logo
Гепатитын D вирусний халдвартай иргэдийн эмийн зардлыг улсын төсвөөс хариуцна

Гепатитын D вирусний халдвартай иргэдийн эмийн зардлыг улсын төсвөөс хариуцна

2024/06/07

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Гепатитын D вирусний халдвартай иргэдийн эмийн зардлыг холбогдох хуульд нийцүүлэн улсын төсвөөс хариуцахаар зохицуулан 2024 оны батлагдсан төсвийн багцаасаа шийдвэрлэх, 2025 оноос эхлэн жил бүрийн Улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.

Гепатитын D вирусний халдвар В вирусний халдвартай хавсарч явагддаг бөгөөд дэлхийд гепатитын В вирусний халдвартай хүмүүсийн таван хувь орчимд нь гепатитын D вирусний халдвар хавсарсан байдаг бол Монгол Улсад 36.5 хувь буюу 70 гаруй мянган хүн байдаг нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт юм.

Дэлхий дахинд гепатитын D вирусийг эмчлэх шинэ эмүүдийн нэг бол элэгний эсэд D вирус нэвтрэхийг саатуулах үйлчилгээтэй “Булевиртид” эм юм.

Одоогоор энэ эмийг Европын Холбооны улсад болон Оросын Холбооны Улсад эмчилгээнд ашиглаж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш