнхийн оролцоог сайн хангах талд хоёр зарчмыг баримталж, УИХ-ын байнгын хороодыг байгуулахаар хэлэлцлээ. Тодруулбал, Байнгын хороод 19 гишүүнтэй байсныг 25 гишүүнтэй болгох, одоогийн хуулиар УИХ-ын гишүүд гурваас илүүгүй байнгын хороонд харьяалагддаг байсныг хоёроос илүүгүй байхаар тусгаж байна. Ингэснээр гишүүд өөрсдийн салбараар мэргэшин ажиллах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

Дэд хороо, хянан шалгах түр хорооны хувьд одоогийн парламентын үед хуулийг шинээр мөрдөж, үйл ажиллагаа нь жигдэрч байгаа. Ер нь хянан шалгах түр хороо нь УИХ-ын үйл ажиллагаанд шинээр нэвтэрч буй шинэ, үйл ажиллагааны хувьд анхаарал татсан асуудлуудын нэг юм. Тиймээс дээрх түр хороог нийт гишүүдийн дөрөвний нэг нь санал гаргаснаар байгуулж, нэг дор дөрвөөс илүүгүйг байгуулж ажиллах саналыг оруулахаар бэлтгэж байна.

Нам, эвслийн бүлгүүдийн хувьд 12-оос дээш гишүүнтэйгээр бүлэг байгуулан ажиллах боломжтой. Олон гишүүнтэй парламент бүрэлдэх учраас өнгөрсөн 30 гаруй жилийн туршлага, олон улсын ижил төстэй парламентыг судалснаар хурлын чуулганыг аль болох үр дүнтэй явуулах талаар олон талаас ярилцаж хуулийн төслийг боловсруулж байна. Энгийнээр хэлбэл, бодлогын асуудлууд бүлгүүд дээр төвлөрдөг учраас аливаа хуулийг хэлэлцэх ерөнхий хугацааг тогтоогоод, бүлгүүдэд УИХ-д авсан суудлын тоогоор цагийг хуваарилж өгөх зарчмаар хуулийг хэлэлцэнэ. Хуулийн өөрчлөлтийн зарчмын асуудлуудыг бид Ардчилсан намд урьдчилсан байдлаар хэлж танилцуулсан. Одоо ХҮН-ын төлөөллийг оролцуулан байр сууриа нэгтгэх юм” гэв.

Хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг дээрх хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх байр сууриа илэрхийллээ. Тэрбээр  “ Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар байнгын хороодын чадавх, эрх мэдэл мэргэжлийн байх ёстойг онцгой анхаарах ёстой талаар хэлэлцсэн. Засгийн газартай тухайн асуудал эрхэлсэн байнгын хороо нь хариуцлага тооцож чаддаггүй. Тухайлбал, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт гэх мэт асуудлуудаа оруулж ирэхэд хэрэгжилт нь тодорхойгүй, хариуцлага хэрхэн тооцох нь УИХ-ын талаас тодорхой байдаггүй. Энэ нь ард иргэдийн тухайн салбар болоод төрд итгэх итгэлийг бууруулж байна. Тиймээс тухайн байнгын хорооны гишүүдийн гуравны хоёроос дээш хувиар санал оруулж байх ёстой гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдлээ” гэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш