logo
Бутаны Хаант Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Бутаны Хаант Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2024/06/18

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бутаны Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вецоп Намжил  Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Аянгат лууны орон” Бутаны Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд “Хилэнт эх” хэмээх луу жилд Итгэмжлэх жуух бичгээ анх удаагаа өргөн барьсанд бэлгэшээж буйгаа тэмдэглэж, баяр хүргэж, амжилт хүсэв.

Хоёр орон газар зүйн байршлын хувьд алслагдмал хэдий ч баялаг өв, соёл уламжлал зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нөөц бололцоотойг онцоллоо.

Элчин сайд Вецоп Намжил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 12 жилийн дараа Монгол Улсад хавсран суух анхны Элчин сайдаар томилогдсондоо баяртай буйгаа илэрхийллээ.

Цаашид улс төр, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллахаа хэллээ. Монгол Улс, Бутаны Хаант Улс хооронд 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш