logo
У.Отгонбаяр: “Бүсчилсэн хөгжил” - ийн гол зорилго нь хот, хөдөөгийн ялгааг арилгах юм

У.Отгонбаяр: “Бүсчилсэн хөгжил” - ийн гол зорилго нь хот, хөдөөгийн ялгааг арилгах юм

2024/05/21
Үзэгч, сонсогч, уншигчдад бэлтгэн хүргэдэг “100 асуулт” нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор Монгол Улсын Ерөнхий сайдын Бүсчилсэн хөгжил хариуцсан зөвлөх У.Отгонбаяр оролцож, ярилцсаныг хүргэе. 
 
-Сайхан зусаж байна уу, та?
-Зуслан сайхан болж байна. Энэ жил хүнд өвөл, хавартай туллаа. Би саяхан зүүн бүсийн нутгуудаар явж байгаад ирлээ. Сайхан зун болох шинжтэй байна.
-Өнгөрсөн өвөл Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь зудад нэрвэгдсэн. Ялангуяа таны очоод ирсэн зүүн аймгууд буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт хамгийн хүнд байсан. Малын хорогдол хэр их гарсан байна вэ?

-Сүхбаатар аймаг хамгийн их малын хорогдолтой байна. Монгол Улс зудаас өмнө 70 сая гаруй мал тоолуулсан. Үүнээс саяын зуднаар 10 орчим хувь нь хорогдсон байна. Үүний 50 хувийг зүүн бүс нутаг эзэлж байна. Ер нь цаашдаа мал аж ахуй зонхилох уу, үгүй юу гэсэн олон асуулт гарч ирж байна шүү.

-Манай уншигчдад өөрийгөө болон гэр бүлээ танилцуулна уу?
-Намайг Ухнаагийн Отгонбаяр гэдэг. Би эцэг эхээс тавуулаа, айлын отгон хүүхэд. Эхнэр, дөрвөн охины хамт амьдардаг. Хоёр том охин маань их сургуульд сурч байна. Бага хоёр нь дунд сургуулийн сурагч. Том охин маань ОХУ-ын Москва хотод анагаахын нэгдүгээр сургуульд эмчээр суралцаж буй. Энэ жил V курс.

-Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул уу?
-Тийм. Бидний өвөг дээдэс Хан Хэнтий нутгийнх. Аав минь Сүхбаатар аймгийн Халзан суманд төрж, өссөн. 18 настайдаа Улаанбаатар хотод ирж ажил, амьдралынхаа гарааг эхлүүлсэн гэдэг. Говь-Алтай аймагт ажлаар явахдаа ээжтэй минь танилцаж, таван хүүхэд түрүүлж өсгөжээ.

-Та арван жилийн сургуулиа хаана төгссөн бэ?
-Д.Сүхбаатарын нэрэмжит Нийслэлийн ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийг төгссөн. МУИС-ийг Улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжлээр төгссөн. Австралид Бизнесийн магистрын зэрэг хамгаалсан. Сургууль төгссөн цагаасаа хойш төрийн албанд ажилласан. Үйлдвэр худалдааны яам гэж байх үед мэргэжилтнээр ажилласан. Бүтцийн өөрчлөлтөд орж, Хөдөө аж ахуйн яаманд ажиллаж байгаад, Австрали руу явсан. Ирээд Барилга, хот байгуулалтын яаманд ажиллаж байгаад, 2017 онд төрийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Ийм түүхтэй.

-Их сургуулиа төгсөөд, ажлын анхны гараагаа хаанаас эхлэв?
-2006 онд Үйлдвэр худалдааны дэд сайдын туслах мэргэжилтнээр ажлын гараа эхэлсэн.

-Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?
-Хэлсэн үгэндээ эзэн байхыг л боддог.

-Нандигнадаг зүйл нь юу вэ?
-Дөрвөн хүүхэд, удам судраа нандигнадаг.

-Энэ амьдралаас олж авсан хамгийн том ололт тань юу вэ?
-Би сүүлийн жилүүдэд Ерөнхий сайдын зөвлөхийн алба хашиж байна. Мөн Сүхбаатар аймгийнхаа Нутгийн зөвлөлийн тэргүүний албыг хашиж байна. Үүний зэрэгцээ нутгийнхаа “Жавхлант” бөхийн дэвжээний тэргүүнийг хийлээ. Олон нийтийн ажлуудаас би маш их зүйл олж авсан.

-Таныг тодотгодог зан чанар?
-Миний хувьд хүмүүс болон аливаа зүйлийг нэгтгэж, нийлүүлэх юмсан гэж боддог. Энэ мөн чанар намайг олон зүйл дээр тодотгодог байх.

-Найз нөхдийн ямар зан чанарыг илүүд үздэг вэ?
-Хүн бүрд багын, оюутан насны, ажил, амьдралын гэх мэт олон найз байдаг. Найзаа гэсэн сэтгэлийн мухарт байдаг чин сэтгэлийг хүсэмжилдэг.

-Таны амьдралын баатар хэн бэ?
-Миний аав Жамъянгийн Ухнаа. Мөн миний ах Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх. Энэ хоёр хүн миний амьдралын баатар юм.

-Ерөнхийлөгч ахтай байх гоё уу?
-Хүний хувь тавилан юм даа. Сайхан, муухай гэж хэлэх нь өрөөсгөл.

-Танд олон гуйлга ирдэг үү?
-Ажил төрлөө бүтээх гэсэн хүмүүс хандана. Болохгүй юм бол болохгүй шүү дээ. “Миний мэдэх асуудал биш байна” гээд шулуухан хэлчихдэг юм.

-Ерөнхийлөгч ахтай байхын хэцүү нь юу вэ?
-Зарим зүйл хязгаарлагддаг. Нуулгүй хэлэхэд, үг хэл, үйлдлээ цэгнэж явдаг. Жишээ нь, ах маань Ерөнхий сайд болох үед би Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга хийж байсан. Яалт ч үгүй Засгийн газар хэмээх байгууллагад хамт ажиллаж байгаа учир тэр бүрд нүүр тулах зайлшгүй шаардлага гардаг. Ах, дүү хоёр нэг дор ажиллах нь зохимжгүй юм билээ. Тэр үед чи ажлаа хийх үү, би хийх үү дээрээ тулсан. Энэ үед би бодсоны эцэст ахынхаа төрд зүтгэж байгаа ажилд нь амжилт хүсээд, төрийн албаны ажлаа хүлээлгэж өгсөн. Бас тийм ч амар шийдвэр байгаагүй.

-Хүнд хэцүү цаг үед таны сэтгэлийг юу засдаг вэ?
-Гэр бүл минь засдаг. Тэр дундаа миний эхнэр сайхан сэтгэлтэй, сайхан эмэгтэй байдаг. Хүнд хэцүү үед минь урмын үгээр тэтгэдэг. Энэ үг нь үнэхээр нуруун дээрээс юм аваад тавьчихсан юм шиг л болдог.

-Төгс аз жаргал гэж юуг хэлэх вэ?
-Элэг бүтэн гэр бүлийг хэлнэ.

-Хамгийн ихээр харамсаж явдаг зүйл нь юу вэ?
 -Байдаг ч гэлээ ил гаргаад байх сайхан зүйл биш.

-Юунд илүү бодитой хандахыг хүсдэг вэ?
-Амьдралд илүү бодитой хандахыг хүсдэг. Ер нь аливаа зүйлд бодитой хандах хэрэгтэй.

-Таны амьдралдаа гаргаж байсан хамгийн зөв шийдвэр юу вэ?
-Ханиа зөв сонгосон.

-Тэгвэл хамгийн буруу шийдвэр юу байв?
-Алдаа, оноо байлгүй яах вэ. Миний хувьд харьцангуй бага.

-Амьдралдаа хийж байсан хамгийн галзуу зүйл тань юу вэ?
-Өвлийн хүйтэнд ууланд ганцаа явж байсан минь хамгийн галзуу зүйл л гэж бодож байна.

-Ямар спортод дуртай вэ, хичээллэдэг үү?
-Олон спортоор хичээллэж байсан. Одоо тогтмол явж байгаа спорт гэвэл фитнес л байна даа. Хааяа сагсан бөмбөг, гар бөмбөг тоглодог.

-О.Хүслэн охин нь спортлог, тийм ээ?
-Миний охин Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин. Хамгийн сүүлд Азийн АШТ-ий -78 кг-ын жинд барилдаж, хүрэл медаль хүртсэн. Охиноо медалийн тавцанд зогсож байгааг нь харах сайхан байсан.

-Танайх бөхийн удамтай юу?
-Манай эхнэрийн аав, өвөө хоёр нь улсын начин Даваасамбуу, Чотонбилэг гэж хүмүүс байсан. Манай удамд бөх хүн байхгүй. Би өөрөө бөхөд сонирхолтой. Сүхбаатар аймгийн “Жавхлант” бөхийн дэвжээний тэргүүний албыг хашиж байсан. Тиймээс бөхчүүдийн амьдралтай ойр байдаг.

-Амьдралдаа хамгийн их ичиж байсан тохиолдол тань?
-Хүний өмнөөс ичих л хамгийн хэцүү юм байна лээ.

-Таны сэтгэлийг хамгийн их зовоодог зүйл юу вэ?
-Монгол орон маань зөв гольдролдоо ороосой гэж хамгийн их сэтгэл зовниж явдаг. Бидний ирээдүй, үр хүүхэд маань зөв нийгэмд амьдрах боломжтой гэдэгт итгэж найддаг. Байгалийнхаа баялгийг хэдхэн гэр бүл биш, Монголын 3.5 сая иргэн хүртдэг нийгэм бүрдээсэй гэж боддог.

-Нэр хүнд гэдэг зүйлийг та тодорхойлооч?
-Нэр хүндийг хүн өөрөө л бүтээдэг. Тэрнээс дэлгүүр ороод, талх худалдаж авч байгаа юм шиг худалдаж авахгүй.

-Сүхбаатар аймгийн Халзан сумаас хоёр ч удаа Ерөнхий сайд гарсан байх аа?
-Монгол Улсын зургаа дахь Ерөнхий сайд Цэнгэлтийн Жигжиджав, 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэсэн хоёр Ерөнхий сайд манай нутгаас төрөн гарсан байдаг. Манай Халзан сум эрдэмтэн мэргэдээрээ нэлээн дээгүүр толгой цохидог. Олон сайхан Хөдөлмөрийн баатар, гавьяаттай. Хамгийн сүүлд гэхэд дуурийн дуучин Э.Амартүвшин МУАЖ боллоо.

-Танд шалдаа бууж байсан үе бий юу?
-Санаанд буухгүй байна. Хүний л амьдрал юм чинь байсан л байх.

-Хэнийг крашилж байна вэ?
-Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчин, -78 кг-ын жинд барилдаж байгаа Отгонбаярын Хүслэнг крашилж байгаа.

-Өчигдөр, өнөөдөр, маргаашийн алинаар нь амьдарч байна вэ?
-Би өнөөдрөөрөө амьдардаг. Өнгөрсөндөө би харамсахгүй байх юмсан гэж хичээдэг.

-Ирээдүйнхээ талаар асуух боломж олдвол та юу асуух вэ?
-Охидынхоо талаар асуух байх. Яагаад ч юм охин үртэй хүн ирээдүйд миний охин яах бол, ямар хань ижилтэй болох бол, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явсан хүмүүс болоосой гэж үргэлж боддог юм билээ.

-Таныхаар хүн гэдэг амьтны хамгийн муухай зан чанар юу вэ?
-Атаархал.

-Таны хийж байсан зүйлүүдээс хамгийн бахархмаар зүйл тань юу вэ?
-Нутгийн зөвлөлийн ажлыг нэр төртэй хийгээд явж байсан цаг үе. Яагаад гэвэл нутгийнхаа иргэдийг нэгтгэж, нэгдүүлэхэд анхаарч, түүндээ ч хүрсэн гэж бодож байна. Нийлж нэгдэж чадвал олон сайхан зүйлийг хийж чаддаг юм байна лээ.

-Хандиваар ямар учиртай бурхны хөшөө барьсан юм бэ?
-Хоёр жилийн өмнө Сүхбаатар аймгийн түүхт 80 жилийн ой тохиосон. Энэ үед гарын бэлэг бэлдэх үү, эсвэл нүдэнд харагдах бүтээн байгуулалт хийх үү гэж ярилцсан юм. Тэгээд 12.5 метр өндөр, цагаан гантиг чулуун бурхан багш бүтээсэн л дээ. Анх энэ хөшөөг бүтээх гэж олон талаас нь ярьсан. Гэхдээ энэ бол урлагийн бүтээл, бурхан шүтээн, нөгөө талаас аялал жуулчлалын бүтээгдэхүүн. Сүхбаатар аймгийн Дөрвөлж толгойд очсон хүн бүр энэхүү бурханд очдог.

-Таны хувьд хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ?
-Хоол сайн хийдэг.

-Хүн хөгжихийн тулд юу хийх ёстой вэ?
-Өөрийгөө хөгжүүлэх чиглэлд тогтмол цаг гаргах ёстой. Ажилдаа бүх цагаа зарцуулах нь буруу. Тодорхой хуваарь гаргаж чадвал хүн хөгжиж чадна.

-Юунд хамгийн азтай байсан гэж боддог вэ?
-Гэр бүлийн хүнээ зөв сонгосноо л хамгийн том аз гэж боддог.

-Тэгвэл хамгийн том амжилт тань юу вэ?
-Өдий зэрэгтэй байгаа нь миний өвөг дээдэс, аав ээжээс минь үлдээсэн ололт, амжилт гэж ойлгодог.

-Та өөрийгөө хэр амжилттай яваа залуу гэж боддог вэ?
-Амжилттай явж байгаа гэж ойлгодог шүү. Төрийн болон төрийн бус байгууллагад олон жил ажиллалаа. Сайхан найз нөхдөөр хүрээлүүлсэн байна. Амжилттай явахын бас нэг тулах цэг найз нөхөд гэж ойлгодог.

-Таны гаргаж байгаа шийдвэрт юу хамгийн их нөлөөлдөг вэ?
-Дотоод сэтгэлээ л сонсдог.

-Мөнгө олохын тулд хачин ажил хийж байв уу?
-Хачин ч юу байх вэ. Арван жилд байхдаа ундаа зардаг, Дэнжийн 1000-д хувцас зарах гэх мэт ажлууд хийж байсан. Мөнгөний үнэ цэнийг багаасаа мэдэрсэн.

-Таныг энэ амьдралд урагшлахад юу түлхэц болж байна вэ?
-Хүсэл тэмүүлэлтэй явахад олон зүйл нөлөөлдөг. Гэр бүл, найз нөхдөө би тулах цэгээ гэж ойлгодог.

-Таны хань ямар ажил эрхэлдэг вэ?
-Миний хань эрх зүйч мэргэжилтэй. Хамгийн сүүлд Хууль зүй, дотоод хэргийн яамд ажиллаж байсан.

-Хамгийн сүүлд хэн нэгнээс сонссон урмын сайхан үг?
-Хүн өдөр тутамдаа урмаар тэжээгдэж байдаг. Өнгөрсөн сард би хамт ажиллаж байсан ахтайгаа таарч, тэр хүнээс урмын үг сонссон. Би цуг ажилладаг байхдаа өглөө орж ирээд л “Сайхан амарсан уу. Та кофе уух уу, цай уух уу” гэж асуудаг байсан юм. Тэгсэн үүнээс урам авдаг байсан талаараа надад хэлсэн. Энэ үг надад үнэхээр сайхан урам өгсөн.
 
-Малгүй болсон иргэдтэй уулзаад явж байхад танд тэд юу гэж хэлж байна вэ?
-Цаашдаа мал аж ахуйн салбарыг шинэчлэх зайлшгүй шаардлага байна. Жил бүр зуд турхан болно. Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд судалгаа хийж үзсэн. Нэг малчин өрх сард дунджаар 2.1 сая төгрөг зарцуулдаг. Гэтэл мал аж ахуйн салбараасаа олж байгаа орлого нь 1.5 сая төгрөг. Ингэж алдагдалтай ажиллаж байна.
Эндээс дүгнэвэл малчин өрх, мал аж ахуй “түгжрэлийн тойрог”-т орчихсон. Цагаан сарын өмнө зээл авна. Хавар ноолуураа тушаагаад төлнө. Намар хүүхдүүдийн хичээл, сургууль ороход зээл авна. Үүнийгээ мал махлах үеэр төлнө. Жилийн дөрвөн улиралд ийм байдалтай. Цаашдаа мал аж ахуй бизнес эрхлэгч болох ёстой юм байна.
5 их наяд төгрөгийг таван жилийн хугацаатай “Шинэ хоршоо” хөдөлгөөн бий болгож байна. Мал аж ахуйн салбарыг хоршооны хэлбэрт шилжүүлж, нэгдэж шинэчлэл хийхийг Засгийн газраас дэмжиж байна.
Малчны зээлийг жилийн 20-24 хувийн хүүтэй авч байна. “Шинэ хоршоо” хөдөлгөөний бодлогын хүрээнд жилийн 6 хувийн хүүтэй зээлийг хоршоодод олгож байгаа юм. Ингэснээр мал аж ахуйг ахисан түвшинд аваачих боломж бий.

-Малчид маань өөрсдөө яаж хүлээж авч байна вэ?
-Үүнийг малчид янз янзаар л хүлээж авч байна. Есөн гишүүнтэй хоршооны нэг гишүүн 50 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломжтой. Төрөөс барьцаа хөрөнгө дээр нь дэмжлэг үзүүлж байна. Жишээлбэл, 20 хүртэлх сая төгрөгийн зээл авахад зээлийн батлан даалтын сангаар дамжуулж, барьцаа хөрөнгө нь 100 хувь хариуцна. 20-40 сая төгрөгийг нь хариуцаад, тухайн хоршооны гишүүн 10 хувийг нь гаргана. 50 сая төгрөгийн зээл авбал төрөөс 80 хувийг нь Зээлийн батлан даалтын сангаар дамжуулж, барьцаа хөрөнгийг нь хариуцах юм.

-Зарим хүмүүс сонгуулийн шоу гэж хараад байна?
-Цаг хугацааны хувьд л ингэж таарч байгаа юм. Энэ жил зуд гэхээс илүү байгалийн гамшиг боллоо шүү дээ. Энэ хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ. “Шинэ хоршоо” хөдөлгөөн нь УИХ-аар хууль болоод батлагдчихсан зүйл шүү дээ. Тиймээс цаашдаа тогтвортой үргэлжилнэ.

-Малчдын зээлийг тэглэх акц бас өрнөсөн. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Өнөөдөр зээлгүй малчин өрх гэж бараг байхгүй. 1.3 их наяд төгрөгийн зээл Хаан банк, Төрийн банканд байна. Энийг Монгол Улсын эдийн засаг тэглэж чадахгүй шүү дээ. Зээлээ тэглүүллээ гээд малгүй болчихсон тэр иргэн маргаашаас нь яаж амьдрах юм бэ. нэг удаа зээлээ тэглүүлээд, мал аж ахуйн салбараасаа хөндийрөх юм уу. Эсвэл хөрөнгө оруулалтын зээлд хамрагдаж, мал аж ахуйн салбараа хөгжүүлж, үүлдэр угсааг сайжруулах, жижиг нядалгааны цех хийж, цаашдаа амьдрал ахуйгаа үргэлжлүүлэх нь зөв юм.

-Зүүн аймгийн нутгууд өвсний гарц сайтай. Харин өөр аймгийн хүмүүс ирж хадаад, овоолоод хаячихдаг гэж яриад байдаг. Үүнийг та анзаарч байна уу?
-Малын тоо гэхээс илүүтэй чанарт анхаарах шаардлагатай болж байна. Шим тэжээлтэй өвс, тэжээл өгөх хэрэгтэй. Олон малын хөлөөр бэлчээр талхлагдаж байна. Цаашдаа отор нүүдлийг ч мөн зохицуулах шаардлагатай.

-Бүсчилсэн хөгжлийн гол утга учир нь юу вэ?
-Бүсчилсэн хөгжил гэдэг нь цоо шинэ зүйл биш. Түүхийг нь яривал, 1937 оны үед эдийн засгийн бүсчлэл хийж байсан юм билээ. Тэр үеэс л бүсчилсэн хөгжлийг ярьж, тойргийг зурж байсан. “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” хэмээх том бодлогын баримт бичиг 2001 онд УИХ-ын 57 дугаар тогтоолоор батлагдаж байсан. Товчхондоо, бүсчилсэн хөгжлийн гол зорилго нь хот, хөдөөгийн л ялгааг арилгах юм. Өнөөдөр хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа бол өдөр, шөнө шиг л болсон шүү дээ. Улаанбаатар хотод хүн амынх нь 50 хувь амьдарч байна. Их, дээд сургуулиудын 96 хувь нь Улаанбаатар хотод байна.
Хөдөөгийн нүүдэл Улаанбаатар руу явж байгаа нь буруу биш. Чанартай боловсрол, чанартай эмчилгээ, ашигтай бизнес, хувь хүний хөгжил хотод л төвлөрчихлөө. Энэ хот, хөдөөгийн ялгааг арилгахын тулд л бүсчилсэн байдлаар хөгжье гэж байгаа юм. Зургаан бүс нутагт хувааж үзэхэд, хамгийн хурдан хөгжих нь зүүн бүс нутаг.

-Бүсүүдийн хөгжлийн онцлог өөр өөр байна. Зүүн бүс хэрхэн хөгжих боломжтой вэ?
-Зүүн бүсийн нутаг Хятад, Орос гэсэн хүчирхэг хоёр хөрштэй хилээр холбогдож байна. Мөн Эрээнцав-Чойбалсан гэх төмөр зам, өөрийн гэсэн цахилгаан станцтай. Сүхбаатар аймаг руу ороход Бичигтийн боомт бий. Үүнээс цааш 866 км яваад, далайн том Жин жоу боомт байдаг.
Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын маршрут болгох боломжтой. Хоёр долоо хоногийн өмнө зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын бүс нутгаар зарлачихлаа.
Дорнод аймаг гэхэд Халх гол, Мэнэнгийн тал, Буйр нуур, төрийн тахилгат Алтан дарь овоо, Шилийн богд, Ганга нуур, Талын агуй гэх мэт түүхэн газруудыг аялал жуулчлалын маршрут болгоно. Үүнийг дагасан дэд бүтэц аандаа хөгжинө. Газар зүйн хувьд ч нэн тааламжтай бүс нутаг юм.
Судлаач хүний хувьд харахад, эхний ээлжид 1-2 томоохон төслийг хөдөлгөх ёстой. Үүний нэг нь босоо тэнхлэгийн төмөр зам. Одоо байгаа Эрээнцав-Чойбалсан төмөр замыг Бичигт, Хөөттэй холбож чадвал зүүн бүс нутаг Хятад, Монгол, Орос гэсэн гурван улсыг дамнасан эдийн засгийн том коридор бий болох боломжтой. Ази Европыг холбосон ачаа барааны эргэлт манай бүс нутаг дээгүүр явах боломжтой.

-Зүүн бүс нутгийн иргэд ямар санал хүсэлт хамгийн их хэлж байна вэ?
-Малчдын хувьд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг дийлэнх нь дэмжиж байна. Мал аж ахуйн салбар нийлж нэгдэх нь зайлшгүй зөв юм. Амжилттай яваа хоршоо цөөнгүй байдаг юм билээ. Жишээлбэл, Цэнхэрмандал сумын өрхүүд нийлж, ногоон тэжээл тарьсан байна. 45 мянган боодол ногоон тэжээл хураан авч, өвөл хаврыг түүртэхгүй давсан байна. Энэ бол нэгдэж нийлсний маш том жишээ. Тэгэхээр цаашдаа малчид маань нийлж, нэгдэж чадвал мал аж ахуйн салбарын хөгжил өндөр түвшинд хүрнэ. “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэж үг бий шүү дээ. Хэрвээ нийлж нэгдээд, хоршооны зохион байгуулалтад орчихвол айл бүр трактор авах шаардлагагүй.


-Таны хамгийн том мөрөөдөл юу вэ?
-Охиноо олимпын тавцанд медаль авч, олимпын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлэх мөчийг харах юмсан гэсэн мөрөөдөлтэй.

-Таны цаашдын ажил үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

ЯРИЛЦЛАГЫГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:


 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш