“Ажнай” Д.Бат-Эрдэнийн бүсэнд 20 гаруй жил хавтага шиг хавчуулаастай яваа хүн бол Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж. Ноёны бөх гэгчээр Д.Бат-Эрдэнийг УИХ-д давбал тэрээр аймгийн удирдах түвшинд ямар нэгэн албан тушаалд “мордчихдог”. “Ажнай” корпорацийн маркетингийн албаны даргаас орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөс Засаг дарга гээд даргын даллагатай Р.Сэддоржийг 2009-2010 онд “Тавантолгой” ХК-ийн Санхүү хангамж хариуцсан дэд захирлаар ажиллаж байхад өнөөх алдарт 379 мянган тонн нүүрс ор сураггүй алга болсон байдаг.
Одоогийн байдлаар тэрээр 2013 онд “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 323.900 тонн нүүрсийг өр төлбөр барагдуулах байдлаар өгсөн мэт хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх хэргээр өөрийн эзэн Д.Бат-Эрдэнийн хамт шалгагдаж буй.
Гэхдээ хуулийн байгууллагад шалгагдлаа гээд Өмнөговь аймгийн "жолоо"-г тэр тавьсангүй, атгасан хэвээр байна. Харамсалтай нь, Р.Сэддорж ингэж чанга атгалаа гээд Өмнөговийг хөгжилд хөтлөөд байгаа гэвэл эндүүрэл бололтой. Өмнөговь аймгийн Засаг даргын 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтээс тэрээр аймгийн Засаг даргаар ажиллах хугацаандаа ч багагүй будлиан хутгаж, улсын болон аймгийн орлогын төлөвлөгөөг тасалсан нь тодорхой харагдаж байна.
Р.Сэддорж Засаг даргын нөөц сангаас дууны клип, овоо тахилга, нутгийн уулзалт, цолны мялаалга зэрэгт хэдэн арван сая төгрөг зарцуулжээ
Өмнөговь аймгийн төсвийн нийт орлого 2022 онд 2021 оноос 67,5 хувиар өссөн ч татварын болон татварын бус орлого, тусламж санхүүжилтийн орлого тасарсан байна. Ийм байтал аймгийн Засаг дарга Р.Сэддоржид Төрийн хэмнэлтийн тухай хууль огт үйлчилсэнгүй. Засаг даргын нөөц сангийн хөрөнгөөс улс, аймгийн уралдаан, зөвлөгөөнд 19.7 сая, овоо тахилга, ойн арга хэмжээнд 15 сая, Говь гурван сайхан үсчин гоо сайханчдын холбоонд 10 саяын дэмжлэг, бөхийн барилдаан цолны мялаалгад 30 сая, Дорноговь аймгийн анагаах ухааны салбарын ойд 10 сая, дууны клип хийлгэхэд 10 сая, нутгийн уулзалтын зардалд 25 сая төгрөг зарцуулжээ.
Мөн 11 иргэнд орон сууц гэр барихад 78.8 сая төгрөг, 20 оюутанд сургалтын төлбөрт 73 сая төгрөг, өөр аймгийн цэргийн ангийн тохижилтод 5 сая, үсчин гоо сайхны анги тохижуулахад 5 сая, видео дүрс бичлэгийн камер авахад 15 сая төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгийн сангаас гаргасан байна. Гэхдээ үүнд нь анхан шатны баримтын бүрдэл дутуу 43 сая төгрөгийн зарцуулалт байгаа аж.
үүгээр зогсохгүй төсөл хөтөлбөрийн зардлаас ч 22.4 сая төгрөгийн бэлэг дурсгалын зүйл худалдан авсан гэнэ. Үүнээс гадна сумдын Засаг даргын Тамгын газруудад ч Төрийн хэмнэлтийн тухай хууль үйлчлээгүй байгаа юм. Шатахуун, утасны зардал, ой, уралдаан тэмцээний шагнал, сургалт зөвлөгөөн, биеийн тамирын хувцаст хүртэл мөнгө зарцуулсан байх жишээний. Шилэн дансны нэгдсэн мэдээллээс Өмнөговь аймгийн төсөвт орсон өөрчлөлт, гүйцэтгэл, хэтрэлт, хэмнэлтийн талаар бүрэн мэдээллийг л байршуулаагүй гэдгийг аудитын дүгнэлтэд дурджээ.
Аудитаар зөвхөн Засаг даргатай холбоотой 710 сая төгрөгийн зөрчил илэрсэн бөгөөд тухайлбал, Засаг даргын нөөц сангийн хөрөнгийг журмын дагуу зарцуулаагүй 200 гаруй сая төгрөг, хуулиар зөвшөөрөөгүй зардалд 127 сая төгрөг, санхүүжилтийг гүйцэтгэлээр санхүүжүүлээгүй 165 сая төгрөг гэх мэт зөрчлүүд дийлэнх байна.
Төрийн аудитын газраас Өмнөговь аймгийн Засаг даргын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай дүгнэлт” өгчээ. Илэрсэн зөрчлөөс харвал УИХ-д горилогчийн тал зассан “хөрөнгө оруулалт”-ыг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс багагүй гаргасан нь илт.