Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Япон улсад айлчилж байна.
Энэ хүрээнд "ЖАЙКА" олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Тэргүүн дэд Ерөнхийлөгч Ж.Ямадатай уулзан, цаашдын хамтын ажиллагаа болон Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тус байгууллагаас олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирснээс Улаанбаатар хотын авто замын дэд бүтцийг хөгжүүлэх, замын сүлжээг өргөтгөх, замын хөдөлгөөнд иргэд аюулгүй тухтай зорчих нөхцөл бүрдүүлэх хүрээнд дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.
"ЖАЙКА" олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Тэргүүн дэд Ерөнхийлөгч Ж.Ямада “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг өргөтгөх судалгаа болон Улаанбаатар хотын тодорхой байршилд олон түвшинт гүүр байгуулах чиглэлээр судалгаа хийж байна. Цаашид Улаанбаатар хоттой дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдэд хамтарч ажиллана” гэв.
Түүнчлэн дэд бүтэц, зам гүүрний мэргэжилтэн, ус, дулаан хангамж, хот төлөвлөлтийн чиглэлд хүний нөөц бэлтгэх чиглэлээр "ЖАЙКА" олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллана.