logo
Нийслэлийн 6 байршилд зам засвар, шинэчлэлтийн ажил хийж байна

Нийслэлийн 6 байршилд зам засвар, шинэчлэлтийн ажил хийж байна

2024/05/27

Нийслэлийн замын хөгжлийн газраас Улаанбаатар хотод хийгдэж буй авто зам засвар, шинэчлэлтийн талаар мэдээлэл хүргэлээ.

Нийслэлийн хэмжээнд нийт 17 байршилд засвар, шинэчлэлтийг ажлыг гүйцэтгэхээр төлөвлөсөн. Үүнээс 7 байршилд 8.1 км авто зам засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж дуусжээ. Тухайлбал, Баянзүрх дүүрэг Зүүн 4 замын уулзвараас Нарантуулын уулзвар хүртэл 1,1 км авто зам, Баянзүрх дүүрэг Ботаникийн эцсийн буудлаас Улиастайн гүүр хүртэлх 2,4 км авто зам, Хан-Уул дүүрэг Чингисийн өргөн чөлөөнөөс үйлдвэрийн гудамж хүртэлх 0,5 км авто зам, Хан-Уул дүүрэг ХААИС-ийн уулзвараас зүүн тийш Буган Халиун хүртэлх 0,9 км авто зам, Баянзүрх дүүрэг Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар чиглэлийн 0,9 км авто зам, Баянгол дүүрэг Вокзалаас хойш Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 0,6 км, Баянзүрх дүүрэг Харуул Алтай хотхоноос хойш Шархадны зам хүртэлх 0,8 км авто замын ажлууд хийгдэж дууссан байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн 6 байршилд 6.8 км авто зам засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Тухайлбал, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг Цэцэг төвийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх 1,7 км авто зам, Баянзүрх дүүрэг Дүнжингаравын фрезерээс И мартын уулзвар хүртэлх 1,5 км авто зам, Баянзүрх дүүрэг Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвараас Өгөөмөр зах чиглэлийн 0,9 км авто зам, Сонгинохайрхан дүүрэг Цэргийн хотхоноос Тахилтын уулзвар хүртэлх 2,4 км авто зам, Баянзүрх дүүрэг Дүнжингаравын уулзвараас 133 сургууль чиглэлийн 0,7 км авто зам, Сүхбаатар дүүрэг 5 сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх 0,45 км авто замын ажлууд хийгдэж байна.

Энэ онд нийт 125,996 м2 нүхэн эвдрэл засварлахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар төвийн 6 дүүргийн хэмжээнд нийт 80 гудамж замд 55,218 м2 нүхэн эвдрэл засварлаад байна. Ажлын явц 45 хувьтай үргэлжилж байгаа болохыг нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээллээ.

Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Хан-Уул дүүрэг 19 дүгээр хороо Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох зам засварын ажил “Ариг гал” ХХК-тай зөвшилцсөн зам засварын ажил 70 хувьтай үргэлжилж байна. Туул голын гудамжтай холбох, дулааны шугамын таслалтыг бид хүлээж байна. Сонгинохайрхан дүүрэг Эмээлтийн зам засварын ажлын тендерт шалгарсан “Энигма” ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй хоёр жил болж байна. Энэ асуудалтай холбогдуулан бид гэрээ цуцлах мэдэгдлээ өгсөн. Гэрээ цуцлагдсаны дараагаар дахин тендер зарлаж сонгон шалгаруулалтыг ажлыг явуулна” гэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш