logo
Энэ онд 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламжийг шинээр барина

Энэ онд 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламжийг шинээр барина

2024/06/14

БХБЯ болон НЗДТГ хамтран Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээг гаргажээ. Үнэлгээгээр 1966 оны үертэй дүйцэх хэмжээний үер тохиолдоход Туул гол орчмын 3200 га суурьшлын бүсээс эхлээд Төмөр зам, Дунд гол, ТЭЦ-4, Төв цэвэрлэх байгууламж усанд автаж, 34,900 га талбай нэг метрээс дээш гүнтэй усанд автах магадлалтай гэсэн дүгнэлт гарсан байна.  

Тэгвэл Улаанбаатар хотын хэмжээнд 163,6 км үерийн хамгаалалтын далан, суваг, ус хүлээн авах шүүрт худаг 400, замын борооны ус зайлуулах 209 км шугам сүлжээ, хөрсний ус зайлуулах 24.9 км шугам сүлжээ байдаг аж. 

Гэвч эдгээр үерийн хамгаалалтын барилга байгууламж, шугам сүлжээний 67 хувь нь насжилтын хугацаа дууссан байна.

Иймээс үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө 2040”-ийг дөрвөн үе шаттай хэрэгжүүлэхээр болжээ. 

Ингэхдээ 408 км үерийн хамгаалалтын барилга байгууламж, 88.4 км урт ул хөрсний түвшин бууруулах байгууламж, 290 км зам, талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээ барих юм байна.

Энэ онд 22 байршилд үерийн хамгаалалтын 12 км барилга байгууламжийг шинээр барина. Өнөөдрийн байдлаар зургаан байршилд борооны усны шугам, үерийн далангийн засварыг хийжээ. Мөн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дунд голын үерийн хамгаалалтын далангийн угсарч байна.

Түүнчлэн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дунд голын голдирлыг хааж хашаагаа хэтрүүлэн барилга, байгууламж барьж, чингэлэг байршуулсан “Авто терминал трейд” ХХК-тай зөвшилцөн, зөрчлийг арилгуулсан бол Дунд голын бургасан дотор байшин барьсан иргэний зөрчлийг арилгуулахын зэрэгцээ стандартын бус гүүрүүдийг буулгаж, хог хаягдлыг тээвэрлэж байна.

Үүний дараа үерийн хамгаалалтын далан барих, барилга байгууламжийг хүчитгэх ажлуудыг эхлүүлнэ гэж Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XX хуралдаанаар хэлэлцлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш