logo
Ээждээ зориулсан үг

Ээждээ зориулсан үг

2024/04/24

ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН ҮГ

Бидний ачлалт хайртай ээж минь Таныхаа алтан шарилд түмэнтээ мөргөм үү...

Хайрт ээж минь 2024 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр хүнд өвчний учир тэнгэрт дэвшлээ. Бидний хайрт ээж Гомбосүрэн овогтой Хэрлэнбаяр нь 1978 оны дөрөвдүгээр сарын 25-нд Налайх дүүргийн төрөх тасагт аав, ээжийн 4 дэх охин болон мэндэлжээ.

Та минь бага насандаа цэцэрлэгт хүмүүжиж, 1985-1993 онд Төрхурахын 8 жилийн дунд сургуульд, 1993-1995 онд Хөнгөн хүнсний техникумд, 1999 онд Алт угаагч түр курст суралцан "Шижир алт" ХХК-д, "Алтан Дорнод Монгол" ХХК-д дээж авагчаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байжээ.

2005 оноос "Номин холдинг" ХХК-д борлуулалт, үйлчилгээний бизнест худалдагчаар ажилд орсноор өнөөг хүртэл тус компанитай хувь заяагаа холбож, "Номин электроникс", Номин УИД, Номин хайпермаркет, супермаркет зэрэг олон салбаруудад борлуулагчаас барааны нярав, орлогын нярав, зохион байгуулагч хүртэл албан тушаалуудад дэвшин ажиллаж, өөрийн ажилдаа дур сонирхолтой, хичээл зүтгэлтэй, хамт олныг удирдан чиглүүлэгч, сайн зохион байгуулагч, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэн суралцаж, уралдаант шалгаруулалтад дээгүүр байрт жагсдаг, хамт олондоо нэр хүндтэй, үнэнч шударга, хөдөлмөрч, чадварлаг шилдэг ажилтан байлаа.

Ээж минь 1996 онд гэр бүлтэй болж, 1997, 2003, 2009, 2019, 2021 онуудад нэг хүү, дөрвөн охины ээж болсон ба гурван зээ хүүгийн эмээ, өнөр өтгөн гэр бүлийн өгөөмөр буянтан байлаа. Ээж минь та өөрийн зовлонг бусдад нялзаалгүй, бусдын төлөө амьдрахын учрыг ойлгуулж, олонтой явахын, зөв шударга амьдрахын толь байжээ. Та алдар гавьяаг биш хөдөлмөрийг илүүд үздэг байсныг бид сайн мэднэ. Ээж минь та эгнэшгүй хөдөлмөрч, нэн ачлалт, хосгүй буянтан байлаа.

Та хатууг сөрж амьдарсан.

Та минь аюулт өвчний өмнө аргагүй бөхийлөө. Хайрт ээж минь та орчлонд хувь хүн болж төрсөн ч олон үр, олон амь, олон айл өрх ТАНААС эх авлаа.

Энэрэлт ээж минь таныхаа ард бид хүүхдээрээ, олуулаа үлдлээ ч танаараа Л ДУТАЖ амьдрах нь ээ. Та минь дэндүү залуугаараа биднийгээ орхин одлоо. Ээж минь та гайхалтай ажилсаг, цаг наргүй хөдөлмөрдөг нэгэн байсан. Та минь олон найз нөхөдтэй, олон түмнээрээ хүрээлүүлсэн хүнлэг нэгэн байсан. Ээж минь олон хүүхэд төрүүлж, өсгөн төрийн эрхэм хүндэт "Алдарт эх II" одон хүртэж байлаа. Таны минь авьяас билэг, хүч хөдөлмөрийг үнэлж, Монгол Улсын Худалдааны салбарын 100 жилийн ойн медаль, Монгол Улсын Худалдааны тэргүүний ажилтан цол тэмдэг, УИД-ийн 100 жилийн ойн медаль, Номин холдинг ХХК-ийн 30 жилийн ойн медалиар шагнаж байв.

Үр хүүхдүүд бид чинь сайхан ээж танаараа бахархаж байна. Та минь хүний журам, түмний ёсыг дээдлэн амьдрахыг хичээж, үр хойч бидэндээ үлгэр дуурайл болон амьдарсан. Та минь олон хүүхэдтэй айлын нэгэн мөчир байсан. Хорвоогийн жам хатууг бид харж байна. Энэхүү үнэнтэй эвлэрч, таныгаа бурхан болохыг үзэх зүйрлэшгүй хэцүү байна.

Та минь хөх тэнгэртээ заларч, эгнэшгүй ачит Дарь Эх болон мөнхрөөрэй. Үр хойч бидэндээ эргэн төрөөрэй. Таны эргэн төрөх зам мөр элдэв саадгүй дардан байх болтугай. Буянтай сайхан, ачлалт хөөрхөн ээж минь ТА АМГАЛАН НОЙРС ДОО.... Таныгаа үүрд дурсан, шүтэж явах болно.

ХАЙРТ ЭЭЖ, ГЭР БҮЛИЙНХЭН, АНД НӨХӨД, ХАМААТАН, ТӨРӨЛ ТӨРӨГСДӨӨС НЬ

- * -

 

АНГИЙН АНД ЧАМДАА...

Хоёр салаа гэзгэн дээр,
Хосгүй цэцэг ургуулсан
Хонгорхон алаг нүдэн ...
Холбооны охин чи минь
Хонхорын 10 жилийн 10А ангийн сурагч билээ...

Холбоо үг хоршуулан,
Хоёр мөртийг энүүхэнд зохиочихно
Хэн нэгнийг ёжтой нь аргагүй үгээр
Хааяа нэг шоглон инээх
Хэдийд ч бэлэн сэцэн үгтэй
Сахилагагүй юм шиг мөртлөө
САЛААНЫ ДАРГА байсан Хэрлээ охин минь...

Хүүрнэн урсах үгсээр
Хүрэн бор дэвтэрийг дүүртэл
Хөх бэхийг дуустал
Хосгүй уянгалах шүлгийг бичсэн
Хүрэл Тулга шүлгийн уралдааны ЭЗЭН охин минь...

Томоо гитарын араас
Тогдгор жаахан гараар
Төвөггүй тоглож байхад
Урлагийн тэнгэр чамд дурласан байх гэлтэй
Сурлага сайтай, урлагт авьяастай Сургуулийн анд минь...

Гитар тоглож дуу аялан
Гудамжны найзуудаа хөгжөөнө
Гурван чавхдасыг хөглөн тоглож
Гуч хүрсэн андуудаа баясгана.

Гутрана гэдгийг Мэдэхгүй,
Гундана гэдгийг Мэдрэхгүй
Хаана ч явсан Зоригтой,
Хэзээ ч эмээж Шантардаггүй
Энгийн атлаа ГҮНДҮҮГҮЙ
Тайван мөртлөө АУГАА
Дөлгөөнхөн мөртлөө ХҮЧТЭЙ
Даруухан атлаа ЗОРИГТОЙ байх чи минь....
 
Нарт хорвоо чамайг минь
Нар буцахаас өмнө аваад явчихлаа
Нас залуухан, цус шингэнд дурлаа юм болов уу

Алаг хорвоо чамд минь
Амьдралын бурмыг амсуулж амжилгүй аваад явчихлаа
Ааш сайханд нь дурлаа юм болов уу

Хонгорхон найз минь чи
Аз жаргалын ДИВААЖИН гэх оронд
Амар тайван нойрс доо.

ХАЙРТАЙ ШҮҮ.
Ангийн андуудаас....................

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш