logo
Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024/05/06

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, “Буян-Од” ХХК хамтран “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьж, ургуулах аян өрнүүлнэ.

Энэ тухай Санамж бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрыг төлөөлж Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр, Өмнөговь аймгийн Даланзадгад сумыг төлөөлж тус сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Х.Батболд, “Буян-Од” ХХК-ийг төлөөлж тус компанийн ерөнхий захирал В.Буянтогтох нар гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбай бүхий “Говь хангай төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулж, хангайн бүсээс 4,000 ширхэг улиас, хайлаас модны тарьц, суулгац авчирч, тарьж, ургуулахаар боллоо.

Шаардагдах хөрөнгийг “Буян-Од” ХХК гаргах бөгөөд Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар усалгаа, арчилгаа, тордлогоог нь бүрэн хариуцна. “Буян-Од” ХХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, тарьц, суулгац нийлүүлэх санаачилга гаргасан юм.

Тус компани 2001-2014 онд Сэлэнгэ аймгийн Тужийн нарсыг нөхөн сэргээхэд хувь нэмрээ оруулж, 20 гаруй сая мод тарьж, ургуулан, ойн санд хүлээлгэн өгч байжээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн гаргаж байгаа аливаа санал, санаачилгыг Ерөнхийлөгчийн Тамгын газар бүх талаар дэмжиж, хамтран ажиллана гэдгийг Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр хэллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш