logo
Бүгд Найрамдах Латви Улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа

Бүгд Найрамдах Латви Улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа

2024/06/06

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Бүгд Найрамдах Латви Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Улс төрийн газрын захирал Анджейс Виюмсонс нар өнөөдөр “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурж, эцэслэн байгууллаа.

Монгол Улсын Засгийн газрын Агаарын тээврийн либералчлал, Зам, тээврийн хөгжлийн яамнаас дэвшүүлсэн "Хямд тийз-хүртээмжтэй нислэг" зорилтын хүрээнд олон улсын нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлж 45 улсын 156 цэг рүү нислэг үйлдэх боломжтой болголоо.

Хоёр улс хэлэлцээр байгуулсны үр дүнд шууд нислэг үйлдэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Латви болон Хойд Европын хэсэгт оршин сууж буй манай улсын иргэд болон жуулчдад хямд зардлаар ая тухтай нисэх боломж бүрдэнэ.

Мөн манай улсын агаарын тээвэрлэгчид Хойд Европын орнууд руу шинэ нислэгийн чиглэл нээх, аяллын дугаар хамтран ашиглах зарчмаар нислэгийн сүлжээгээ өргөжүүлэх боломж бүрдэж байна.

Түүнчлэн хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал дэмжлэг болно.

Монгол Улс нь Бүгд Найрамдах Латви улстай 1991 онд дипломат харилцаа тогтоосон. Гадаад худалдааны эргэлт 2.3 сая ам.доллар байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш