logo
Бавуудоржийн Баасанхүү Парисын олимпоос мөнгөн медаль хүртлээ

Бавуудоржийн Баасанхүү Парисын олимпоос мөнгөн медаль хүртлээ

2024/07/29

"Парис 2024" зуны XXXIII Олимпын наадмын жүдо бөхийн төрлийн эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд барилдсан 2024 оны Ази тивийн аварга, Душанбе Их дуулга тэмцээний аварга, Абу-Даби-2024 Дэлхийн  аварга шалгаруулах тэмцээний алтан медальт,  ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн  тамирчин, ОУХМ Бавуудоржийн Баасанхүү мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр C зоонд Мальтийн Е.Катринатай учраа таарч цэвэр, хоёр дахь барилдаандаа Австрийн Кетрингийг цэвэр,  хэсгийн аваргын төлөө Парагвайн Нарваез Габриелатай барилдаж ялсан. Зооны аваргын төлөө Испанийн Мартинез Абелендатай барилдаж нэмэлт цагт ялсан. Улмаар “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, “Доха-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Цунадо Нацумитай олимпын наадмын алтан медалийн төлөө өрсөлдөж, олимпын наадмын мөнгөн медальтан боллоо. 

Б.Баасанхүү нь ийнхүү олимпын мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын 12 дахь тамирчин, жүдо бөхийн спортын түүхэнд 5 дахь мөнгө, эмэгтэй  жүдочдоос олимпын мөнгөн медальтай 2 дахь бөх болж байна.

Тус жинд алтан медалийг Японы тамирчин Цунадо Нацуми, хүрэл медалийг Францын тамирчин Боукли Ширине болон Шведийн тамирчин Тара Бабулфат нар зүүлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш