-Та манай уншигчдад өөрийгөө болон гэр бүлээ танилцуулна уу?
-Намайг Далайн Батбаяр гэдэг. Би эхнэр, хоёр охины хамт амьдардаг. Эхнэр бид хоёр бизнесийн салбарт ажилладаг.
-Та ямар мэргэжилтэй вэ?
-Би Чех улсад эрх зүйч, эдийн засагч мэргэжлээр сурсан. Одоо уул уурхайн баяжуулалтын инженер мэргэжлээр Монголдоо суралцаж байгаа.
-Та яагаад Чех улсыг зорьж сурах болов?
-Монгол Улсад III курс хүртлээ суралцаж байгаад, Чех улс руу явсан. Багын найзтайгаа сурагч байхдаа нэг ангид, мөн оюутан болоод нэг ангид суралцсан. Тэр үед найз маань Орос улсад суралцахаар явахад нь би ганцаараа үлдчихэж байгаа юм шиг санагдаж байлаа. Ер нь гадагшаа явж суралцъя гэж бодоод тухайн үеийн Англи руу виз мэдүүлүүд, гараагүй. Тухайн үед санхүүгийн боломж бололцоо бага. Тиймээс сургалтын төлбөргүй Герман, Чех улс байсан. Ингээд л Чех рүү явсан юм.
-Оюутан ахуйн дурсамжаас хуваалцаач?
-Чех улсад монголчууд их байдаг. Жил бүр цуглаж тэмцээн явуулна, цагаан сараар ахмадуудаараа орно. Тэр дундаас хамгийн дурсамжтай нь нийт монголчуудын дунд болдог тэмцээн байсан. Нэг удаа контейнераар бараа зардаг монгол ах, эгч хоёрын барааг зөөлцөж бүтэн өдөр ажилласан юм. Гэтэл өдрийн хоол байхгүй, бүтэн цалингаа өгөөгүй. Яг нэг ширхэг бургерийн мөнгө авснаа би маш сайн санадаг.
-Социализмын үед Чехэд олон төрлийн үйлдвэр байсан санагддаг. Юу юуны үйлдвэр байсан бэ?
-Ерөнхийдөө оёдлын үйлдвэр байсан. Монголчууд тэнд нэр хүнд сайтай. Яагаад гэвэл оёдол сайн хийдэг, ажилд сайн, эрэмгий, тэвчээртэй. Үйлдвэрийн эзэд нь ч монголчуудыг авч ажиллуулах дуртай байдаг гэж сонссон. “Мерседес бенз” машины үрүүлийн бүрээсийг их оёдог.
-Таныг Чехэд байхдаа “Казино рояль” кинонд тоглосон гэж сонссон. Ямар тохиолоор тэр кинонд тоглосон бэ?
-Чехэд кино урлагийн салбар нь хамгийн сайн хөгжсөн. Америкчууд Холливуудын киног хийхдээ зардлаа хэмнэхийн тулд Чех улсад ирж зураг авалтаа хийдэг. Тухайн үед оюутнуудад олдож байгаа ажлууд дунд хамгийн үнэлгээ өндөртэй ажил кинонд олонхны дүр бүтээх байсан. Ажил жуулчилдаг агентлагуудад бүртгүүлчихээр дууддаг. Пробонд орж үзээд “Казино рояль” киноны япон хунтайжийн найзын дүрийг авч, сар гаруйн хугацаанд зураг авалтад орж байлаа.
-Кинонд тоглосноос өөр ямар ажлууд хийж байв. Энэ дундаас хамгийн хачирхалтай нь ямар ажил байв?
-2000 оны үед Европт маш их үер бууж байсан. Үерийн дараа лаг шавар байшин, байгууллагуудын нэг давхарт тогтсон. Техник орох боломжгүй учраас гараар зөөдөг. Маск зүүгээд шавараа зөөсөн ч нарийн ширхэг учраас хамар руу шууд ордог. Найман килограммын хоёр хувингаар зөөхөөр нөгөөдхөө дийлэхгүй. Тэнд долоо хоног ажилласан маань огт санаанаас гардаггүй юм.
-Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?
-Нэр төртэй байж, хүнд худлаа хэлэхгүй байх юм сан гэж боддог.
-Таны хамгийн үнэт зүйл юу вэ?
-Тодорхой. Гэр бүл шүү дээ.
-Таныхаар амжилт гэж юу вэ. Өөрийгөө хэр амжилттай яваа гэж боддог вэ?
-Хүн өөрйигөө өөртэйгөө л харьцуулах ёстой юм билээ. Жилийн өмнө би ямар байсан, өнөөдөр ямар өөрчлөлт гарсан бэ гэдгээс хамаарч амжилттай, амжилтгүй байсныг тодорхойлох байх.
-Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хэр өөрчлөгдөв?
-Ахисан, олсон, алдаанаасаа суралцсан зүйл их байна. Сурсан мэдсэнээрээ ч, хийсэн бүтсэнээрээ ч, санхүүгийн хувьд ч ахиц гарсан амжилттай жилүүд байсан.
-Таны хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ?
-Хурдтай, тодорхой дүгнэлт гаргадаг. Нөхцөл байдалд нь тохирсон бодитой үнэлэлт, дүгнэлтийг илүү гаргаж чаддаг. Энэ миний давуу чанар юм уу гэж боддог. Ном маш хурдан уншина. Бид чинь ном их унш гэдэг үеийн төлөөлөл шүү дээ. Ном их уншихаар сүүлдээ ерөнхий том зургаар нь хараад, хуран уншаад сурчихдаг юм байна лээ.
-Яг одоо танд хамгийн ихээр суралцахыг хүсэж байгаа зүйл юу байна вэ?
-Дуу дуулж сурмаар байгаа юм. Гуравдугаар ангид байхад дуу хөгжмийн багш надад гурав гэсэн дүн тавьсан. Үүнээс хойш огт дуулаагүй. Гэхдээ одоо найз нөхөд, хамт олонтойгоо байхдаа сайхан дуулмаар санагддаг. Найз нөхөдтэйгөө гадуур гарах ид насан дээрээ аль болох дуунаас зайлсхийдэг байсан. Түүнтэйгээ нүүр тулах л ёстой байсан юм.
-Бидний амьдарч буй нийгэмд нэн яаралтай өөрчлөх ёстой асуудлууд юу вэ?
-Бага улстөржмөөр байна. Хоёр хүний хоорондын яриа ч улс төр. Монголын сошиал тэр чигээрээ улс төр. Улс төрийн төлөө амьдраад байгаа юм уу, энэ нийгмийн төлөө улс төр нь байгаа юм уу гэдэг нь мэдэгдэхээ байчихсан. Бизнес ч гэсэн тэр чигээрээ улс төр болчихлоо. “Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо” гэдэг шүү дээ. Түүн шиг улс төр нь тодорхой хүрээндээ, бизнес нь тодорхой хүрээндээ баймаар байгаа юм.
-Таны хамгийн харамсаж явдаг зүйл юу вэ?
-Би өвөө, эмээгийн хүүхэд. Намайг Чех рүү явснаас сарын дараа миний өвөө нас барсан. Эмээ маань намайг эргэж ирж амжаагүй байхад нас барсан. Эмээгээ ганцаараа байхад нь хангалттай хугацаагаар хамт байж чадаагүй. Түүндээ их харамсдаг. Бас хангалттай ярьж чадаагүй ч юм шиг санагддаг.
-Таны хамгийн тэвчихэд хэцүү зүйл юу вэ?
-Цаг нөхцөөгөөд байгаа хүн. Тэр хүн худлаа ярьж аргалсан ч хаана ажил унаад байгаа нь тодорхой байдаг. Ажил унаж байгаа нь тэр хүний буруу ч буруутгахад хэцүү. Гэхдээ тэрийгээ больё гэж бодохгүй аргалаад байдаг явдал байдаг юм. Тийм хударгагүй занд маш дургүй.
-Танд тохиолдож байсан хамгийн том сорилт юу вэ?
-2019 оны аравдугаар сарын 16-нд төслөө анх эхлүүлж байсан. Дараа хавар хүртэл үргэлжлээд ковид гарчихсан юм. Бүх юм хаасан. Энэ үед маш том эхлүүлчихсэнд бидэнд маш их сорилтын үе байлаа. Ковид дууссан манай үйлдвэрч дууссан. Хэчнээн сайн төлөвлөж, бэлдсэн ч давагдашгүй хүчин зүйлээс сэргийлэх боломжгүй.
-Таны амьдралаас авч байсан хамгийн сургамжтай зүйл юу вэ?
-Ажил, гэр хоёр тусдаа байх ёстой юм билээ. Нэг ажил руу орж дуусгахын тулд орон байраа зарж, утсаа барьцаанд тавьдаг. Тэгж болохгүй, тодорхой хил хязгаартай байх ёстой. Ямар ч үед гэр бүлээ эрсдэлд оруулж болохгүй.
-Чех улсад боловсрол эзэмшиж ирээд, ажлын анхны гараагаа ямар компаниас эхэлж байв?
-Уул уурхайн компанид ажилд орж байлаа. Тэр ед Hi-pay гэсэн гар утасны аппликэйшнээс ажлын зар харж байгаад шөнийн 2 цагт бичээд явуулахад өглөө 8 цагт хүний нөөц нь над руу ирээд уулзаарай гэж ярьсан. Ингээд л ажилд орсон.
-Таны энэ амьдралаас олж авсан ололт юу вэ?
-Хийсэн бүтээсэн зүйл минь миний ололт юм болов уу.
-Та дотны найз, нөхдийнхөө юуг нь илүү үнэлдэг вэ?
-Би цөөхөн найзтай. Тэдэнтэйгээ 10, 20 жилийн өмнө ч, одоо ч ярьдаг зүйл байдаг юм. Нэг байшин бариад нэг нэг өрөөнд нь амьдарна гэж ярьдаг. Энэ яриаг одоо хүртэл ярьдаг. Гэхдээ одоог хүртэл биелүүлээгүй. Амар амгалан хамьдаа байя гэсэн ийм сайхан бодолтой.
-Таны энэ амьдрал дээрх баатар хэн бэ?
-Миний аав юм.
-Танаас тусламж авах гэж хандаж байгаа хүмүүс голцуу ямар тусламж хүсдэг вэ?
-Сүүлийн үед зөвлөгөө авдаг болсон. Би аль болох бүтэх талаас нь харж зөвлөдөг. Шууд наадах чинь бүтэхгүй гэж болохгүй.
-Таагүй өдрүүдэд таны сэтгэлийг юу засдаг вэ?
-Тухайн нөхцөлд асуудал шийдэдэхгүй нь тодорхой болчихвол түр орхиод гэртээ гэр рүүгээ явж, гэртээ байдаг.
-Та ямар зүйлийг хүлээх ёстой гэж боддог вэ?
-Амжилт хурдан ирэхгүй. Ямармаа нэгэн юм хийж байгаа амжилтад хүртлээ явах ёстой гэж боддог. Өнөөдөр эхлүүлээд маргааш амжилтад хүрчихнэ гэж байхгүй.
-Юунд илүү бодитой хандахыг хүсдэг вэ?
-Хүний харилцаанд л илүү бодитой хандъя гэж боддог. Цахим сүлжээ, холын харилцаа бол бодитой биш. Яг та бид хоёр шиг суугаад харилцаж байгаа харилцаа илүү бодитой байх ёстой, үнэн байх ёстой.
-Та хэр хэнхэг хүн бэ. Хэнхэг зан чанар илэрдэг бол юун дээр илэрдэг вэ?
-Манай эхнэр бага охиныг тээж байсан юм. Шөнийн 4 цагт өвдөлт өгсөн. Машинаа асаагаад, эхнэрээ суулгаад эмнэлэг рүү явсан. Улаан гэрэл асаж, эхнэрийн өвдөлт нь бүүр хүчтэй болсон. Намайг яваач ээ гэж орилж байсан л даа. Гэхдээ би дүрэм, журмаараа л явсан. Үүнийг хэнхэг гэх үү, өвөө эмээ дээрээ өссөнийх үү.
-Таны сэтгэлийг хамгийн ихээр зовоодог зүйл юу вэ?
-Би 1987 онд нэгдүгээр ангид орж байсан. Картын бараа ямар байсныг мэднэ. Зах зээлийн зах цухаас нь амссан. Талханд алалцаж байсан үе. Бүх юм хягаартай. Тэр үе рүүгээ Монгол Улс маань буцчих гээд байгаа юм шиг бодол төрж, үе үе санаа зовоодог.
-Хамгийн хайртай дотны хүнээ аврахын тулд хууль зөрчиж чадах уу?
-Хэн нэгнийг аврахын тулд хууль зөрчинө гэж хуульдаа байхгүй. Хэрвээ ямар нэг аюул тохиолдсон бол авран хамгаалах, аргагүй үед өөрийгөө хамгаалах нь хуулиараа зөвшөөрөгдсөн.
-Нэр хүнд гэдэг үгийг цөөн үгээр тодорхойлооч?
-Хийсэн ажил, явсан зам юм. Бусын төлөө хийж байсан зүйл, хэр шударга, үнэнч явсан зам мөр.
-Ямар нэгэн зүйл хийж байгаад шантраад, шалдаа бууж байсан үе бий юу?
-Байлгүй яах вэ. Би барилга барьдаг байсан. Долоо хоногт хэдэн төгрөг тавих, хэдэн төгрөгийн цалин авах нь бүгд тодорхой. Нэг удаа цалин тавих болоход мөнгөгүй болж, улсын баяр наадмын ч үе байсан. Энэ үед үнэхээр шалдаа бууж байсан. Миний ажлыг хийснийхээ төлөө тэр хүн гэртээ харихдаа хоосон очих болчхоод байгаа байхгүй юу. Тухайн үед байраа хямд борлуулах, хүнээс зээлэх зэргээр үнэхээр мухардалд орж байсан үе бий бий.
-Олны өмнө ил байхын давуу болон сул тал юу вэ?
-Давуу талыг нь мэдэхгүй байна. Сул тал нь олон хүүхдүүд харж үлгэр дуурайл авч байдаг. Олны танил хүмүүс харилцаа хандлагаараа эерэг зүйлийг үзүүлж байх хэрэгтэй.
-Өчигдөр, өнөөдөр, маргааш. Та алинаар нь амьдарч байна?
-Мэдээж өнөөдрөөрөө амьдарч байна. Ирээдүйгээ харж амьдарч байна. Өчигдрөө харж дурсаж байна.
-Ирээдүйнхээ талаар асууж болдог бол та юу асуухыг хүсэж байна вэ?
-Магадгүй тодорхой хугацааны дараа миний туулсан амьдрал хэр цэх байсан юм бэ, миний хийж байгаа зүйл хэр зөв байсан юм бэ гэдгийг ирээдүйгээсээ асуух байх.
-Хүний хамгийн муухай зан чанар таны хувьд юу вэ?
-Хударгагүй байх.
-Бидний нийгэмд зохицуулалт шаардсан юу байна?
-Хотын түгжрэл. Яаж машин барьж явна гэж хаширтал түгжирч байна. Миний санаж байгаагаар 10 жилийн өмнө л дугаарын хязгаарлалт хйигээд асуудал шийдэгдчихдэг байсан бол шийдэгдэх байлаа.
-Замын түгжрэлийг яаж шийдвэл болох вэ?
-Зогсоол их байх ёстой юм байна лээ. Манайхаас илүү хүн амтай, нягтралтай хотууд байна шүү дээ. Жишээлбэл, Нью Йорк нэг урсгалтай. Нэг урсгалынхаа зам дагуу машинууд нь зогсож байдаг. Гэрлэн дохиогүй уулзвар дээр гарц байгааг яаралтай шийдэх хэрэгтэй.
-Таны хийж хэрэгжүүлсэн зүйлүүдээс хамгийн их бахархалтай нь аль нь вэ?
ЯРИЛЦЛАГЫГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:
-Нүүдлийн мал аж ахуйг эрчимжсэн мал аж ахуй болго нь зүйтэй гэж нэг хэсэг нь үзэж байхад нөгөө хэсэг нь өв соёлоо байхгүй болгох гэж байна гэж хуваагдчихаад байна. Үүний аль талд нь та байна вэ?
-Би аль аль талд нь байгаа. Учир нь манай найз фермерийн аж ахуй эрхэлж, хөгжүүлэх зорилготой ажилладаг. Уламжлалт мал аж ахуй эрхэлж байгаа хүмүүс өдийг хүртэл мэдээлэл хангалттай авч чаддаггүй учраас хуучинтайгаа зууралдаад байгаа юм. Яг туршилтыг нь хийгээд, арга барил нь ийм байна гээд тодорхой зааж өгөхөд хэрэгжүүлнэ шүү дээ. Тэгэхэд мал аж ахуйн чиглэлийн агентлаг, газрууд, сургуулиуд юу хийж байна вэ.
-“МонголЧех металл” ХХК зах зээлийн хүнд хэцүү цаг үед нийгмийг авч явж байсан юм билээ. Энэ үеийг та хэр сайн мэдэх вэ?
-Яг дунд нь орж ажиллаж байгаагүй ч аавыгаа компаниа яаж ашигтай авч явах гэж хичээж, зүтгэж байсныг маг сайн мэднэ. Одоо л эрэлттэй болсон жоншийг тухайн үед хүмүүс тоодоггүй байсан юм.
