Олон улсын Цэргийн спортын зөвлөлөөс зохион байгуулж буй Европ тивийн ноён оргил Эльбрус уулын олон улсын цэргийн авиралтын нээлтийн ажиллагааг 7 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд, ОХУ-ын баатар, хурандаа генерал Юнус-Бек Баматгиреевич Евкуров үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ “Энэхүү чухал арга хэмжээнд 14 орны цэргийн алба хаагчид, тамирчид оролцож байгаа нь найрсаг уур амьсгалыг харуулж байна гэдэгт итгэлтэй байна" гэж онцолж байв.
Мөн уг арга хэмжээнд Кабардин-Балкарын Бүгд Найрамдах Улсын тэргүүн Казбек Коков, Кабардин-Балкарын Бүгд Найрамдах Улсын Спортын сайд Ислам Хасанов, ОХУ-ын Батлан хамгаалахын Биеийн тамир, спортын газрын дарга, хурандаа Андрей Зыков, Олон улсын Цэргийн спортын авиралтын зөвлөлийн техникийн комиссын ерөнхийлөгч, ЦСКА-ийн дарга, хурандаа Артем Громов нар оролцлоо.
Энэхүү уулын авиралтанд Монгол, ОХУ, Оман, Киргиз, Иордан, Эквадор, Афганистан, Намбия, Ирак, Иран, Армени, Зимбабве, Энэтхэг, Бразил зэрэг 14 улсын 45 цэргийн алба хаагч оролцож байна.
Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг олимпийн наадмын нээлтийн өмнө буюу энэ 7 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдрүүдэд уг уулын оргилын авиралт зохион байгуулагдаж явагдах юм. Тус арга хэмжээ нь 2022, 2023 онд Иран улсад зохион байгуулагдсан бол энэ удаад ОХУ-д зохион байгуулагдаж байна.
Цаашид уламжлал болгон бүх тив, улс орнуудад зохион байгуулах арга хэмжээний ач холбогдол нь олон улсын уулын цэргийн алба хаагчид туршлага солилцож, чадавхиа нэмэгдүүлэн, найрсаг харилцааг тогтооход оршиж байна.
Тус авиралтад Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлж Тусгай хүчний цэргийн командлалаас хурандаа Д.Жавхланбаяр, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангиас ахмад Б.Чинзориг, ахлагч О.Ган-Эрдэнэ нар оролцож байна. Багийн ахлагч хурандаа Д.Жавхланбаяр нь Африк тивийн ноён оргил Килиманжаро, Баруун Европын ноён оргил Монт Бланк ууланд авирч байсан туршлагатай цэргийн алба хаагч юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.