Драмын театрын урд талаас Багшийн дээдийн уулзвар хүртэл 2а магистралийн 350 мм голчтой шугамыг 530 мм голчтой болгон 950 метр өргөтгөн шинэчлэх дулаан болон цэвэр усны шугамын ажил үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү холбогдох албаныхантай хамт тус байршилд ажиллалаа.
Тэрбээр “Драмын театрын урд талаас Багшийн дээдийн уулзвар хүртэлх 2а магистралийн шугамыг 1960-аад онд татсанаас хойш иж бүрэн шинэчлэлт хийгээгүй. Гэвч Улаанбаатар хотын орон сууц, аж ахуйн нэгж байгууллагын тоо нэмэгдэж, дулааны хэрэглээ өссөнөөс үүдэн тус байршилд хамаарах барилгуудад хангалттай хэмжээнд дулаан дамжуулах боломжгүй болоод байсан юм. Ийнхүү дулааны шугамыг өргөтгөн шинэчилснээр дулааныг бүрэн дамжуулах боломжтой болоод байна. Мөн тус байршилд хонгилын систем нэвтрүүлж буй” хэмээв.
Тэрчлэн зуны улиралд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд тодорхой байршлуудад долоо хоногоос нэг сар хүртэлх хугацаанд халуун ус хязгаарлан дулааны шугам сүлжээг засварладаг. Ингэхдээ замыг сэтэлж, хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хязгаарладаг байсан бол өнгөрсөн жил Бага тойруу, I болон X хороолол чиглэлд хонгилын систем нэвтрүүлснээр тус байршлуудад дахин халуун ус хязгаарлахгүйгээр байнгын ажиллагаатай байх нөхцөл бүрдсэн. Үүнийг үргэлжлүүлэн энэ жил тодорхой байршлуудад хонгилын систем нэвтрүүлж буй. Ингэснээр цаашид 30-40 жилд ахин зам сэтэлж хөндөхгүйгээр засвар, үйлчилгээ болон шугам солих ажлыг хийх боломжтой болж буй.
Ташрамд, Нийслэлийн 18 байршилд 15.6 км дулааны магистраль шугамыг долоодугаар сарын 16-ны өдрөөс шинэчилж эхэлсэн. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 390 гаруй км урттай дулааны шугам сүлжээ байдаг бөгөөд эдгээрийн ихэнх нь 30-60 жилийн насжилттай байдаг. Энэ жил дулааны шугам сүлжээний их засварыг гүйцэтгэхдээ шугам хоолойн хэмжээг өргөтгөж байгаа юм.