-Баяжуулах үйлдвэр болгох санаа танд яаж төрсөн бэ?
-Анх ажиллаж эхэлснээс хойш тодорхой хувь нь үлдээд л байдаг. Дангаар нь ашиглахад эдийн засгийн үр ашиггүй. Үүнийг баяжуулж, боловсруулж, өртөг нэмж зарахаас өөр аргагүй. Үйлдвэр барихаас өөр аргагүй л гэсэн үг.
-Энэ үйлдвэрийг барихад хэцүү байсан уу?
-Хэцүү байсан. Яагаад 2010 онд үйлдвэрээ барьж болоогүй, 2019 онд барьсан бэ гэдэг нь санхүүжилттэй л холбоотой байсан. Монголоос бусад газар маш их мөнгө байгаа. Тэд боломжийг хараад л сууж байдаг. Хаана сайн нөхцөл байна, мөнгөө өсгөх боломж байна тэрийг андахгүй. Бид хөрөнгө оруулалт авахын тулд тэдэнд итгэл үнэмшил төртөл нь өөрсдийгөө бэлдэх ёстой.
-Гадаадын банкнаас санхүүжилт автлаа чамгүй хугацааг туулсан юм байна. Дотоодын банкнаас зээл авсан уу?
-Ковидын цар тахлын үе таарсан учраас анх босгосон мөнгө хүрэхгүй, хоёр жилийн хугацаанд өртөг нь өндөрссөн. Иймээс арилжааны банкнуудаас бизнесийн зээл аваад л явсан.
– Таны ажиллаж буй салбарын ирээдүй ямар байна вэ?
-Дэлхийн хөгжилтэй нягт холбоотой. Нэг хэсэг 2036 он гэхэд нүүрсний хэрэглээ байхгүй болж, эрчим хүчийг нүүрснээс биш өөр зүйлээс авах юм байна гэж ярьж байсан. Орос Украйны дайнаас өмнө шүү дээ. Одоо эргээд нүүрсний хэрэглээ нэмэгдэж байна. Яг үүнтэй адил жоншны хэрэглээ буюу батарейны технологи өөрчлөгдөж магадгүй. Мэдээж энэ салбар маш олон технологийн туршилтууд явж байгаа.
-Хамгийн том худалдан авагч нь ямар улс орнууд байдаг вэ?
-Аж үйлдвэр хөгжсөн орон болгон манай баяжмалын хэрэглэгч. Бид далайн цаадхыг харах шаардлага байхгүй. Яг урд талд дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч, хэрэглэгч байна. Манай улс хамгийн сайн ханган нийлүүлэгч болох боломжтой.
-Танай үйлдвэр олборлолтоос боловсруулалт руу шилжсэн байна. Тэгвэл танд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх амбиц бий юу?
-Нэгдүгээрт, эрчим хүчнээс хараад бус болчихмоор байна. Өөрөөр хэлбэл нарны эрчим хүчийг ашигладаг болмоор байна. Жишээлбэл, төвийн бүсийн тог цахилгаанд доголдол гарлаа гэхэд үйлдвэр зогсчихно. Энэ үед нарны эрчим хүчээ ашиглаж хэвийн ажиллаж байдаг болмоор байгаа юм. Хоёрдугаарт, манай үйлдвэрээс барилгын материалд хэрэгтэй түүхий эд гардаг. Үүнийг барилгын бүтээгдэхүүн болгомоор байгаа юм.
-Жишээ нь ямар бүтээгдэхүүн хийх вэ?
-Блок, тоосго хийж болно. Гуравдугаарт нь, химийн үйлдвэр болгох боломжтой. Алхам алхмаар л үйлдвэр хөгждөг.
-Үйлдвэр байгаа орон нутагтаа нийгмийн хариуцлагын хүрээнд танай компани ямар ямар ажлуудыг хийж хэрэгжүүлсэн бэ?
-Нийгмийн хариуцлагын хүрээнд тухайн орон нутагтайгаа гэрээ хийдэг. Энэ бол маш зөв жишиг. Манай компанийн хувьд тухайн сумынхаа хог, төв цэвэрлэх байгууламжийн асуудал мөн зам барих, засварыг нь шийдэх зэргээр жил жилдээ тохиролцоод явдаг.
-Төр бизнес рүү орох нь зөв үү. Үүнийг та хэрхэн хардаг вэ?
-Би 100 хувь эсрэг байдаг. Яагаад гэвэл төр нь төрөөрөө, бизнес нь бизнесээрээ байя. Төрийн хийх ёстой бодлого боловсруулах ажил мундахгүй их. Хуулиа гаргаж, хуулиа батлуулах ёстой. Төрийн мөн чанар бизнес хийх биш. Төр ашгийн төлөө мөнгө хийгээд явж байна гээд бод доо. Төр зохицуулалт хийгээд л яваг.
-Улс эх орны хөгжлийн хурдасгуур нь юу байгаасай гэж та боддог вэ?
-Бизнесийн орчин эрүүл байх ёстой. Одоо бол эрүүл биш байгаад байна. Монголын эдийн засаг тэлж чадахгүй, дороо эргээд л байгаа. Хүний нөөц маш хязгаарлагдмал байна. Барилга барихад барилгын материал хэрэгтэйн адил бизнес хийхэд бизнесийн материал хэрэгтэй. Бизнесийн материал гэж юуг хэлээд байна вэ гэхээр хүний нөөц, дэд бүтцийн хөгжил, санхүүгийн хямд эх үүсвэр, түүхийн эдийн тогтвортой хангалт, худалдан авах чадвартай хэрэглэгч юм. Монголд бизнес хийх маш хэцүү. 1990-2000 оны үед эхэлсэн бизнесүүд одоо маш том болсон. Харин одоо бизнес эхлүүлэхэд маш төвөгтэй. Нүүрс ухаагүй, барилга бариагүй бол шууд компаниа өргөжүүлээд явахад хэцүү.
-Монгол Улс бизнес эрхлэгч нартаа ээлгүй байна гэж хэлж байна уу, та?
-Тодорхой шүү дээ. Ямар сайндаа л ажил хийж байгаад болохоо байхаараа гадагшаа гараад явах вэ дээ. Бизнес хийгээд явахад өдрийнхөө хоолыг олж, ёстой хоёр идэхгүй, хоосон гэдэг л болно.
-Та Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн зохицуулагч гэдэг албан тушаалтай юм билээ. Танайх бусад байгууллагуудаас хэрхэн ялгардаг вэ?
-Иргэд бизнесийн орчинд байнга орж бараа бүтээгдэхүүн худалдаж авч, үйлчилгээ авч байна. Энэ нь яг өөрсдийнхөө өрсөлдөөнийхөө журмаар хэрэглэгчдийн эрх ашиг нь хангагдахгүй. Хэрэглэгчидтэй холбоотой асуудлыг дээр үеэс л мэддэг, хамгийн чухлаар авч үздэг байсан. “Хэрэглэгч бол хаан” гэдэг зарчмаар явж байж стандарт бараа, бүтээгдэхүүний стандартыг хангах юм байна гэдгийг ойлгосон байгаа юм. Нөгөө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ зарчмыг хангуулаад ажиллуулах боломж байгүй. Хүн бүрд, бизнесийн салбар болгонд хүрч ажиллах боломж байхгүй. Төрийн агентлаг учраас олгогдсон хуулийнхаа хүрээнд л бичиг цаас хийхээс өөр аргагүй. Бүх зүйлд төр оролцож чадахгүй. Гадаадын улс оронд төрийн бус байгууллагад эрх, үүргийг нь олгож, тэд нараар дамжуулж иргэд, хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалдаг.
-Эрх нь зөрчигдсөн хэрэглэгч цахим сүлжээнд л бичдэг болжээ. Үүнээс өөр гомдол гаргах газар байхгүй юм биш үү?
-Тийм. Пост бичиж, лайв хийдэг. Гэхдээ асуудал шийдэгддэггүй, намждаг. Маш олон жижиг маргаан гардаг. Тэр болгоныг шүүхээр яваад шийдэх боломжгүй. Тэгэхээр яаж хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах вэ гэхээр биеэ даасан платформ байх ёстой юм байна лээ. Ингэснээр хаана ямар чанартай, чанаргүй бараа, бүтээгдэхүүн байна гэдгийг мэдэж авна. Мэдээлэлтэй байна гэдэг нь сонголттой байна гэсэн үг. Сонголттой байна гэдэг сайн байна гэсэн үг. Сайн байгаа нь бизнесийн зах зээл дээр тогтож үлдэх юм.
-Бидний урилгыг хүлээн авч, ярилцсанд баярлалаа.