НЗДТГ-аас 2014 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Улаанбаатар марафон 2024” өдөрлөг болоход 8 хоног үлдлээ. Марафон гүйлтийн үеэр сайн дурын ажилтнуудыг дайчлан ажиллуулдаг олон улсын жишгийг мөрддөг билээ.
Өнгөрсөн жил “Улаанбаатар марафон”-д сайн дурын ажилтнаар 800 орчим залуус бүртгүүлж байсан бол энэ жил 900 гаруй залуус бүртгүүлжээ. Тэднээс 500-г нь шалгаруулан марафоны үеэр ажиллуулах юм. Энэ жил зохион байгуулагчдын зүгээс “Улаанбаатар марафон 2024”-т оролцох сайн дурын ажилтнуудад зориулсан эхний сургалтыг тавдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд АШУҮИС-ийн төв байранд зохион байгуулж байна.
“Улаанбаатар марафон”-д оролцогчид нь янз бүрийн насны, тусгай хэрэгцээт иргэд гүйдэг учир нэг дор олон хүнийг гүйхэд бие биедээ саад болохгүй, хүндэтгэлтэй хандахад нь сайн дурын ажилтнуудын үүрэг оролцоо, зохицуулалт хамгийн чухал. Мөн сайн дурын ажилтнууд нь марафоны үндсэн зохион байгуулалт болон гүйлтийн уралдааны тухай ерөнхий мэдлэгтэй байхыг шаарддаг. Сайн дурын ажилтнууд гүйж буй хүмүүст урам хайрлах үг хэлж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэх зорилготой ажилладаг. Тиймээс тэдний үг ярианаас гадна биеэ авч явж буй байдал, хувцаслалт хүртэл үлгэр жишээ байх хэрэгтэй. Сайн дурын ажилд оролцсоноор залуусын хувьд өөрийгөө нээх, бусадтай харилцах, багаар ажиллах чадвараа сайжруулах гээд олон давуу талтай.
“Улаанбаатар марафон” өдөрлөгт оролцсон сайн дурын ажилтнуудад Нийслэлийн Засаг даргын гарын үсэгтэй “VOLUNTEER CERTIFICATE” олгодог тул залуус уг батламжаа гадаад улсад суралцах хүсэлт, танилцуулгадаа ашиглах боломжтой байдгаараа мөн давуу талтай.
“Улаанбаатар марафон”-ыг хамтран зохион байгуулагч "Hipay" компаниас марафонд оролцогчдын бүртгэлийг цахимжуулан нэгдсэн системд холбож, RFID технологийн шийдлийг ашиглан гүйгчдийн гараа, бариаг бүртгэх болон барианд орсон зургийг нь тухайн хүний бүртгэлтэй хаяг руу илгээх, гүйгчдийн гүйлтийн үеийн үзүүлэлтийг хэмжих автоматжуулсан технологийг нэвтрүүлсэн билээ. Уг технологийн шийдлийн талаар "Hipay" компанийн сайн дурын ажилтан хариуцсан ажилтан Ч.Дашсүрэн мэдээлэл өглөө. Харин гүйгчдийн сэтгэл зүйн онцлог ялгаа, багаараа хэрхэн ажиллах тухай танилцуулга сургалтыг АШУҮИС-ийн багш, “Ахиллис Монгол” олон улсын байгууллагын үүсгэн байгуулагч О.Саранчулуун өгсөн юм.