logo
“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээлтээ хийлээ

“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээлтээ хийлээ

2024/07/03

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд нээлтээ хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн илгээсэн мэндчилгээг Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр уншиж сонордууллаа.

Их түүхээ түмэн олондоо сурталчилан таниулахаар алдарт Луврын музей тэргүүтэй Европын томоохон музей, архивын сан хөмрөгт буй дурсгалуудыг эх орондоо дэлгэн үзүүлж буй байгууллага, хамт олонд Ерөнхийлөгч талархал илэрхийлж, цаашид түүх, соёлтой холбоотой дурсгалуудаар олон үзэсгэлэн гаргахыг онцгойлон дэмжихээ илэрхийлжээ.

Ирэх наймдугаар сарын 25-ныг хүртэл хугацаанд дэлгэх үзэсгэлэн нь монголчууд дэлхийд хэрхэн нөлөө үзүүлж, амар амгаланг тогтоон, соёл, худалдаа, эдийн засаг, улс төрийн хувьд хэрхэн өөрчилснийг илтгэх эртний улсуудын түүхтэй холбоотой дурсгалууд, Монголын эзэнт гүрний дурсгал, хаад, түүний угсааныхны дурсгал хэсгээс бүрджээ.

Тухайлбал Монголын эзэнт гүрэн, Ил хант, Юань, Кидан Улстай холбоотой дурсгалуудыг хадгалж буй Луврын музей, Францын Үндэсний Архив, Севрийн Үндэсний Керамикийн музей, Чимэглэлийн Урлагийн музей болон Швейцарийн Ритберг музей, цуглуулагч Сэм ба Мирна Майэрсын цуглуулга зэрэг Европын таван томоохон музей, архиваас татаж авчирсан үзмэрүүдийг толилуулж байна.

Ил хаант, Юань, Кидан Улс, Хүннү үеийн ховор чухал дурсгалууд нь Монгол нутгаас олдоогүй бөгөөд Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын бүх харьяа улсуудын дурсгалуудыг анх удаа нэг дор дэлгэжээ.

Үзэсгэлэнгийн онцлох гол дурсгал нь 1305 онд Ил хаан Өлзийтөөс Францын хаан Гоо Филиппт илгээсэн монгол бичгийн захидал юм. Энэ захидал нь монгол хаадын бичиг соёлын дахин давтагдашгүй үнэт өв, төрт ёсны аугаа уламжлал, монгол бичгийн гайхамшиг, монголын их амар амгаланг бүрэн илэрхийлдэг, үнэлж баршгшй түүхэн баримтад тооцогддог.

Үзэсгэлэнг 2025 оны гуравдугаар сард Прага хот дахь Үндэсний музей, 10 дугаар сард Цюрих хотын Ритберг музей, 2026 онд Берлиний түүхийн музей, Канад, АНУ зэрэг улсад дэлгэхээр төлөвлөж байна.

Өнгөрсөн жил Монгол Улс, БНФУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор Францын Нант хотод дэлгэсэн үзэсгэлэнг зургаан сарын хугацаанд 250 гаруй мянган хүн үзэж сонирхжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш