Монгол Улс Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн “Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалт”-ын үеэр “Өлсгөлөнг зогсооход дэд бүтцийн холболтын гүйцэтгэх үүрэг” сэдэвт тусгай арга хэмжээг энэ долоодугаар сарын 17-ны өдөр Польш, Ботсвана зэрэг улс, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал, Дэлхийн хүнсний хөтөлбөртэй хамтран зохион байгуулав.
Эл арга хэмжээнд Польш Улсын Гадаад хэргийн дэд сайд Якуб Вишневски, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ребека Гринспан, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ерөнхий нарийн бичгийн даргын Тусгай элч Камал Кишор зэрэг өндөр түвшний төлөөлөгч оролцож, хүнсний нийлүүлэлтийн сүлжээг сайжруулж, өлсгөлөнг зогсооход дэд бүтцийн холболтын гүйцэтгэж буй үүргийн талаар санал солилцон, хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, сайн туршлагаас хуваалцав гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.