logo
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль эцэслэн батлагдлаа

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль эцэслэн батлагдлаа

2024/05/17

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан “Бүтээлч үйлдвэрлэл хөгжлийн бодлогын суурийг тавьж, бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн бие даасан салбар болгон хөгжүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталлаа.

Урлахуйн үйлдвэрлэл болох соёлын бүтээлч үйлдвэрлэл нь тогтвортой хөгжлийг хангах үзэл баримтлалыг дэмжиж, эдийн засгаа олон тулгууртай болгох, бүтээлч авьяас билгийг нөхөн сэргээгдэх нөөц байдлаар хамгаалж, хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэгддэг. ЮНЕСКО-гоос хийсэн судалгаагаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хувьд 2.2 их наяд ам.долларын орлоготой, 30 гаруй сая ажлын байрыг бий болгож, экспортын нийт орлого нь 253 тэрбум ам.доллар байна.   

Тэгвэл Соёлын яамнаас хийсэн Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь судалгаанаас үзэхэд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн ДНБ-д оруулж буй хувь нэмэр 481.4 тэрбум төгрөг буюу улсын дүнд 1.4 хувийг эзэлж байгааг тогтоосон. Энэ салбарт 11,697 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагаас 5,665 нь идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж байна. Түүнчлэн дэлхийн нийтээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих төрөл бүрийн бодлогыг санаачлан хэрэгжүүлж, цар тахлын дараа эдийн засгийг сэргээх, цаашид улс орны тогтвортой хөгжлийг хангах, бүтээлч авьяас билгийг нөхөн сэргээгдэх нөөц байдлаар хөгжүүлэх гол салбараар нэрлэж байна. 

Энэ цаг үед Монгол Улс өөрийн орны өвөрмөц онцлог, нөөцөд тулгуурласан, олон улсын чиг хандлага, технологийн хурдтай хөгжилд уялдуулсан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хэлбэр, удирдлага зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулж, дараах нөхцөлийг бүрдүүлнэ.

  • Хүүхэд, залуучуудын соёлын хэрэглээг идэвхжүүлэх, соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх, соёлын салбарыг тэлэх, соёл хүртэх дадал зуршлыг бий болгох, урлагт чин сэтгэлээсээ татагдах байдлыг дэмжих нөхцөлийг бүрдүүлж, 16-18 насны Монгол Улсын иргэнд Соёлын эрхийн бичиг эзэмшүүлнэ. Уг эрхийн бичиг нь цахим бүртгэлийг ашиглаж тодорхой хэмжээний бүтээгдэхүүн, бараа, үйлчилгээ авахад зориулагдсан тоо хэмжээг илэрхийлсэн хэрэгсэл байна.

  • Соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, иргэдийн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд уран бүтээлч, соёлын ажилтныг тасралтгүй хөгжүүлэх, хүний нөөцийг тогтмол дэмжих нөхцөл бүрдлээ.

  • Программ хангамжийн салбар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүх салбарт нөөц шилжүүлдэг гол салбар болохын зэрэгцээ программ хангамжийн энэ онцлог шинж нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дижитал шилжилтийн суурь болж байгаа тул соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, бүтээх, үйлдвэрлэхэд шаардлагатай технологийг шинээр нэвтрүүлэх, дамжуулах, хөгжүүлэх төсөлд дэмжлэг үзүүлнэ.

  • Оюуны бүтээлийг хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэн, үр шимийг нь хүртэх нөхцөлийг бүрдүүлж, “Соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашиглах тохиолдол бүрийг бүртгэх, хянах систем, дэд бүтцийг нэвтрүүлэх”-ээр боллоо. Ингэснээр уран  бүтээлчдийг уран бүтээлийнхээ үр шимээр амьдрах боломжийг бүрдүүлж, уран бүтээлч нийгмийн болон санхүүгийн баталгаагүй хэвээр үлддэг нөхцөл арилна.

  • Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийн маркетингийн сурталчилгааны үйл ажиллагааг дэмжих, олон улс, бүс нутгийн түвшинд ажиллах, олон улсын зорилтот зах зээлийн судалгаа хийх, үндэсний соёлын агуулга бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхэд шаардлагатай зөвлөх үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг дэмжинэ.

  • Төр, хувийн хэвшлийн түншлэлээр соёлын бүтээлч үйлдвэрлэлд хамаарах хөрөнгө оруулалт, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн кластер, парк, цогцолбор, инкубатор байгуулан ажиллагаагаараа хорших, төрөлжих, хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, экосистем, бүтээлч орон зайг бий болгоход дэмжлэг үзүүлнэ.

  • Соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ болон түүнийг бүтээх, үйлдвэрлэх, түгээх, ашиглах үйл явцыг бүртгэхэд олон улсын стандарт, ангиллыг баримтална.

  • Соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашиглах тохиолдол бүрийг бүртгэх, хянах системийн тоног төхөөрөмжийг соёлын бүтээгдэхүүний төрлөөс хамаарч нэвтрүүлэхэд үзүүлэх дэмжлэгийг төрөөс нэг удаа, хянах систем хөгжүүлэх зардлын дэмжлэгийг хуулийн этгээд, хамтын удирдлагын байгууллагыг сонгон шалгаруулсны үндсэн дээр 5 жилийн хугацаанд үзүүлнэ.

  • Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, соёлын өвийг хамгаалах зорилгоор албан татвар ногдох орлогын 5 хувиас хэтрэхгүйгээр өгсөн хандивыг албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцохоор боллоо.

  • Монгол Улсад бүтээх боломжгүй том хэмжээний уран баримал, урлагийн бүтээлийг болон гадаад улсаас Монгол Улсад авчрах соёлын өвийн хуулбарыг гаалийн татвараас чөлөөлнө хэмээн Соёлын яамнаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш